ChatGPT-ийн AI зах зээлд эзлэх хувь анх удаа 50 хувиас доошиллоо


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

ChatGPT анх гарсанаас хойш гурван жил хагасын хугацаа өнгөрчээ. Өнөөдөр AI чатботуудыг дэлхий даяар сая сая хүн ашиглаж байгаагийн зэрэгцээ өрсөлдөөний талбар ч маш хурдтай өөрчлөгдөж байна. OpenAI-ийн ChatGPT нь одоогоор дэлхийд хамгийн алдартай AI туслах хэвээр байгаа ч хэрэглэгчид Google-ийн Gemini, Anthropic-ийн Claude, xAI-ийн Grok зэрэг бусад хувилбарууд руу шилжих нь ихэссэнээр ChatGPT-ийн зах зээлд эзлэх хувь түүхэндээ анх удаа 50%-иас доош орлоо.

Гэхдээ тавдугаар сард ChatGPT хэрэглэгчдийн өсөлт өндөр байсан ба энэ сард тус платформын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 1 тэрбумд хүрч, түүхэн дэх хамгийн хурдан өссөн аппликейшнаар тодорсон юм. OpenAI өөрөө долоо хоног тутмын идэвхтэй хэрэглэгчээ тоолдог бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард энэ тоо 900 сая байв. Харин одоо ChatGPT сар бүр 1.1 тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэйгээр дэлхийд тэргүүлж байгаа бол араас нь Gemini 662 сая, Claude 245 сая хэрэглэгчтэйгээр удаалж байна.

Өрсөлдөөн ширүүсэж, зах зээлийн хуваарилалт өөрчлөгдөв

Энэ оны нэгдүгээр сар хүртэл ChatGPT зах зээлийн 50 гаруй хувийг дангаараа эзэмшиж байсан бол тавдугаар сарын сүүл гэхэд энэ үзүүлэлт 46.4% болж буурчээ. Үүнд Gemini 27.7% болон Claude 10.3%-ийг тус тус эзэлж эхлэн хүчтэй нөлөөлсөн байна. Харин Grok, Perplexity, DeepSeek, Meta AI зэрэг бусад туслахууд нийлээд зах зээлийн 5%-д хүрэхгүй хувийг эзэлж байна.

Хэрэглэгчид нэг туслахаас нөгөө рүү амархан шилжих хандлагатай болсныг уг тайлан харууллаа. Тодорхой үйл явдлууд үүнд гол хөдөлгөгч хүч болж байна. Тухайлбал, хоёрдугаар сард OpenAI компани АНУ-ын Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулсны дараа аппликейшныг устгах тохиолдол огцом өссөн байна. Үүнээс үзэхэд хэрэглэгчид зөвхөн технологийн функцүүдийг харахаас гадна брэндийн нэр хүнд, үнэт зүйлийг чухалчилдаг болжээ.

Gemini-ийн өсөлт нь Google-ийн экосистемтэй шууд холбоотой бол, Anthropic компанийн Claude нь бүтээмж өндөр, ажлын хэрэгцээнд хамгийн тохиромжтой гэсэн нэр хүндийг олж авснаар ChatGPT-тэй адил хэрэглэгчээ тогтоон барих түвшинд тун ойрхон иржээ.

AI салбар дахь ашиг орлогын өрсөлдөөн

2026 оны эхний хагас жилийн байдлаар хэрэглэгчид AI аппликейшнуудыг 2.3 тэрбум орчим удаа татан авч нийт 4.2 тэрбум ам.доллар зарцуулах төлөвтэй байна. Энэ нь 2025 оны эхний хагаст 1.83 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад асар их өсөлт бөгөөд тус салбар зүгээр нэг хэрэглэгчийн тоо хөөцөлдөх бус бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэхшат руу шилжсэнийг илтгэж байна.

Гэсэн хэдий ч татан авалт болон борлуулалтын өсөлтийн хурд саараад байгаа нь зах зээл тогтворжиж, төлөвшиж эхэлсний дохио юм.

Бүс нутгийн ялгаа: Ази тивийн AI апп татан авалт 2026 оны I улиралд анх удаа 3.3%-иар буурсан нь Хятад, Энэтхэгийн зах зээлийн уналтаас шалтгаалжээ. Ази тив татан авалтаараа дэлхийг тэргүүлдэг ч апп доторх худалдан авалтаар Хойд Америк болон Европын ард бичигдэж байна.

Төлбөртэй үйлчилгээ: АНУ-ын хэрэглэгчид AI туслахыг ажлын бүтээмжид түлхүү ашиглаж, премиум төлбөртэй үйлчилгээнд мөнгө харамгүй зарцуулж байна. Энд Anthropic-ийн Claude бусдаас ялгарч байгаа бөгөөд Claude-ийн нийт хэрэглэгчдийн 13% нь төлбөртэй захиалга ашигладаг нь салбартаа хамгийн өндөр үзүүлэлт юм.

"Sensor Tower"-ийн тооцоолсноор AI апп-д зарцуулсан нийт хугацаа 2025 оны эхний хагаст 17.2 тэрбум цаг байсан бол 2026 оны мөн үед 36 тэрбум цаг болж өсөх аж. Дээрх шилдэг гурван туслах (ChatGPT, Gemini, Claude) нийт цагийн 89%-ийг дангаараа эзэлж байна.

Түүнчлэн ChatGPT худалдан авалтын системтэй холбогдож, Target, Walmart, Costco зэрэг жижиглэн худалдааны аварга компаниуд руу хэрэглэгчдийг чиглүүлж эхэлжээ. Харин ChatGPT-ийн хайлтын роботуудыг блоколсон Amazon компани энэ урсгалаас хоцорч, тэндээс ирэх хэрэглэгчдийн тоо нь зогсонги байдалд орсон байна.

Энэхүү орон зайг бусад компаниуд ухаалгаар ашиглаж байна. Walmart өөрийн платформдоо "Spark" хэмээх AI туслахыг нэгтгэснээр борлуулалтаа нэмэгдүүлж чаджээ. Amazon-ы хувьд өөрийн "Rufus" туслахын хэрэглэгчдийн өсөлт тааруу байгаа ч Rufus-ийг ашигласан хэрэглэгчид апп дотор илүү их цаг зарцуулж, худалдан авалт хийх магадлал нь өндөр байгааг Sensor Tower онцоллоо. Энэ нь платформ дээрх хиймэл оюун ухаан хэрэглэгчийн худалдан авах зан төлөвт бодитоор нөлөөлж чаддагийн илрэл юм.

#AI