

Монгол Улсад 50,000 гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа бий. Уг судалгаанд хүүхдүүдийн талаас илүү нь аюултай, хортой нөхцөлд ажиллаж байгааг анхаарах шаардлагатай гэж дурджээ. (Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо).
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлд насанд хүрээгүй хүний хөдөлмөр эрхлэлтийн талаар хэдхэн заалт бий. Гэвч үүнийг хэрэгжүүлдэггүй байгууллагууд байна. Хүүхдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой эрсдэл учруулсан бодит жишээг дурдъя.
ЖИШЭЭ №:1: 15 НАСТАЙ ЦАГИЙН АЖИЛТАН КРАНЫ ТЭВШЭЭС УНАЖ НАС БАРАВ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН НЬ:15 настай Н “С”ХХК-д барилгын материал зөөх цагийн ажилтнаар ажиллаж байсан. Тэрээр баригдаж буй орон сууцны 10 давхарт плита зөөх ажил гүйцэтгэж байхдаа ачаа өргөх краны тэвшнээс унажээ. Улмаар эрүүл мэндэд нь амьдрах боломжгүй хавсарсан хүнд гэмтлүүд учирсны улмаас амь хохирсон (Эх сурвалж: Шүүхийн шийдвэрийн нэгдсэн сан).
Шүүхээс “С” ХХК-ийн захирал нарын гурван хүнийг:
“С” ХХК-ийн удирдлагууд 15 настай Н-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Байгууллагын албан тушаалтнууд “Хүүхдийг 15 настай гэж мэдээгүй” гэж мэдүүлсэн байна.
Компанийн удирдах ажилтнуудыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэнд тооцож, шүүхээс тэдэнд зохих ял, шийтгэлийг оногдуулжээ.
Талийгаач Н-ийг төрсөн ах нь өөрийн ажилладаг газартаа туслахаар оруулсан аж. Энэ тухай ах нь “Компанитай ямар нэгэн гэрээ хийгээгүй, бид хоёр барилгын материал зөөх болон бусад туслах ажил хийдэг байсан” гэжээ.
Ажил олгогчид хүүхэдтэй гэрээ байгуулж ажиллуулдаг тохиолдол цөөн бөгөөд гэрээ байгуулсан ч хэлбэр төдий, ажлын хөлс, хөдөлмөрийн нөхцөл, ажиллах цагийг тохиролцдоггүй нийтлэг асуудал бий. Мөн нөгөө талд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ танилынхаа ажлын байранд ажиллуулах, туслуулах нь элбэг байх бөгөөд энэ тохиолдолд гэрээ байгуулахгүй зөвхөн амаар тохиролцдог жишиг ч байна.
Энэ мэтчилэн гэрээгүй, хөдөлмөрийн нөхцөл, ажлын цаг, цалин хөлс тодорхойгүй байдлаар ажиллаж байгаа хүүхэд өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чадваргүйн улмаас хөдөлмөрийн мөлжлөгт өртөх, амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч байна.
ЖИШЭЭ №:2: “БИ ХҮНИЙ ДАНСААР МӨНГӨӨ АВДАГ БАЙСАН"

