Япончууд дундаа “Todai” нэршлээрээ алдартай Токиогийн их сургууль нь Times Higher Education (THE) дэлхийн шилдэг их дээд сургуулиудын 2025 оны жагсаалтад 10-р байрт жагсаж буй Япон улсдаа хамгийн нэр хүндтэй судалгааны их сургууль юм. Жил бүр өргөдөл илгээгчдийн зөвхөн 34.2% нь тэнцдэг маш өрсөлдөөнтэй сургууль билээ.
1877 онд байгуулагдсан уг их сургууль нь Японы анхны улсын их сургууль бөгөөд шинжлэх ухааны энэ эрин үед улсынхаа төдийгүй дэлхийд боловсролын шинэчлэл болох эхлэлийг тавьсан.
Токиогийн их сургууль нь байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухаан, нийгэм судлал, хууль, эдийн засаг, уран зохиол зэрэг өргөн хүрээний чиглэлээр бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдийг санал болгодог. Сургалтын чанар, судалгааны орчин нь дэлхийд тэргүүлэгч түвшинд хүрсэн.
University of Tokyo-ийн чансаа:
#4 Химийн чиглэлээр дэлхийд
#5 Физикийн чиглэлээр дэлхийд
#7 Инженерийн чиглэлээр дэлхийд
#15 Биологийн чиглэлээр дэлхийд
#32 Компьютерын шинжлэх ухаан болон хиймэл оюунаар дэлхийд
#45 Эрүүл мэндийн чиглэлээр дэлхийд
Тус сургууль нь хиймэл оюун ухаан, квантын физик, генийн инженерчлэл, байгаль орчны судалгаа, робот, техник, нано-технологи зэрэг ирээдүйг тодорхойлох салбаруудад дэлхийд тэргүүлдэг. Тухайлбал Токио их сургуулийн судлаачид хүний тархины үйл ажиллагааг AI-тэй холбох систем, нарны эрчим хүчийг үр ашигтай ашиглах шинэ төрлийн нарны хавтан, хорт хавдрын эсрэг дархлааны эмчилгээ зэрэг шинэ санаа, технологийг хөгжүүлсэн байдаг.
Institute of Industrial Science, Institute for Cosmic Ray Research, Earthquake Research Institute зэрэг байгууллагууд нь тус сургуулийн дэргэдэх олон алдартай төвүүдийн нэг юм.
Hitachi, Toyota, Sony, Fujitsu, SoftBank зэрэг Японы тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллаж, судлаачид болон оюутнууддаа уг боломжийг олгохоос гадна MIT, ETH Zurich, Tsinghua, Oxford зэрэг дэлхийн шилдэг сургуулиудтай хамтарсан төсөл хэрэгжүүлдэг.
Мөн Токиогийн их сургуулийн эмнэлэг нь дэлхийд тэргүүлэгч эмнэлгүүдийн нэг юм. 2023 онд Newsweek сэтгүүл нь Токиогийн их сургуулийн эмнэлгийг дэлхийн 17 шилдэг эмнэлгийн нэгээр нэрлэж байжээ.
Токио хот нь олон улсын оюутнуудад амьдрахад тохиромжтой орчин, соёл, түүхтэй хот юм. Сургууль нь хотынхоо төвд байрладаг бөгөөд Hongo, Komaba, Kashiwa гэсэн гурван үндсэн кампустай.
Тус сургуульд cпорт, урлагаас эхлээд 300 гаруй албан ёсны клуб, нийгэмлэгүүд байдаг. Тэдгээр нь оюутнуудад өөрсдийгөө хичээлээс гадуур хөгжүүлэх цогц боломжоор хангадаг байна.
Сонирхолтой нь 1872 онд англи хэлний Америк багш Хорас Уилсон сурагчдадаа бейсбол зааж эхэлсэн нь Японд бейсболын спортын эхлэл болсон гэж үздэг.
Шинэ оюутнуудад зориулсан намрын баяр болох Komaba Festival, жил бүрийн хавар Hongo кампуст болдог May Festival зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд мөн зохион байгуулагддаг байна.
Одоогоор нийт 28,000 орчим оюутантай бөгөөд үүний тал нь бакалавр, тал нь түүнээс дээд түвшний оюутнууд байна. Нийт оюутнуудынх нь 17.7%-ийг гадаад оюутнууд эзэлдэг. Эдгээр оюутнуудын ихэнх нь магистр, докторын түвшинд суралцаж байгаа ба олон улсын оюутнуудын дийлэнх нь Азиас ирсэн байдаг.
15 Нобелийн шагналтнууд, 5 сансрын нисгэгч, Японы 15 ерөнхий сайд, дэлхийн томоохон компаниудын гүйцэтгэх захирлууд зэрэг алдартай хүмүүс тус сургуулийг төгссөн.
Токио их сургуулийн бакалаврын сургалтын төлбөр нь жилд ¥535,800 (ойролцоогоор 13,000,000) бөгөөд магистрант, докторын хөтөлбөрүүдийн төлбөр нь ¥520,800–¥535,800 (ойролцоогоор 12,700,000–13,000,000) байдаг байна. Гэсэн хэдий ч Японы засгийн газрын Монбүшо, PEAK болон The University of Tokyo Fellowship зэрэг тэтгэлгийн боломжууд гадаад оюутнуудад нээлттэй байдаг.
Мөн оюутнуудын амьдрах зардал нь сар бүр дунджаар ¥137,061 буюу 3,500,000 орчим болдог ба Токио хот нь Японы хамгийн өндөр зардалтай хотуудын нэг тул оюутнуудад санхүүгээ сайн төлөвлөхийг зөвлөж байна.
Эх сурвалж: topuniversities.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!