Мона Лизагийн тухай сонирхолтой найман баримт


С.Оюундарь | YOLO.MN
2025-11-17

Алдарт Италийн уран зураач Леонардо Да Винчигийн гайхамшигт бүтээл болох Мона Лиза нь дэлхийн хамгийн үнэтэй уран зураг байгаад үл барам олны дунд хамгийн их яригдан, сайшаан магтуулдаг бүтээл юм. Нууцлаг бөгөөд тун ихэмсэг инээмсэглэл тодруулсан эмэгтэйн уг хөрөг зураг зуун дамжин дэлхий даяар олон таамаглалыг ар ардаас нь гаргуулж чадсан. Тэгвэл та энэхүү хүн бүрийн амьдралдаа ядаж нэг удаа харж байсан зурагны талаар юу мэдэх вэ?

1. Зураг дээрх эмэгтэй “Мона Лиза” биш

Ихэнх хүмүүс бодохдоо зураг дээрх эмэгтэйн нэрийг Мона Лиза хэмээн боддог ч үнэндээ тийм биш юм. Түүний жинхэнэ нэрийг Лиза Герардини Жокондо гэдэг бөгөөд тэрбээр Итали гаралтай язгууртан бүсгүй юм. Нэрийг нь орчуулах юм бол “Хатагтай Лиза” хэмээн орчуулагддаг аж. Лизагийн хөргийг зуруулах талаар санаа нь түүний нөхөр болох Францеско Дел Гиоцондогоос улбаатай. Хөрөг зураг хатагтай Лизаг 25 орчим настай байхад зурагдсан буюу хос хоёрын хоёр дахь хүү төрсний баярын бэлгэдэл байх ёстой байжээ.

2. Зураг хэзээ ч захиалагчийнхаа гарт очоогүй

Хэдийгээр зургийг Гиоцондоо захиалан Да Винчигээр зуруулсан ч зураач хэзээ ч бүтээлээ түүнд өгөөгүй. Зарим хүмүүс үүний шалтгааныг Да Винчи зургаа зурж дуусгаагүйтэй холбон тайлбарладаг. Энэ таамаг ч үнэний ортой бөгөөд Леонордо зурж эхлүүлсэн зургаа дуусгалгүй үлдээдэг муу зуршилтай нь нууц биш юм. Гэхдээ зураг 1506 он гэхэд бараг л бүрэн зурагдаж дууссан байсан гэдэг ч өнгө будаг дахин нэмэх гэх мэт жижиг дитайлуудыг нэмж явсаар 1519 он хүрсэн. Харамсалтай нь энэ үед Да Винчи мөнх бусыг үзүүлж, түүний туслагч байсан Салай зургийг эцэслэн дуусгасан байна.

3. Наполеон ч бас Мона Лизагийн фен байсан

1519 онд Да Винчи нас барсаны дараа Мона Лиза Францын хаан нэгдүгээр Францисийн мэдэлд очсон. Хаан анх тус зургийг худалдаж авах хүсэлтээ Да Винчид тавьж байсан ч Да Винчи эелдгээр хаанд зургаа зарахгүй гэдгээ илэрхийлсэн гэсэн цуу яриа байдаг. Юутай ч зураг хааны мэдэлд орсон даруйдаа маш олон жилийн турш зөвхөн язгууртан болон баячуудад л харуулах боломжтойгоор ордны нууц газарт хадгалагдаж байв. Ийнхүү Мона Лиза Францын хааны ордныг чимэж байх үед Наполеон эзэн хаан болсон бөгөөд тэрбээр Мона Лизад бүр донтсон гэж хэлж болохоор байсан гэдэг. Яагаад ингэж үзэж байна вэ гэвэл Наполеон зургийг унтлагынхаа өрөөнд хаан ширээнээс буух хүртлээ бүхэл бүтэн дөрвөн жилийн турш өлгөсөн баримт байдаг байна.

4. Хөмсөгний талаарх маргаан

Хэрвээ та зургийг анхааралтай ажих юм бол Мона Лизад хөмсөг байхгүйг анзаарна. Ихэнх хүмүүсийн гаргадаг таамаг нь үүнийг Да Винчи зургаа бүрэн дуусгаж чадаагүйтэй холбож тайлбарладаг буюу Лизагийн хөмсгийг зурж амжаагүй байхдаа нас барсан гэж үздэг. 2007 он хүртэл энэ таамаглал олонд зөвшөөрөгдөж байсан ч дижитал сканнаар скандаж үзэхэд Мона Лизад анхандаа хөмсөг байсан ч олон жилийн хугацааны турш зураг элэгдэн муудсантай холбоотойгоор бүдгэрэн алга болжээ.