ХУУЛЬ ЗӨРЧСӨН НЬ: Насанд хүрээгүй Ө, У нарт мөнгө хэрэгтэй байсан. Энэ мэт нөхцөлийн улмаас Ж, Ц нар тэднийг эрхшээлдээ байлгаж, бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулж байжээ.
Эндээс харахад хүүхдийн хууль бус хөдөлмөр эрхлэлт бэлгийн мөлжлөгийн хэлбэрээр ч илрэх тохиолдол цөөнгүй байна. Дээр дурдсан гэмт хэрэгтэн Ж, Ц нь насанд хүрээгүй Ө нарын охидод мөнгө хэрэгтэй байгаа эмзэг байдлыг нь далимдуулж биеийг нь үнэлүүлсэн. Улмаар ашиг олох зорилгоор тээврийн хэрэгслээр тээвэрлэж, тээвэрлэлтийн хөлсөнд 50-100 мянган төгрөг авдаг байжээ.
Хохирогч “Би хүнд үйлчлээд төлбөрөө Ц-ийн дансаар авдаг байсан. Ц тэндээс машины төлбөр хасаад үлдсэнийг нь надад бэлнээр АТМ-аас гаргаж өгдөг” гэж мэдүүлсэн байна. Харин гэрч буюу түүний ээж нь “Гэртээ 50, 60 мянган төгрөг бэлнээр авчирсан. Мөн дүүдээ живх, чихэр, ундаа барьчихсан орж ирсэн. Би хаанаас мөнгө олсон юм бэ гэж хэлсэн чинь би ажил хийж байгаа гэсэн” гэжээ. Тэрбээр энэ үед 11 дүгээр ангийн сурагч байсан.
Хэрэгтнүүд насанд хүрээгүй хохирогч нарын тогтмол орлогогүй, мөнгө олох зорилго дээр тулгуурлаж, тэдгээрт илүү орлоготой ажиллахын тулд нэмэлт төлбөртэй тусгай үйлчилгээ /бэлгийн харьцаанд орох/ үзүүлэх ажлыг санал болгосон. Улмаар садар самуун явдалд хүүхдийг ашиглан, цалин олгох нэрээр бусдад биеийг нь үнэлүүлж, машинаар үйлчлэх, олсон мөнгийг хуваан авах байдлаар ашиглан, мөлжих ажиллагааг байнга тогтвортой зохион байгуулжээ.
Энэ мэтчилэн хохирогчдын эрх зүйн бүрэн бус чадамжтай байдлыг далимдуулан ажлын байр, орлогын эх үүсгэврээр эрхшээлдээ оруулсан байх тул тэдний үйлдэл нь бэлгийн мөлжлөгийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэн зохих ялыг оноосон байна.
Хүүхэд биеэ үнэлэхийг хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэж ОУХБ-ын 182 дугаар конвенцын 3 дугаар зүйлд заасан байна. Насанд хүрээгүй хохирогч нарын биеэ үнэлэлтэд уруу татагдах болсон шалтгаан нь санхүү, мөнгөний гачигдал. Энэ мэтчилэн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд садар самуунд уруу татагдах, бага хэмжээний мөнгө, хэрэглээний зүйл авч хариуд нь бэлгийн харьцаанд орох нь нийгмийн шинжтэй асуудал болсон, үүний цаана хүүхдийн хууль бус хөдөлмөр эрхлэлт, бэлгийн мөлжлөг явагдаж байх өндөр магадлалтайг Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн чанарын судалгаанд дурджээ.
Хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглах гэдэгт дараах үйлдлүүд багтана. Үүнд:
ЖИШЭЭ №:3 “ДАРГА НАМАЙГ ШУВУУ ҮРГЭЭХ ХҮҮХЭД ОЛ ГЭСЭН"

ХУУЛЬ ЗӨРЧСӨН НЬ: Тариалангийн талбайд ажиллаж байсан 12 настай И тээврийн хэрэгслийн чиргүүлийн дугуйд хөлөө дайруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирчээ.
Гэрч Д “...үр тариаг 07 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 20-н хүртэл бор шувуу иддэг, энэ хугацаанд 30-40 хүүхэд ажилласан. Энэ ажлыг насанд хүрсэн хүмүүсээр хийлгэх гэхэд ганц нэг хоног болоод хаяад явчихдаг. Тэр ажил хийгээгүй хүмүүсийн нэр дээр цалин бодоод үүнийг хүүхдүүдэд хувааж өгдөг. Дарга намайг шувуу үргээх хүүхэд ол гэсэн” гэж мэдүүлжээ.
Шүүхээс 3 хүнийг гэм буруутайд тооцон хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж шийдвэрлэн зохих ял, шийтгэлийг оноожээ.
Хөдөлмөрийн тухай хуулиар 12 настай хүүхэд албан ёсоор хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах боломжгүй. Гэвч дээрх тохиолдолд хөдөлмөрийн гэрээгүйгээр, насанд хүрэгчдийн нэрээр цалин бодож хүүхдэд олгожээ. Өөрөөр хэлбэл ажил олгогчид хүүхдийг хямд ажиллах хүч гэж харж, харин хүүхэд хөнгөн ажлыг тодорхой цагт, аюулгүй орчинд гүйцэтгэх ёстой гэж хуульд заасныг үл тоомсорлосноор хүүхдийн эрүүл мэнд, амь насанд ноцтой эрсдэл учирсан байна.
Хүүхэд хөдөлмөрийн харилцаанд оролцохдоо эрх зүйн бүрэн чадамжгүй буюу бие даан гэрээ, хэлцэл байгуулах эрхгүй. Гэтэл ажил олгогчид тэднийг албан ёсны гэрээ, хэлцэлгүйгээр ажилд авдаг. Улмаар хүүхэд хөдөлмөрийн гэрээ, иргэний хэлцэл байгуулаагүйгээс үүдэн ямар ажил, хэдэн цаг ажиллахаа, ямар нөхцөлд, хэр хэмжээтэй ажил үүрэг гүйцэтгэхээ мэдэхгүйгээр ажиллаж хууль бус хөдөлмөр эрхлэлтэд өртөж байна.
Цаашлаад ажил олгогчийн хууль, гэрээ зөрчсөн үйлдлийг эсэргүүцэхгүйгээр хүнд, хортой, аюултай нөхцөлд дуулгавартайгаар ажиллаж эрхээ зөрчүүлэх, санхүүгээр хохирох, биеийн болон сэтгэл санааны эрсдэлд өртөх, гэмтэж бэртэх, ёс зүйн доройтолд орох, цаашилбал боолчлол, гэмт хэрэг, зөрчилд өртөх, хохирох тохиолдол гарсаар байна.
Ажил олгогчид хүүхдийг зөвхөн гэрээтэй, эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр ажиллуулах ёстойг үүгээр сануулъя.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!