

Та бидэнд ухаарал хайралж, урам өгсөн 2025 он хэдхэн цагийн дараа өндөрлөх гэж байна. Энэ онд дуучид маань уран бүтээлийн олз омог арвинтай байж, дэлхийн уран бүтээлчид гэдгээ ч батлан харуулсан бахдам амжилттай байна. Үүний хамгийн том илрэл нь Казакстан Улсад зохион байгуулагдсан “Silk Way Star” олон улсын тэмцээний тэргүүн байр Ж.Мишээл юм. Тэрээр энэхүү тэмцээнд тун амжилттай оролцсон билээ. Мөн монголчууд байтугай дэлхий дахинаа хэдэн зуун сая сонсогчдыг байлдан дагуулж буй “The Hu” хамтлагийг ч мартаж болохгүй.
Тэгвэл энэ жил монголын уран бүтээлчид маань ямар шинэ содон сонирхолтой дуугаар шүтэн бишрэгч, сонсогчдоо баярлуулсан бол? Ингээд Yolo.mn сайтын уншигч та бүхэндээ энэ онд олны хүртээл болж, Youtube платформ дээр хамгийн өндөр хандалт авсан 15 монгол дууны жагсаалтыг хүргэж байна.
15. GINJIN, DESANT & BOOGII - IN DA HUREE
Цацагдсан өдөр: 2025.05.01
Үзэлтийн тоо: 4,790,221
“Үүлтэй тэнгэрийн доогуур, үзүүртэй модны дээгүүр
Сонгосон бийт нь хийгүй, стиль имиж энэ тэр вээгүй
Шүдний завсар сийхгүй, ёстой ганц үг газар гээхгүй
Арын хаалгаа нээхгүй, хоёрын хооронд юм хум хийхгүй…”
Монголын хип хоп салбарт нөлөө бүхий гэгдэх реппер Desant залуу уран бүтээлч Ginjin, Boogii нартай хамтран хөнгөн хэмнэлтэй, эрч хүчтэй уран бүтээл туурвижээ.
14. BAYARTSENGEL - BOROONII UNER
Цацагдсан өдөр: 2025.08.20
Үзэлтийн тоо: 5,655,257
“Алсрах цаг хугацаа ахиад эргэхгүй нь мэдээж
Амьдрал би чам дээр асан дүүлэхээр энд иржээ
Алтрах нарнаасаа асгарсан туяа нь билээ
Аялгуут дэлхийдээ жаргаж дуулах минь энэ билээ…”
Олон түмэнд “Ёодол” дуугаар танигдсан цагаасаа хойш оролцсон шоу, тоглосон бүтээлүүдээрээ шаггүй авьяаслаг гэдгээ харуулсан дуучин, жүжигчин П.Баярцэнгэл энэ удаад намуухан аялгуутай дуугаа сонсогчдодоо хүргэжээ.
13. SAI - HURIM
Цацагдсан өдөр: 2025.02.03
Үзэлтийн тоо: 5,759,833
“Чамайг хуримнаас чинь хулгайлж авч яваад суух сан
Арван хүүхэд тойруулаад аав ээж нь болж амьдрах сан
Гэхдээ чиний зүрх хаашаа чиглэснийг мэдсэн
Халуун орны шувуухай хавар ирэхэд чинь би энд байхгүй ээ…”
Хайртай хүнтэйгээ гэрлээд, үр хүүхдүүдээ тойруулан суух хэн бүхний аз жаргалтай мөчүүдийн нэг биз ээ. Гэвч хайртай хүн чинь чамд хайргүй байх тэр мэдрэмж хамгийн гунигтай. Эл түүхийг өгүүлэх тус дуу хоёрдугаар сарын эхээр сонсогчдодоо хүрч, өдгөө таван сая үзэлтийг аваад байна.
12. CHIKI & BOLOR - LIES, LIES
Цацагдсан өдөр: 2025.05.13
Үзэлтийн тоо: 6,071,373
“Болиод өгөөч, болиод өгөөч
Чамайг гэх зүрхийг минь солиод өгөөч
Бяцхан зүрхийг минь солиод өгөөч
Олон ч удаа шархалж дээ…”
146 Records-ийн авъяаслаг бяцхан гишүүд тавдугаар сард “Lies, Lies” гэх дуугаа олны хүртээл болгосон билээ. Энэхүү дуунд өсвөр насны гэнэн цагаахан хайр дурлал болон хосуудын дунд өрнөх үл ойлголцолыг хөндөн харуулжээ.
