“Сэтгэцийн эрүүл мэнд 2025” шийдвэр гаргах түвшний хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал өчигдөр (2025.09.29) болжээ. Дөрөв дэх удаагийн хурлыг “Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж, амиа хорлолтоос урьдчилан сэргийлье” уриан дор зохион байгуулсан байна.
Дэлхий даяар амиа хорлолтын нийт тохиолдлын 77% нь хөгжиж буй болон ядуу буурай орнуудад бүртгэгджээ.
Өсвөр насныхны нас баралтын тэргүүлэх шалтгааны дөрөвдүгээрт амиа хорлолт орж байна. 2023 оны эрүүл мэндийн статистик мэдээллээр Монгол улсын хүн амын дундах амиа хорлож нас барсан тохиолдлын түвшин 100 000 хүн амд 14.7 байна.
Насны бүлгээр үзэхэд 2023 онд нас барсан
Тиймээс хүн амын дунд ялангуяа хүүхэд залуучуудын дунд амиа хорлох оролдлого хийхээс урьдчилан сэргийлэх, түгээмэл тохиолддог сэтгэцийн тулгамдсан асуудлуудыг эрт илрүүлэх, холбогдох байгуулагууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэхэд салбар дундын хамтын ажиллагаа чухал байна.
Улсын Их Хурал, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдлаа: Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо нь шинэчлэн зохион байгуулагдсан 30 гишүүнтэй. Боловсрол, эрүүл мэнд соёл, шинжлэх ухаан, нийгмийн хамгаалал энэ бүгд салбараа хөгжүүлэх гэхээсээ “хүнд зориулсан байна” гэдэг утгаараа ажлын арга барил, хандлага, шийдэл дээр нь өөрчлөлт гаргахаар ажиллаж байна.
Тайлан мэдээнүүдээс харахад Монгол Улс цөөхөн хүн амтай хэдий ч амиа хорлолтын түвшин Ази, Номхон далайн бүсийн орнуудаас дээгүүрт явж байгаа нь үнэхээр харамсалтай үзүүлэлт байна. Амиа хорлолт гэдэг зөвхөн мөсөн уулын орой бөгөөд цаана нь боловсрол, соёл, нийгэм, хууль, нийгмийн орчин гээд олон хүчин зүйлс нөлөөлж байгаа.
Ялангуяа хууль эрх зүйн орчныг сайжруулах, шаардлагатай хуулийг нь баталж өгөх хэрэгтэй байгааг харлаа. Үүнийг зөвхөн ЭМЯ дангаар хариуцдаг биш нийтээрээ салбар дундаа хэлэлцэн, асуудлыг дээш нь гаргаж ирэх, чухалд үзэж түүнийх нь дагуу хууль эрх зүй, шийдэл, төсөв, хүний нөөц бүх талаар нь дэмжиж ажиллах нь чухал гэж үзэж байна.
Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо яг энэ чиглэлээр хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд манлайлан ажиллах болно.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте: Өнөөдрийн хэлэлцэж буй амиа хорлолтын асуудал нь нэн тулгамдсан бөгөөд маш яаралтай шийдэх шаардлагатай нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал юм. Энэ асуудлаар салбар бүрийн мэргэжилтнүүд, шийдвэр гаргагч нар цуглан хэлэлцэж байгаад талархаж байна.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тодотгож хэлсэнчлэн, Амиа хорлолтын асуудал, халдварт бус өвчин, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь зөвхөн Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд анхаарал татахуйц асуудал болоод байгаа. Нийт хүн амын дунд бага наснаас, насанд хүрэх хүртэл нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч үзэх хэрэгтэй гэдгийг анхааруулсан дохио юм.
Амиа хорлолтоос сэргийлэх нь эрүүл мэндийн салбараас хальсан асуудал бөгөөд улс төрийн манлайлал нэн чухал билээ. Нийгмийн бүхий л түвшний анхаарал хандуулах асуудал юм. ЭМЯ болон эрүүл мэндийн салбар сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр томоохон ажлуудыг хийж байгааг дурдах нь зүйтэй.
