

YouTube хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн эсвэл засварлагдсан бичлэгүүдийг цаашид автоматаар таньж, тодоор харуулах шинэ систем нэвтрүүлж байгаагаа зарлалаа. Өмнө нь контент бүтээгчид өөрсдөө AI ашигласан эсэхээ мэдээлэх үүрэгтэй байсан бол одоо платформын дотоод систем өндөр түвшний бодит мэт AI дүрслэл илрүүлсэн тохиолдолд автоматаар тэмдэглэгээ байрлуулах юм.
Мөн AI тэмдэглэгээнүүдийг хэрэглэгчдэд илүү тод харагдахуйц байдлаар шинэчилж байгаа бөгөөд урт хэмжээний бичлэг болон Shorts контент дээр шууд харагдах болно.
YouTube анх хоёр жилийн өмнө AI контентын бодлогоо шинэчилж, контент бүтээгчдээс AI ашигласан эсэхээ мэдээлэх хэсэг нэвтрүүлсэн. Энэ нь бодит хүн, газар, үйл явдалтай андуурагдаж болзошгүй контентод хамаарч байсан бол илт уран зөгнөлт, хүүхэлдэйн төрлийн дүрслэлүүд заавал тэмдэглэх шаардлагагүй байжээ.
Компанийн мэдээлснээр AI контентын бодлого өөрчлөгдөөгүй ч YouTube платформ дээрх контентод илүү идэвхтэй хяналт тавих болсон байна. Энэхүү шинэчлэл нь Google компанийн саяхан танилцуулсан Gemini Omni гэх олон төрлийн өгөгдөл боловсруулах чадвартай AI загваруудтай холбоотой гэж үзэж байна. Тус загварууд нь физик, соёл, түүх, шинжлэх ухааны ойлголтыг тусгасан өндөр чанартай видео бүтээх илүү дэвшилтэт технологийг гаргаж байгаа юм.

Тавдугаар сараас эхлэн YouTube дотоод таних систем ашиглан AI-аар үүсгэсэн контентыг илрүүлж, автоматаар тэмдэглэгээ хийх юм. Гэсэн ч бүтээгчид AI ашигласан талаарх мэдээллээ өөрсдөө оруулах үүрэг хэвээр үлдэнэ. Хэрэв тэд үүнийг орхигдуулбал YouTube автоматаар тэмдэглэгээ нэмэх байна.
Мөн YouTube-ийн өөрийн AI хэрэгслүүд болох Veo болон Dream Screen ашиглан бүтээгдсэн бичлэгүүдийн AI тэмдэглэгээг устгах боломжгүй гэж компани мэдэгдэв. Харин буруу танигдсан контентын хувьд бүтээгчид мэдээллээ шинэчлэх боломжтой байна.
Түүнчлэн C2PA metadata агуулсан, бүрэн AI-аар бүтээгдсэн контентууд байнгын тэмдэглэгээтэй байх бөгөөд энэ стандартын хүрээнд OpenAI, Nvidia зэрэг компаниуд нэгдээд байгаа юм.
YouTube мөн AI deepfake илрүүлэх системээ өргөжүүлж, одоо насанд хүрсэн хэрэглэгч бүр өөрийн нүүр царайтай төстэй бичлэгийг платформоос хайх боломжтой болсон байна. Өмнө нь энэхүү системийг зөвхөн алдартнууд, улс төрчид болон контент бүтээгчдийн хүрээнд туршиж байжээ.
Шинэчлэлийн хүрээнд AI тэмдэглэгээнүүдийн байршлыг өөрчилсөн байна. Өмнө нь эдгээр мэдээлэл бичлэгийн тайлбар хэсэгт харагддаг байсан бол одоо урт хэмжээний бичлэгийн хувьд видео тоглуулагчийн доор, Shorts дээр шууд дэлгэцэн дээр харагдах юм.
Харин бага зэрэг AI засвар орсон, эсвэл илт уран зөгнөлт контентын тэмдэглэгээ зөвхөн дэлгэрэнгүй тайлбар хэсэгт үлдэнэ.
YouTube-ийн мэдээлснээр AI тэмдэглэгээ нь тухайн бичлэгийн санал болголт, хандалт эсвэл мөнгө олох боломжид нөлөөлөхгүй. Сүүлийн жилүүдэд YouTube AI технологид идэвхтэй хөрөнгө оруулж байгаа бөгөөд үүнд Ask YouTube хайлтын функц, YouTube Music-ийн playlist үүсгэгч, AI видео хураангуй болон generative AI бүтээлч хэрэгслүүд багтаж байна.
Эх сурвалж: Techcrunch
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!