
Meta компани шинэ төрлийн ухаалаг нүдний шилний загвараа танилцууллаа. “Meta Glasses” нэртэй энэхүү бүтээгдэхүүн нь $299-ийн үнэтэйгээр худалдаанд гарах бөгөөд өмнөх Meta-ийн ухаалаг шилнүүдээс ялгаатай нь Ray-Ban эсвэл Oakley брэндтэй хамтран үйлдвэрлэгдээгүй байна.
Энэхүү шинэ Meta Glasses нь өнөөдрөөс эхлэн хэд хэдэн улс оронд худалдаалагдаж эхэлсэн бөгөөд өнгө болон линзийн олон сонголттойгоор хэрэглэгчдэд хүрч байна.
Meta компани сүүлийн жилүүдэд wearables буюу зүүж болдог төхөөрөмжийн зах зээл рүү илүү хүчтэй орж ирж байгаа билээ. Энэ чиглэлийн өрсөлдөөн олон улсад улам ширүүсч байна. Counterpoint Research-ийн мэдээлснээр Meta болон EssilorLuxottica брэндүүд нь энэ зах зээлийн 80 гаруй хувийг эзэлж эхэлжээ.

Шинэ шилнүүд нь дэлгэцгүй боловч камер болон суурилуулсан чанга яригчтай. Түүнчлэн нэг тусгай товчлууртай бөгөөд анхдагч тохиргоогоороо Meta AI туслахыг ажиллуулдаг. Хэрэглэгч уг товчлуурыг өөрийн хүссэн функцэд тохируулах боломжтой аж.
Meta-ийн мэдээлснээр эдгээр шил нь наймаас дээш цагийн зай барих хүчин чадалтай ба цэнэглэгч кейсийг нь нэмэлтээр 40 цаг хүртэл ашиглах боломжтой.
Шинэ цувралд хэд хэдэн загвар багтжээ. Тухайлбал Meta Adventurer гэх загвар нь нь тэгш өнцөгт хэлбэртэй, стандарт болон том хэмжээтэйгээр гарч байна. Харин Meta Fury загварын хувьд илүү булантай, эрэгтэй загварын шилний хэв маягийг илэрхийлдэг. Хамгийн онцлох загвар нь Meta Glasses by Kylie бөгөөд Америкийн модель Kylie Jenner-тай хамтран бүтээсэн нарийн зууван хүрээтэй загвар юм.
Мөн Meta компани эдгээр нүдний шилэнд системчилсэн AI туслахаа танилцуулав. Үүнд өдөр тутмын дасгал хөдөлгөөний оноо, ойролцоох ресторан санал болгох зэрэг асуултад хариулах, хэрэглэгчийн харж буй орчныг таних, өдөр тутмын ажилд туслах боломжтой гэж мэдэгджээ.
Цаашлаад дараа дараагийн загваруудад нь “Pedestrian navigation” буюу явган зорчигчдод зориулсан чиглэл заах функц нэмэгдэнэ. Үүгээр дамжуулан алхах чиглэлээ шууд шилнээсээ харах боломжтой болох юм. Мөн 14 шинэ хэлний орчуулаг нэмэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн дунд япон, хятад, хинди, солонгос хэл багтжээ.
Энэхүү шинэ бүтээгдэхүүн нь Snap компаний $2,195 үнэтэй худалдаанд гарсан Specs нэртэй ухаалаг шил танилцуулснаас ердөө долоо хоногийн дараа гарч байна.
Эх сурвалж: Techcrunch
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!