“The Drama” кино яг үнэндээ юуны тухай вэ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Киноны эхэндээ энгийн л нэг романтик инээдмийн кино шиг: Залуу бүсгүйтэй танилцана. Залуу гэрлэх санал тавина. Бүсгүй зөвшөөрнө. 

Чарлид Роберт Паттинсон, Эммад Зендаяа тоглох бөгөөд тэдний жүжиглэлт маш хүчтэй.

Залуу анх кафед бүсгүйд сээтэгнэх гэж байгаад эвгүй байдалд орно. Охины уншиж буй номыг Google-с утгыг нь хайж, өөрийн дуртай ном мэт жүжиглэнэ. Гэтэл бүсгүйн нэг чих нь дүлий, нөгөө чихэндээ чихэвчтэй тул түүний “ухаантай харагдах” оролдлогыг сонсохгүй. Энэ бол тэдний “танилцсан түүх”.

Дараа нь хуримын хоол, дарс турших үеэр тэд найзуудтайгаа тоглоом тоглоно: “Чиний хийж байсан хамгийн муу зүйл юу вэ?” Хариултууд ээлжилнэ. Гэтэл Эмма өөрийнхөө түүхийг ярихад  “хамгийн муу” гэдэг утгаараа тэр шууд “ялна”.

Энэ мөч бүхнийг өөрчилнө.

Түүний илэн далангүй хэтэрхий үнэнч байдал нь өрөөн доторх бүх хүний, мөн үзэгчдийн түүнийг харах өнцгийг өөрчилнө. Түүнээс хойш кино романтик биш, харин “cringe” мэдрэмж рүү шилжинэ. Хосуудын харилцаа, найз нөхдийн холбоо бүгд эвдэрч эхэлнэ. Чарли Эммаг өөр нүдээр харж эхэлнэ. Одоогийн нь биш, өнгөрсөнд байсан дүрээр нь. 

Эндээс кино “зөв үү буруу юу?” гэдэг асуултыг тавина: энэ нь зоригтой бүтээл үү, эсвэл зүгээр л цочирдуулах гэж хэтрүүлсэн зүйл үү?

Эцэст нь хуримын өдөр ирнэ, гэхдээ энэ нь огтхон ч мөрөөдлийн мэт биш. Гэхдээ энэ кино хуримын тухай биш.

Үнэндээ The Drama юуны тухай вэ гэвэл:

  • Хэн нэгний тухай үнэн мэдэхэд бид яаж хариу үйлдэл үзүүлдэг вэ
  • Зарим зүйлсийг ойлгох ч, ярилцах ч бараг боломжгүй байдаг
  • Хүмүүсийн дотоод ертөнц хичнээн төвөгтэй вэ
  • Бид хамтрагчаа ч, өөрсдийгөө ч бүрэн мэддэггүй

Кино нэг асуулт асуудаг: Хүний “хэтэрсэн” гэж хэлэх цэг яг хаана байдаг вэ? Энэ асуултыг үзэгчдэд эргэцүүлэхэд хүргэхийн тулд кино өөрөө “хэтрэх” гэж оролддог. Тиймээс жинхэнэ драм нь дэлгэцэн дээр биш  харин үзэгчдийн дотор өрнөдөг.

#The Drama