Дораэмоны найруулагч Цутому Шибаяама 84 насандаа таалал төгслөө


С.Оюундарь | YOLO.MN
УРЖИГДАР

03 сарын 16-ны өдөр аниме бүтээгч компани болох “Ajiado”-ийн албан ёсны цахим хуудаснаас компаний хуучин ерөнхийлөгч, захирал байсан Цутому Шибаяама-г 03 сарын 06-ны өдөр уушгины хорт хавдраас болоод нас барсан тухай мэдээлжээ. Тэрээр 84 настай байсан юм.

Ajiado “Манай компаний бүх ажилчдын зүгээс та бүгдэд түүнийг амьд байх хугацаанд халуун дулаан дэмжлэгээ үзүүлэн, сайхан сэтгэлээр хандаж байсанд чин сэтгэлээсээ талархаж байна.”

“Талийгаачийн гэр бүлийн хүсэлтийн дагуу түүний оршуулах ёслолыг олны нүднээс холуур, зөвхөн ойр дотнынхон нь л очиж болох нууцлалтайгаар хийсэн. Ajiado хэсэг хугацааны дараа түүний дурсгалд зориулсан үйл ажиллагааг зохион байгуулна. Уг үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүх зүйл бэлэн болж, төлөвлөгдсөний дараа та бүгдэд мэдэгдэх болно” гэжээ.

Шибаяама нь 1963 онд “Toei Animation”-д мэргэжлийн хүүхэлдэйн кино бүтээгчээр орж ажлын гараагаа эхлүүлсэн байдаг. Дараа нь тэр 1966 онд A Production (1976 онд Shin-Ei Animation болж нэрээ өөрчилсөн)-д хүүхэлдэйн киноны найруулагчаар ажилласан бөгөөд The Gutsy Frog (1972-1974) болон Tensai Bakabon (1972-1977) зэрэг бүтээлүүдийг найруулсан.

The Gutsy Frog

Tensai Bakabon

1978 онд тэрээр Shin-Ei Animation-ыг орхин Осаму Кобаяаши, Мичиширо Ямада нартай хамтран Ajiado-г үүсгэн байгуулжээ.

Шибаяама 1984–2005 онд “Дораэмон” телевизийн аниме цувралын ерөнхий найруулагчаар ажиллахын зэрэгцээ жил бүр нийт 22 бүрэн хэмжээний “Дораэмон” киног найруулсан. Үүнд “Дораэмон: Нобита ба усан доорх чөтгөрийн цайз” (1983)-аас “Дораэмон: Нобита Ван-Нян цаг хугацааны сансрын аялалд” (2004) хүртэлх бүтээлүүд орно.

Түүнчлэн тэрээр хүүхдэд зориулсан олон аниме бүтээлүүд дээр найруулагч болон ерөнхий найруулагчаар ажилласан бөгөөд үүнд “Chibi Maruko-chan” (1990–1992), “Nintama Rantaro” (1993–2012), “Majime ni Fumajime Kaiketsu Zorori” (2006–2007) зэрэг багтана.

Chibi Maruko-Chan

Nintama Rantaro

Majime in Fumajime Kaiketsu Zorori

2012 онд тэрээр Японы Соёлын хэргийн агентлагаас олгодог насан туршийн гавьяаны шагналыг хүртсэн бөгөөд уг шагнал нь Японы кино урлагийг удаан хугацаанд дэмжсэн хүмүүст олгогддог.

Эх сурвалж: Crunchyroll

#Цутому Шибаяама