Зуныг урлагаар хөглөх нь: 6-р сард амжиж үзэх онцлох 5 үзэсгэлэн


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

Зуны налгар өдрүүдэд найз нөхөд, гэр бүлээрээ тухлан саатаж, сэтгэлийн цэнгэл эдлэх хамгийн таатай орон зай бол урлагийн галерей билээ. Яг одоо хотын галерейнуудад дэлгэгдэж буй, 6-р сарыг дуусгахаас өмнө амжиж үзэх уран зураг болон фото зургийн үзэсгэлэнгүүдийг танилцуулж байна.

1. Улаанбаатар болон Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “БИЕ БИЕДЭЭ ТУСАХ ГЭРЭЛ” үзэсгэлэн

Дэлхийн томоохон хотуудаар (Берлин, Торино, Бангкок г.м) аялсан “Соёлт хот Гвангжу” олон улсын төсөл энэ жил Улаанбаатар хотноо гарч байна. БНСУ-ын Гвангжу хотын уран зургийн музей болон Монголын уран зургийн галерейн хамтарсан энэхүү үзэсгэлэнд хоёр улсын орчин үеийн урлагийн төлөөлөл болсон 12 уран бүтээлчийн 30 гаруй шилдэг бүтээл дэлгэгджээ. Эндээс та уламжлалт уран зураг, медиа арт болон технологийн гайхамшигт хослолыг нэг дор мэдрэх болно.

Уран бүтээлчид:

  • Г.Гэрэлхүү: Нүүдэлчдийн түүхэн олдворыг анимэ, манга соёлтой сүлсэн өвөрмөц "хайбрид" мэдрэмж бүхий том хэмжээний бүтээлүүд,
  • Пак Сан Хва: Проекцын мэппинг технологиор үзэгчдийг дотроо уусгах “Агаарын видео цэцэрлэг” болон "Хиймэл оюун ухаан (AI) байгальтай ойлголцож чадах уу?" гэх асуултыг дэвшүүлсэн инсталляци,
  • Й.Төгөлдөр: Танка зургийн өвийг орчин үеийн урлагтай хослуулсан, Венецийн биенналь (2026)-д оролцогчийн дотоод ухамсрыг ухсан “Зүүдний археологи” цуврал,
  • И И Нам: 2025 оны АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын гол талбайг чимж байсан, уламжлалт зургийг хөдөлгөөнт медиа арт болгон амилуулсан мастерын бүтээлүүдийг үзэх боломжтой.

Зохион байгуулагчдын зүгээс: "Хоёр улсын уран бүтээлчид өнөө цагийн нийгэм, соёлын өөрчлөлт, хувь хүний дотоод ертөнцийг юу гэж мэдэрч, бодож буйгаа хоорондоо хуваалцаж буй нь энэ үзэсгэлэнгийн хамгийн чухал үнэ цэнэ" хэмээн онцолсон юм.

Хэзээ: 2026 оны 6-р сарын 25-ныг дуустал (09:00-18:00)
Хаана: Монголын Уран зургийн галерей

2. Ц.Билгүүн-Очирын бие даасан “Гүн / The Depth” үзэсгэлэн

Италийн Перужиа хотын Дүрслэх урлагийн академид магистрантаар суралцаж буй залуу уран бүтээлч Ц.Билгүүн-Очир эх орондоо өөрийн шинэ ертөнцийг дэлгэж байна. Тэрээр 2025 онд Италид “Тал нутгийн төрхүүд” нэртэй анхны бие даасан хөрөг зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан бол, энэ удаа тэс өөр өнгө аястай “Гүн” үзэсгэлэнгээ толилуулахад бэлэн болжээ.

Энэхүү үзэсгэлэн нь уран бүтээлчийн дотоод мэдрэмж, энерги, зөн совингоос урган гарсан 12 абстракт бүтээлээс бүрдэх бөгөөд урьдчилан төлөвлөөгүй, чөлөөт эрэл хайгуулын явцад бүтсэнээрээ онцлог юм.

Үзэсгэлэнгийн гол санаа: "Гүн" нь зөвхөн уран бүтээлчийн дотоод орон зайг өгүүлэх бус, харин бүтээлүүдтэй учран золгож буй үзэгч бүрийг өөрийн дотоод гүн рүү өнгийх, өөртэйгөө ярилцах сонирхолтой боломжийг олгож байна.

Нээлт: 2026 оны 6-р сарын 24-ний 17:00 цагт

3. Монголын урлагийн "Эрх чөлөөний арал": “ДУДС-76” үзэсгэлэн

Социализмын хаалттай нийгмийн үед ч чөлөөт сэтгэлгээний ундарга, урлагийн залуусын “эрх чөлөөний арал” гэгддэг байсан Дүрслэх Урлагийн Дунд Сургуулийн (ДУДС) 1972-1976 оны төгсөгчдийн 50 жилийн ойн ховорхон үзэсгэлэн дэлгэгдлээ.