11. 113, GINJIN - ZUUNII ZUGAA
Цацагдсан өдөр: 2025.05.11
Үзэлтийн тоо: 6,284,148
“Хэн үлдэхийг нь харъя аа
Хэрүүл хийхгүй шууд гаръя аа”
Энэхүү дуу тавдугаар сард олны хүртээл болсон хэдий ч дууны нэг хэсгийн утга агуулга нь хэтэрхий ёс бус хэмээн үзэж, багагүй шүүмжлэлийг дагуулаад амжсан билээ. Таны хувьд ямар санагдсан бэ?
10. THUNDERZ - TENGRI: JUREEM
Цацагдсан өдөр: 2025.02.19
Үзэлтийн тоо: 7,225,178
“Цагаахан нууран дээр сүүдэр унаж
Цаст хайрхан оройдоо бараантлаа
Этэрээ нь зэлэн дээр эзнээ хүлээсээр
Ирэхгүйг чинь тэр мэдэхгүй ээ…”
Уран бүтээлч ThunderZ энэхүү дуугаа Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын тайгад хийжээ. Зүгээр нэг дуу гэхээс илүүтэй хөвч тайгын амьдрал, цаатан урц, байгалийн хатуу хууль, нандин хайрын түүхийг ч харуулсан гэдгээрээ онцлогтой. Бараг л муухан киноноос дээр байна хэмээн зарим сонсогчид нь магтсан байна.
9. THUNDERZ - TENGRI: DAYGA
Цацагдсан өдөр: 2025.02.25
Үзэлтийн тоо: 8,165,383
“Хангай өөдөө харуулдана даа, хө
Хатирах хүлэг нь хаа ч хүргэнэ ээ
Хавсрах салхийг ч дагуулна даа
Халирахгүй зүрх цөс нь бий…”
Энэхүү дуу нь “Tengri: Jureem” дууны үргэлжлэл билээ. Өмнөх дууны клипэнд тэрээр хотын залуу тайгын бүсгүйд дурлаж, тэндээ үлдэхээр шийддэг бол хоёрдугаар хэсэгт аль хэдийнээ тайгын залуу болчихсон, араатан амьтантай ан мана үзэлцэж буйгаар дүрслэгддэг аж. Клипны өнгө, ThunderZ-ийн жүжиглэлт, дроны зураглалаас гадна дахилтын хэсэг зэрэг нь түүнийг хэр их хөдөлмөр гаргаж, сэтгэл шингээн бүтээсэн гэдгийг харж болох биз ээ.
8. LIMIT KING & BLU - MAMA
Цацагдсан өдөр: 2025.06.29
Үзэлтийн тоо: 8,501,730
“Бурхадын өмнө суулаа надруу зөвхөн та л мишээв
Нэрийг нь ганцхан удаа дуудах төдийд л зовлон үргэнэ…”
Үр хүүхдэдээ юуг ч харамгүй өгч, өөрийн амьдралаа зориулдаг эхийн сэтгэл бол энэ дэлхийн хамгийн эрхэм, гайхамшигт зүйл байдаг. Иймд уран бүтээлч Limit King болон Blu нар ээжүүдэд зориулсан уг дуугаа сонсогчдын хүртээл болгосон байна.
7. GINJIN - HUVI ZAYA ft BOOGII (Ice Top)
Цацагдсан өдөр: 2025.01.26
Үзэлтийн тоо: 8,512,045
“Энэ хорвоо ертөнцөд би төрсөн нь үнэн, үхэх нь үнэн
Авсан бол өгөх нь үнэн, хийсэн нүгэл бүрээ төлнө
Сэтгэл гаргаж хийсэн бүхэн үргэлж зүрхэнд хүрнэ
Итгэл минь алдрах болгонд би бодно, энэ түрхэн зуурынх…”
Хэзээ нэгэн цагт шантрах үедээ энэ дууг сонсоорой. Хүн болж төрсөн энэ богинохон амьдралдаа аль болох үнэн, зөв хүн байхыг эл дуугаар илэрхийлжээ.