Тухайлбал, Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хийдлийг арилгах mhGAP хөтөлбөрийг нутагшуулж, 15 аймгийн 400 анхан шатны эрүүл мэндийн төвийг хамруулсан. Сургуулиудад 200 орчим боловсролын сэтгэл зүйч ажиллуулж байгаа нь сайн арга хэмжээнүүдийн нэг.
Цаашид, Нийт хүн амд суурилсан сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн бусад салбарууд хамтарч ажилла, эрт илрүүлж, өргөн хүрээнд эмчлэх асуудалд онгой анхаарахыг хүсье.
АМИА ХОРЛОЛТЫН ТҮВШИНГ БУУРУУЛАХЫН ТУЛД ЮУНЫ ӨМНӨ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД
НЭГДСЭН ОЙЛГОЛТТОЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ
Улсын Их Хурал, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн О.Саранчулуун: Сүүлийн жилүүдэд амиа хорлолт нь халдварт бус өвчний шалтгаант нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байгааг бид олон удаа ярьж байна.
Тэр дундаа эрэгтэйчүүдийн амиа хорлох эрсдэл эмэгтэйчүүдээс 6 дахин их, хүүхэд өсвөр үеийнхний амиа хорлох оролдлого огцом нэмэгдэж байгаа нь үндэсний хэмжээний тулгамдсан асуудлын нэг болж байна. Амиа хорлолтын түвшинг бууруулахын тулд юуны өмнө үндэсний хэмжээнд нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй.
Нийгмийн ажил, гэр бүлийн оролцоо нь амиа хорлолтыг бууруулахад хамгийн үр дүнтэй стратеги гэдэг нь олон судалгаагаар батлагдсан. Амиа хорлолтоос урьдчилан сэргийлж байгаа сайн жишээнүүд дэлхийн улс орнуудад бий. Жишээлбэл, Исландад өсвөр үеийнхэнд зориулсан тусгай хөтөлбөр байдаг.
Японы тосгоны хөтөлбөрүүд байна. Ганцаардсан ахмадуудад зориулсан хөтөлбөр явж байна. Эдгээр туршлага нь нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд, анхан шатанд ажиллаж байгаа хүмүүс зөв бүтэц, зохион байгуулалттай ажиллаж чадвал урьдчилан сэргийлэх боломжтойг нотлон харуулж байгаа юм.
Цаашид Сэтгэцийн эрүүл мэндийн хууль тогтоомжийг шинэчлэх асуудалд ул суурьтай хандаж орчин үеийн нийгмийн харилцааны онцлогт тулгуурлан, олон талын хамтын ажиллагаа, салбар дундын оролцоог хангасан байхад анхаарч, эрх зүйн орчныг шинэчлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлье.
АМИА ХОРЛОЛТООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛНА
СЭМҮТ-ийн Сэтгэц-нийгмийн эрүүл мэнд хариуцсан дэд захирал н.Алтанзул: Монгол Улс амиа хорлолтын түвшнээр дэлхийн дунджаас хоёр дахин их, Ази Номхон далайн баруун бүсийн түвшинтэй харьцуулахад мөн л хоёрт байгаа нь онцгой анхаарах шаардлагатайг харуулж байгаа.
Амиа хорлож нас барж байгаа жилийн үзүүлэлтүүдийгүзэхэд залуу насны, хүүхэд, өсвөр үеийн залуучууд бусад улс оронтой харьцуулахад хамгийн их байгаа нь нэлээн анхаарах ёстой асуудал болоод байна.
Хүүхэд, залуус, өсвөр үеийнхэн амиа хорлолтод өртөж буй энэ үзүүлэлт нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нэлээн хүнд болсон, сэтгэцийн асуудлын маш олон үе шатуудыг даван туулж, амиа хорлож нас барах эцсийн сонголтыг хийж байгаа гэсэн үг.
Үүний цаана гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, дарамт, залуусын хувьд ажилгүйдэл ядуурал, амьдралын олон асуудал хөндөгдөж байна. Иймд цогцоор нь шийдэхгүй бол залуу үеийнхэн, бидний ирээдүй болсон хойч үеэ алдсаар байна. Тиймээс өнөөдөр холбогдох бүх байгууллага, яамдын төлөөллийг оролцуулж, шийдвэр гаргах түвшинд амиа хорлолтод онцгой анхаарах хэрэгтэйг ойлгуулж, үүний эсрэг хамтдаа урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нэгдэж оролцох уриатайгаар хурлыг зохион байгуулж байна.
