Өнөөдөр ганц бие хүмүүсийн өдөр


Т.Онон | YOLO.MN
2026-04-14

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 14-нд Солонгос улсад ганц бие хүмүүс хар хувцас өмсөж, хар соустай гоймон идэн бие биетэйгээ гунигаа хуваалцдаг.

Ганц бие хүмүүст зориулсан “Хар өдөр” хэмээн нэрлэгддэг энэ баяр нь Валентины баярын сурталчилгаануудын дунд үүссэн юм.

Валентины баяр Эртний Ромоос гаралтай ч шоколад өгдөг хэлбэр нь 1930-аад онд Японд үүсжээ.1960-1970-аад онд Япон болон Өмнөд Солонгост өргөн дэлгэрсэн.

Тэр үед шоколад үйлдвэрлэгчид энэ баярыг ашиглан бүтээгдэхүүнээ борлуулах болсон бөгөөд ингэснээр Япон, Солонгост эмэгтэйчүүд 2-р сарын 14-нд эрэгтэй найз нөхөд болон хайртай хүндээ шоколад бэлэглэдэг уламжлал бий болсон.

1978 онд өөр нэг ухаалаг үйлдвэрлэгч 3-р сарын 14-нийг “Цагаан өдөр” болгон зарлаж, эрэгтэйчүүд хайртай хүндээ зефир болон цагаан шоколад бэлэглэх өдөр болгожээ.

Солонгосчууд энэ баяруудыг улам хөгжүүлж, дөрөвдүгээр сарын 14-нийг сингл хүмүүсийн “Хар өдөр” болгон зарласан.

Өнөөдөр энэ баяр өргөн дэлгэрч, хар хувцас өмссөн сингл хүмүүс жажанмён (хар соустай гоймон) идэж, хар кофе ууж цуглардаг болсон бөгөөд үйлчилгээний газрууд тусгай урамшуулал, жажанмён идэх тэмцээн зохион байгуулдаг байна.

#ганц бие хүмүүсийн өдөр