

Монголын баримт шалгах төвөөс мэдээлэл нягтлах олон улсын уралдааныг эх орондоо анх удаа зохион байгууллаа. Уралдаан онлайнаар явагдсан бөгөөд 50 багийн 120 гаруй оролцогч мэдлэг, авхаалжаа сорьж эхний таван байрыг шалгарууллаа.
Монголд анх удаа зохион байгуулсан мэдээлэл нягтлах олон улсын уралдааны ялагч болсон багууд сэтгэгдлээ ийнхүү илэрхийллээ.

GerCrew баг: Баримт шалгах нь үнэхээр сонирхолтой
“Манай баг хоёр гишүүнтэй. ШУТИС-ийн хоёрдугаар курсын оюутан. Энэ тэмцээний ачаар бидний эргэн тойронд ямар их хуурамч мэдээлэл байдаг юм, тэдгээрийг хэрхэн ялгаж, таних ёстой юм, шүүлтүүртэй хандах нь ямар чухал юм гэдгийг суралцлаа. Баримт шалгах нь үнэхээр сонирхолтой юм. Энэ их мэдээллийн орчинд маш хэрэгтэй ур чадвар олгосон Монголын баримт шалгах төвийнхөндөө баярлалаа. Бүх оролцогчдодоо баяр хүргэе.”

MitoWonderia баг: Орчин үед зайлшгүй байх ёстой ур чадварыг олгосон
Шинэ үе сургуулийн 12-р ангийнхан байна. Бидэнд энэ тэмцээний 12 бодлого үнэхээр сонирхолтой байлаа. Тэмцээний өмнөх сургалт маш сонирхолтой байсан. Тухайн хуурамч мэдээллийг илрүүлэх, шалгах арга бүгд сонирхолтой. Цаашид энэ чиглэлээр суралцахыг хүсэж байгаа тул карьерийн эхлэл болж өглөө. Олон улсын тэмцээнээр уулзацгаая. Зохион байгуулсан Монголын баримт шалгах төв болон Nest center-тээ баярлалаа. Орчин үед зайлшгүй байх ёстой ур чадварыг олгосон, шинэчлэл авчирсан уралдаан зохион байгуулсанд баярлалаа.”

unnu.hudu баг: Тэмцээний өмнөх гурван өдрийн сургалтад сууж их зүйл мэдэж авсан
“Сэтгүүлчээр ажиллаж байгаад одоо түр завсарласан, хуучин редактортойгоо хамт оролцож байна. Бүр ЕБС-ын хүүхдүүд оролцож байгааг мэдээгүй. Ямар мундаг юм бэ. Тэмцээний өмнөх гурван өдрийн сургалтад сууж их зүйл мэдэж авсан. Зөвхөн тэмцээнд оролцоход төдийгүй сэтгүүлчээр ажиллахад хэрэгтэй ур чадварууд, баримт шалгалт, эх сурвалжийн талаар мэдэж авсандаа их олзуурхаж байна.”

Real eyes realize real lies баг: Баримт шалгах хэрэглүүрүүд, тэр дундаа Google Lens-ийг сайн хэрэглэж сурсан
“Найзуудаараа баг бүрдүүлээд орсон. Тэмцээний явцад баримт шалгаж, мэдээлэл нягталж сурсан. Баримт шалгах хэрэглүүрүүд, тэр дундаа Google Lens-ийг сайн хэрэглэж сурсан. Зохион байгуулж буй багт баярлалаа.”
Divina баг: Найзуудаараа нэг зүйл хийж бүтээж үзье гэсний үндсэн дээр тэмцээнд орсон
“Энэ тэмцээнд найзуудтайгаа оролцож байна. Энэ салбараас огт өөр хүмүүс. Нэг маань хол байгаа тул утсаар холбогдоод, уралдаандаа идэвхтэй оролцлоо. Тэмцээний үеэр мэдээллээ хайх, баримтаар нягтлах, мөн утсаар багийн гишүүнтэйгээ холбогдох гээд олон ажлыг зэрэг амжуулах гэж үзлээ. Найзуудаараа нэг зүйл хийж бүтээж үзье гэсний үндсэн дээр тэмцээнд орсон. Шагналт байранд орсондоо баяртай байна.”
Үндэсний уралдааны эхний таван байрт шалгарсан багууд олон улсад өрсөлдөх бол эхний гурван байр нь мөнгөн шагналтай юм.
Зохион байгуулсан багийн бүтээсэн лого шалгарч, Азийн орнууд ашиглаж байна
Монголын баримт шалгах төвийн ахлах баримт шалгагч Ш.Билгүүн тус уралдааныг Монголдоо зохион байгуулах эрхийг авч, бэлтгэл ажил, сургалт, туршилтын уралдаан болон үндэсний аварга шалгаруулах уралдаан, цаашлаад шалгарсан таван багийг олон улсад оролцуулах бүх үе шатыг хариуцаж байна. Мөн баримт шалгагч Г.Гантуяагийн бүтээсэн лого олон улсад шалгарч, “GenAsia challange 2025”-ын үндсэн лого болсон юм.

Нийт 12 үеийн асуулттай, ahaslide платформоор явагдсан бөгөөд тус платформын алгоритм нь хамгийн хурдан, зөв хариултыг сонгож илгээсэн багт оноо өндөр тооцогддог. Уг уралдаанаас эхний таван байрт орсон багууд Азийн таван улсын дунд зохиогдох олон улсын уралдаанд 12 дугаар сарын 13-нд хүчээ сорих юм.
Эх сурвалж: Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!