Бид 2025 оны гуравдугаар сараас эхлээд Ази, Номхон далайн баруун бүсийн ДЭМБ-ын зөвлөхүүдтэй хамтарч “Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах” дээр ажиллаж байна. Бусад улс орнууд амиа хорлолтын түвшинг хэрхэн үр дүнтэй бууруулж буй тал дээр Япон, БНСУ-ын жишээнээс суралцлаа.
Хамгийн чухал асуудал нь салбар дундын хамтын ажиллагааг нэгтгэх, мөн төрийн удирдлагын бүх түвшний байгууллагуудыг оролцуулж үүрэг хариуцлагыг нь оногдуулж байж үр дүнтэйгээр амиа хорлолтыг бууруулдаг юм байна. Гол хөшүүрэг нь амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх, амиа хорлолтын эсрэг авах арга хэмжээний хууль аж.
Хуультай, үндэсний хөтөлбөртэй болж, Ерөнхий сайдаар удирдуулж, Үндэсний хороо ажиллаж байж амиа хорлолтыг бууруулдаг гэж ойлгосон.
Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, сайн дурын мэргэжилтнүүдийг энэ чиглэлд илүүтэй сургаж, мэргэшүүлэх шаардлагатай
Хүний нөөц, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж ямар байгаа талаар тодруулахад, Монгол Улсын хэмжээнд 180 гаруй сэтгэцийн эмч ажиллаж байгаа. Сэтгэцийн эмч нарын дийлэх нь Улаанбаатарт төвлөрөн ажиллаж байна. Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэхэд зөвхөн сэтгэцийн эмч нар төдийгүй яаралтай түргэн тусламжийн байгууллага, гэмтлийн эмнэлэг, хордлогын төвд илүүтэй тусламж үйлчилгээ явагдаж байгаа.
Тиймээс энэ асуудал чимээгүйхэн өнгөрөх нь олон. Амиа хорлох бодолтой, үйлдэл төлөвлөж байгаа, эрхдэлтэй зан үйл хийсэн байгаа тохиолдол нь бүртгэгдэхгүй, мэдээлэгдэхгүй яваад байгаа нь асуудлыг далдаж байна. Энэ тал дээр тусламж үзүүлэгч нар маань ажиллаж байгаа ч, эмнэлгийн байгууллагад хандаж байгаа хүмүүсийн ойлголт хомс байна.
Зөвхөн эмнэлэгт суурилсан тусламж үйлчилгээнээс илүүтэй, нийгэм хамт олон буюу ажлын байр, сургуулийн орчинд тусламжийг өргөжүүлдэг систем рүү хандах хэрэгтэй. Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, сайн дурын мэргэжилтнүүдийг энэ чиглэлд илүүтэй сургаж, мэргэшүүлэх шаардлагатай" гэлээ.
Ажил амьдралынхаа тэнцвэрийг олох, стресс бухимдлаа зөв тайлж сурах, гэр бүлээ тэнцвэртэй авч явах ур чадварт иргэн бүр суралцах хэрэгтэй
Амиа хорлолт нь амьдралын туршид тухайн хүн маш олон стресс бухимдлаа даван туулж олон үе шаттай явсаар эцэст нь бууж өгч буй сонголт хийж байгаа үзэгдэл. Өөрөө хэлбэл сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь хүндэрч байгаа гэсэн үг. Иймд эрт илрүүлэх, стресс тайлах ур чадвар, амьдрах ухааны чадварыг нэмэгдүүлэх нь иргэн бүрийн хийх ёстой зүйл болоод байна.
Ажил амьдралынхаа тэнцвэрийг олох, стресс бухимдлаа зөв тайлж сурах, гэр бүлээ тэнцвэртэй авч явах ур чадварт иргэн бүр суралцаж байж хүндэрсэн буюу сүүлчийн сонголтыг хийхгүй байх магадлал нэмэгдэх юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!