Арван тав, зургаахан настай зураач болох хүсэлтэй охид, хөвгүүд эдүгээ 70 гарсан эрч хүчтэй, Монголын дүрслэх урлагийн түүхийг бичилцсэн амьд домог, ахмад үеийнхэн болжээ. Энэхүү үзэсгэлэн бол зүгээр нэг зургийн цуглуулга биш, Монголын урлагийн "алтан үе"-ийнхний хагас зуун жилийн түүх, нандин дурсамжийн тайлал юм.

Төгсөгчдийн дурсамжаас: "Хаалттай нийгэмд цэцэрлэгийн жижиг шар байшинд байрладаг байсан манай сургууль бидний хүсэл мөрөөдлийн эрх чөлөөний арал байлаа. Бид эндээс дүрс, өнгө, зохиомжийг захирах ухаанд суралцсан."

Хэзээ: 2026 оны 6-р сарын 21-нээс 6-р сарын 30-ныг дуустал
Хаана: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-1, Монголын Урчуудын Эвлэлийн АРТ ГАЛЕРЕЙ.
Холбоо барих утас: 11327474

4. Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн

Монголын орчин үеийн дүрслэх урлагийн түүчээлэгч, нэрт уран бүтээлч Жалхаажавын Мөнхцэцэг өөрийн шинэ бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байна. Тэрээр хориод жилийн турш тууштай судалсан "зээр" хэмээх сэдвээ 2025 онд Сүхбаатар аймагт орчин үеийн бүжгийн төсөл болгон амилуулж байсан бол, энэ удаа тэрхүү үзэл санаагаа уран зураг, коллаж, баримал, видео инсталляц хосолсон цогц үзэсгэлэн болгон ХААН галерейд дэлгэжээ.

Энэхүү үзэсгэлэн нь зөвхөн гоо зүйн таашаал өгөхөөс гадна Монгол орны зүүн бүс нутагт тулгамдаж буй экологийн асуудлыг урлагийн хэлээр маш өвөрмөцөөр хөндсөнөөрөө онцлог.

  • Экологийн дуу хоолой: Хүний үйл ажиллагаа, дэд бүтэц, бүтээн байгуулалтаас шалтгаалан цагаан зээрийн тоо толгой буурч, амьдрах орчин нь хумигдаж буйг зүрхэнд тустал мэдрүүлнэ.
  • Зүүдний шинэ тайлал: Энд зүүдийг зөвхөн нойрсох үеийн үзэгдэл биш, харин газар нутаг, бие махбод, дурсамжид хадгалагдан үлдсэн дүрслэл хэмээн илэрхийлжээ.
  • Олон төрлийн медиа хослол: Тосон зураг, хүрэл болон зөөлөн баримал, видео арт зэрэг олон төрлийн техникийг ашигласан тул уйдах завгүй үзэх болно.

Үзэсгэлэнгийн гол уриалга: "Бэлэн хариулт өгөхөөс илүүтэйгээр тал нутгийн үл үзэгдэх түүхүүдийг төсөөлөн бодох, эх дэлхийтэйгээ зохицон амьдрахын утга учрыг дахин нэг удаа тунгаах орон зайг үзэгчдэд нээж өгч байна."

Хэзээ: 2026 оны 7-р сарын 15-ныг хүртэл (Ажлын өдрүүдэд 10:00–18:00)
Хаана: ХААН Банк цамхгийн 3-р давхар, ХААН галерей
Такс: Үнэ төлбөргүй

5. “Хөгжилд түүчээлсэн он жилүүд” баримтат гэрэл зургийн үзэсгэлэн

Орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний 105 жилийн ойн түүхт ой хаяанд иржээ. Энэхүү ойн хүрээнд тус байгууллагын түүхэн замнал, хөгжил дэвшил, алба хаагчдын амьдралын онцлох 105 түүхэн үйл явдлыг түүвэрлэн харуулсан “Хөгжилд түүчээлсэн он жилүүд” гэрэл зургийн үзэсгэлэн Монголын Уран Зургийн Галерейд нээлтээ хийлээ. Зөвхөн нэг байгууллагын түүх бус, Монгол Улсын орчин цагийн түүх, хууль эрх зүйн салбарын хувьсал хөгжлийг баримтат гэрэл зургийн хальснаас харах сонирхолтой боломж юм.

Зохион байгуулагчдын зүгээс: "Энэхүү үзэсгэлэн нь байгууллагын 105 жилийн түүхэн ололт амжилтыг олон нийтэд таниулах, үе үеийн алба хаагчдын хичээл зүтгэлийг алдаршуулах зорилготой" хэмээн онцлов.

Хэзээ: 2026 оны 6-р сарын 22-ноос 6-р сарын 24-нийг дуустал
Хаана: Norphei Art Gallery

#art