Ээж та биеэ бодоорой


С.Оюундарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

Эх хүн болох нь эмэгтэй хүний амьдралын хамгийн утга учиртай, бахархам үүргүүдийн нэг билээ. Өглөө боссон мөчөөс эхлэн бидний бүхий л анхаарал гэр бүл, хань ижил, үр хүүхэд болон гэр орны ажлын эцэс төгсгөлгүй үргэлжлэх жагсаалт руу бүрэн шилждэг. Бид хоол ундаа бэлтгэж, хүүхдүүдээ усанд оруулан, гэр орноо цэгцлэх гэх мэт ойр зуурын ажлуудыг амжуулсаар хүн бүрийг бөөцийлж, халамжлахыг хичээдэг. Гэвч энэ бүх бужигнаан дунд бид нэгэн чухал хүнийг умартаж орхидог нь яг үнэндээ “бид өөрсдөө” юм.

Эх хүний хувьд гэр бүлийнх нь хэрэгцээ автоматаар номер нэгт тавигдаж, бидний өөрсдийн хэрэгцээ хамгийн сүүлд бичигддэг нь худал биш. Хайртай хүмүүсээ хайрлаж халамжлах нь л бидний сэтгэлийг дүүргээд өгдөг. Гэсэн ч өөрийгөө байнга сүүлд орхиод байвал бидний сайн сайхан байдалд маш их хор хөнөөлийг авчирдаг гэнэ.

Цаг хугацааны явцад өөрийгөө гаргуунд гаргах нь ядарч туйлдахад хүргэхийн зэрэгцээ ээж байхаас өөр өөрийгөө хэн бэ гэдгийг мартахад хүргэх аюултай. Энэ нь бидэнд урам зориггүй, ачаалалдаа дарагдсан мэт мэдрэмжийг төрүүлж, улмаар хувийн хэрэгцээ, хүсэл эрмэлзлээсээ бүрмөсөн холдоход хүргэдэг байна.

Тиймээс өөртөө цаг гаргаж, өөрийгөө халамжлах нь зүгээр нэг тансаглал биш, харин туйлын хэрэгцээ, шаардлага юм. Өөрийгөө хайрлах нь гэр бүлээ дутуу хайрлахын нэр биш бөгөөд харин сэтгэл зүй, сэтгэл хөдлөл болон бие махбодын эрүүл мэндээ хамгаалахуйц хэмжээнд өөрийгөө үнэлж буйн илрэл билээ. Мөн энэхүү тэнцвэрийг олж чадсан ээжүүд илүү жаргалтай байж, гэр бүлдээ илүү халуун дулаан уур амьсгалыг бэлэглэж чаддаг.

Буруу зүйл хийж байгаа мэт мэдрэмжээ авч хая

Маш олон ээжүүд түрхэн зуур ч болов амсхийж, өөртөө амар амгалан байх мөчийг гаргасныхаа төлөө буруутай мэдрэмж авдаг. Гэвч өөрийгөө халамжлах нь заавал сүржин, өртөг өндөртэй зүйл байх албагүй. Энэ нь намуухан орчинд нэг аяга кофе уух, ганцаараа салхинд богино хугацаанд алхах, эсвэл дуртай хоолоо хийж идэх зэрэг тун энгийн зүйлсээс эхэлж болно.

Та өөрийгөө амиа хичээсэн зүйл хийж байна гэж мэдрэлгүйгээр өөртөө сайхан мэдрэмж төрүүлэх зүйлсийг хийх бүрэн эрхтэй. Өөртөө анхаарал тавьснаар та зөвхөн өөрийнхөө сэтгэл санааг дээрдүүлээд зогсохгүй үр хүүхдэдээ маш зөв үлгэр дуурайлал үзүүлж байгаа хэрэг юм. Үүний ачаар хүүхдүүд өөрийгөө хайрлах нь ямар чухал болохыг ойлгохоос гадна эрүүл, жаргалтай ээж л эрүүл, жаргалтай гэр бүлийг цогцлоодог гэдгийг ухаардаг байна.

Өөрийгөө баярлуулах арга замууд

1. Өдөр бүр өөртөө цаг гаргаж бай

Ердөө 10-аас 15 минут байсан ч хангалттай. Энэхүү багахан хугацаанд та өөрийн амьдралдаа маш том өөрчлөлтийг авчирч чадна. Яг үнэндээ юу ч байсан болно. Ном уншина уу, хөгжим сонсоно уу, зурга зурна уу ямар ч хамаагүй. Таныг өөрийг чинь тайвшруулж чадах зүйлийг сонгоорой.

2. Биеэ хөдөлгө

Дасгал хөдөлгөөн гэдэг зөвхөн жингээ хасах гэж хичээж буй хүмүүст зориулагдсан эд биш. Харин эерэг, өөдрөг мэдрэмж мэдрэхийг хүссэн хүн бүрд тохиромжтой зүйл юм. Үүнд хэсэг зуур агаарт алхах, фитнест явах, иогоор хичээллэх зэргийг оруулж болно.

3. Өөрийгөө эрхлүүл

Маш удаан хугацааны туршид авахыг хүсэн нүд унагааж байсан арьс арчилгааны бүтээгдэхүүн, хувцас, амттан, үнэт эдлэл гээд бүгдийг нь ав. Хумсны салонд оч... Эсвэл зүгээр л үсээ самнаад өмнө нь туршиж байгаагүй загвараар үсээ ороо. Өөрийгөө ийнхүү эрхлүүлж буй жижиг үйлдэл таны сэтгэл зүйн байдлыг маш өндөрт аваачих чадамжтай.

4. Найзуудтайгаа холбоотой бай

Амьдралд хүнд хэцүү зүйл тулгарахад бидэнд хамгийн их нөмөр нөлөөг өгч чаддаг хүмүүс бол яах аргагүй найз нөхөд байдаг. Бидэнд заримдаа нөхөртөө хэлж чадахгүй, ээж аав, ах дүү нарын ойлгохгүй асуудлууд тулгардаг шүү дээ. Тиймээс найзуудтайгаа цагийг өнгөрөөхөөс хэзээ ч битгий татгалзаарай. Зүгээр л энгийн утсаар залгалт байж ч болно.

5. Хоббитой бол

Зураг зурах, хөгжим тоглох, чихрийн цаас цуглуулах, цэцэг тарих эсвэл шинэ зүйлс сурах гээд хоббигоор сонгох боломжтой маш олон хөгжилтэй зүйлс байгаа.

6. Тусламж хүс

Та бүгдийг ганцаараа хийх шаардлагагүй. Хэрэгтэй бол нөхрөөсөө, гэр бүлээсээ, найзуудаасаа тусламж хүсээрэй. Хийх ёстой ажлыг бусадтай хуваалцлаа гээд та муу ээж болчихгүй. Харин ч ухаалаг ээж болгож хувиргана.

Эрүүл ээж, эрүүл гэр

Өөртөө анхаарал тавина гэдэг өөрийгөө бодсон, аминч үйлдэл биш. Энэ бол заавал байх ёстой, амьдралын тана салшгүй нэг хэсэг юм. Өөртөө цаг гаргаж эхэлсэн тэр л үеэс та гэр бүлийнхээ уур амьсгалыг илүү гэрэлтэй, эрүүл болж байгааг анзаарах болно. Эцсийн эцэст эх хүн та үүнийг хүртэх бүрэн эрхтэй юм шүү дээ.

Эх сурвалж: Anchor Point

#healthy