5. Мона Лизаг хулгайлж дөнгөсөн эр

1911 онд Францын Бүгд Найрамдах Улсыг бүхэлд нь гайхшируулсан хэрэг болсон нь Мона Лизаг хулгайлсан хулгайч баригдсан гэх мэдээ байв. Мона Лизаг хулгайлагдсаны дараа маш олон хүмүүс Louvre-ийн музейд очиж Мона Лиза өмнө нь өлгөгдсөн байсан хана руу ширтэн эмгэнэлээ илэрхийлж байсан гэдэг. Бүр захидал, цэцгийн баглаа зэргүүдийг хүртэл тавьж байсан байна. Яг энэ үед л Мона Лиза хулгайлагдсан тухай дэлхий даяар ярих болж зургийн алдар нэрийн цаад шалтгаан энд л оршиж буй юм.

Хамгийн хачирхалтай нь олон нийт зургийг музейгээс хулгайлагдсан зүйлсийг худалдаж авдгаараа алдартай Пабло Пикассог авсан үзэж байсан. Гэсэн ч энэ таамаг худал болох нь 1913 онд жинхэнэ хулгайч болох Винчэнзо Перуггиа баригдсаны дараа батлагдсан. Тэр зургийг хулгайлах болсон цаад шалтгаанаа Мона Лизаг анх зурагдаж байсан газар буюу эх нутаг болох Италид нь байлгахыг хүссэн хэмээн тайлбарлажээ.

6. Louvre-ийн музей дэх Мона Лизад зориулагдсан шуудангийн хайрцаг

Louvre-ийн музейд хэдэн сая үзвэрүүд байдаг ч тэдэн дундаас ганц Мона Лиза л өөрийн гэсэн шуудангийн хайрцагтай. Уран зургийн гоо үзэсгэлэн дэлхийн хүмүүсийн зүрх сэтгэлийг хүчтэй татаж чадсан нь Мона Лизад хэдэн мянгаар нь захидал ирүүлэх шалтгаан болсон байна. Сард арав, хорь ч биш бүр мянга мянган захидал зөвхөн Мона Лизад хаяглагдан ирж байсан тул музейн зохион байгуулагчид ийнхүү түүнд зориулан шуудангийн хайрцаг үүсгэх шийдэлд хүрч байжээ. Мона Лизад ирсэн бүх захидал музейн тусгай өрөөнд хадгалагдан байдаг гэнэ шүү.

7. Мона Лиза гэмтэл авсан нь

Итгэхэд хэцүү ч гэсэн маш олон халдлага болон дайралтууд Мона Лиза руу хийгдсэн бадаг. Сайн ажиглаж харвал зургийн зарим хэсэг гэмтэлтэй байдаг буюу бүсгүйн зүүн тохойны ойролцоогоос уг гэмтлийг олж харах боломжтой. Энэ гэмтлийг учруулсан эмэгтэйг Уго Унгаза Виллегас гэдэг ба тэрбээр эхлээд зураг руу хүчил цацан дараа нь дахиж чулуу шидэж байсан байна. Энэхүү халдлагуудын дараа зургийг Япон улсын бэлэглэсэн сум нэвтрүүлдэггүй шилээр хамгаалсан юм. Шилэн хамгаалалтын ачаар өөр нэгэн ууртай Орос эмэгтэйн халдлагаас Мона Лизаг аюулгүй авч гарч чаджээ. Тэрбээр Францын иргэншил авч чадаагүйгээс болоод Мона Лиза руу шавар аяга шидсэн гэнэ.

8. Мона Лизаг зарах болон худалдаж авах нь хориотой

Мона Лизаг зарах болон худалдаж авах нь Франц улсад хуулиараа хориотой байдаг аж. Угаасаа ч зургийн үнэ 1 тэрбум ам долларт хүрэх тул тийм ч их хүнд худалдан авах боломж гарахгүй л дээ. Louvre музейн цуглуулгын нэг гэдэг утгаараа Мона Лиза нь Францын ард иргэдийн эзэмшил гэж явдаг бөгөөд захиран зарцуулах эрх нь засгийн газарт байдаг. Зургийг зарж болохгүй гэдэг нь Мона Лизаг үнэлж боломгүй болгож байгаа юм.

Эх сурвалж: Teravarna

#Мона Лиза