6. ARIUNAA - CHAMTAI BAS CHAMGUI ft MORNINGSTAR
Цацагдсан өдөр: 2025.08.11
Үзэлтийн тоо: 8,856,846
“Хол байх гэж чадна, ойр байх гэж ядна
Гэнэт чи асавч, гэрэлгүйтэж зовно оо
Ус тэгэхэд дусна аа, уруул бас хатна
Тул болж сэлээд тусыг бүр эс болно…”
Монголын тайз, дэлгэцийн домогт дуучин Т.Ариунаа энэ наймдугаар сард залуу уран бүтээлч Morningstar-тай хамтран “Чамтай бас чамгүй” дуугаа олонд сонордуулсан билээ. Хоёр үеийн дуучин ийнхүү нэгдэж, шинэлэг, эрч хүчээр дүүрэн дуу толилуулсан нь багагүй шуугиан дэгдээж, өдгөө youtube хуудаснаа аль хэдийн 8.8 сая үзэлтийг давжээ.
5. GANGBAY & MINAYU - CHARISMA
Цацагдсан өдөр: 2025.02.25
Үзэлтийн тоо: 9,411,349
“Үнэнгээ яръя гэвэл, үүр цайтал уйлж мэднэ
Үнэнгээ харин чи надад хэлвэл, бүр чинийх байж чаднаа
Харин чи яаж чадваа? худлаа үгсээр зүрхээ гавлуулж хоёр жил би тэсч явлаа
Таних минь ч яав даа…”
Өнөө цагийн урлагийн өнгийг тодорхойлогч залуусын нэг Gangbay хамтлаг энэ жил шүтэн бишрэгчдийнхээ сонорыг мялаах олон уран бүтээлээ туурвисан билээ. Тэдний Minayu-тай хамтарсан эл дууг сонирхоорой.
4. GANGBAY - DANDAA HAIRTAI
Цацагдсан өдөр: 2025.02.02
Үзэлтийн тоо: 12,323,735
“Би зүгээр чамд хайртай юм чинь яах юм
Ийм их хайраа хаана нуух юм
Зүсэр бороо есийн хүйтэн зун тэгээд өвөл
Зүгээр л чамд дандаа, дандаа хайртай…”
Энэхүү дуунд хосууд цаг ямагт хамт байж чаддаггүй ч гэсэн үргэлж л биенээ хайрлаж байдаг гэдгийг анимейшн байдлаар тун өхөөрдөм дүрсэлжээ.
3. GANGAA & MINAYU - RED HOODIE
Цацагдсан өдөр: 2025.02.08
Үзэлтийн тоо: 12,969,616
“Дандаа өмсдөг hoodie-ний чинь үнэрэнд нь би хайртай
Дагуулж явдаг есөн бусын газар бүрд нь дуртай yeah
Жигүүртэй мэт ниснэ, үүрд ийм байхыг
Би үүрд ийм байхыг хүснэ…”
Gangaa найз охин Minayu-тай хамтран дахин нэг уран бүтээл гаргасан билээ. Эл дуунаас хосуудын дунд өрнөх халуун дулаан хайрыг мэдрээрэй.
2. TOGTUUN - UZESGELENGOO
Цацагдсан өдөр: 2025.04.18
Үзэлтийн тоо: 17,595,128
“Зүрх минь бороон дунд дуслаад
Зүрхийг нурангиар услаад
Хацар дээр чинь би дуслаад
Норсон сэтгэл чинь дууслаа…”
Энэ зуны хит дуунуудын нэг “Үзэсгэлэнгоо” дуу жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Өөрийн гэсэн содон өнгө төрхтэй залуу уран бүтээлч Тогтууны бусад дууг нь ч гэсэн сонсоод үзээрэй.
1. GANGBAY - HARANGA
Цацагдсан өдөр: 2025.04.15
Үзэлтийн тоо: 19,853,927
“Уйлаад яахав дээ, би чамаас уйдаагүй нь үнэн
Туулаад гарах л жамтай давааг дуулаад үдье дээ
Туулын урсгал шиг уяхан аашийг нь ууна
Зулын гэрэл шиг гэнэн итгэлийг нь дальдчаахгүй юм сан…”
2019 онд “Two Товариш Тour” хэмээх анхны бүтээлээрээ олны анхаарлыг татаж, уран бүтээлийн замналаа эхлүүлсэн тус хамтлаг энэ онд бүтээлч эрч хүчээ харуулан нийт 17 дуугаа сонсогчдод хүргэжээ. Тэдгээрээс гурван дуу нь 2025 оны хамгийн их үзэлттэй хитүүдийн жагсаалтад багтсан байгааг уншигч та аль хэдийн анзаарсан биз ээ. Тэр дундаа “Харанга” дуу нь YouTube дээр 19 сая үзэлтэд хүрч, энэ жилийн хамгийн их тоглогдсон дуу болж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!