Тесла компани Невада мужийн Автомашины Тээврийн Газраас шинэ зөвшөөрөл авч, мужийн нийтийн зам дээр жолоочгүй таксигаа турших эрхтэй боллоо. Энэ эрхийн зөвшөөрлийг Тесла компаний төлөөлөгч Сойер Мерритт анх мэдээлжээ. Энэхүү мэдэгдэл нь хоёр сарын өмнө гүйцэтгэх захирал Элон Маск жолоочгүй таксигаа олон шинэ зах зээлд тэлэхээр төлөвлөж байгаагаа зарласны дараа боллоо.
Элон Маск долоодугаар сарын 23-нд өгч байсан ярилцлагадаа “Бид үйлчилгээний хүрээг өрсөлдөгчдөөс хавьгүй сайн болгох болно. Магадгүй долоо хоног эсвэл хоёрын долоо хоногийн дараа илүү дэвшилтэт болгоно гэж найдаж байна. Бид Бей Ареа, Невада, Аризона, Флорида болон бусад олон газарт туршилтаа албан ёсоор эхлүүлэхийн тулд зохицуулалтын зөвшөөрөл авч байна.
Зөвшөөрлүүдээ аваад аюулгүй байдлаа баталмагц бид жолоочгүй такси үйлчилгээг улс даяар нэвтрүүлнэ. Энэ оны эцэс гэхэд АНУ-ын хүн амын талд нь жолоочгүй такси ашиглагдаж эхэлнэ гэж бодож байна. Энэ бол бидний зорилго.” гэж хэлсэн билээ.
Энэ зун Тесла Остинд жолоочгүй Model Y SUV машинаар зорчигч тээвэрлэх үйлчилгээг эхлүүлсэн. Урд суудалд Теслагийн ажилтан сууж явдаг энэ үйлчилгээ анх Өмнөд Остинд эхэлж дараа нь хот даяар өргөжжээ.
Калифорниа мужтай харьцуулахад Невадад туршилт эхлүүлэх үйл явц харьцангуй хялбар. Компаниуд туршилтын бүртгэлийн маягт бөглөж, мужийн Автомашины Тээврийн Газарт өгнө. Зөвшөөрөгдвөл тус агентлаг туршилтын гэрчилгээ болон улаан дугаар олгодог. Merritt-ийн мэдээлснээр Тесла энэ гэрчилгээгээ аваад байгаа юм.
Невадагийн Автомашины Тээврийн Газрын албанаас Тесла 9-р сарын 3-нд туршилтын бүртгэлийн хүсэлтээ гаргаж, өнгөрсөн Лхагва гаригт бизнесийн лицензийн баг боловсруулсныг баталжээ. Хэвлэлийн төлөөлөгч Хайли Фостерийн хэлснээр Тесла зам дээр турших зөвшөөрөлтэй боловч тэдгээрийг арилжааны үйлчилгээнд нэвтрүүлэх эрхгүй хэвээр байна. “Тесла бүрэн хэмжээний хөтөлбөр буюу Robotaxi эхлүүлэхийн тулд үйл ажиллагааны баталгааг гэрчилгээжүүлэх процессыг дуусгах шаардлагатай.” гэж тэрээр цахим хуудаснаа бичжээ.
Дүрмийн дагуу АНУ-д нийтийн зам дээр жолоочгүй тээврийн хэрэгсэл турших компаниуд 5 сая ам.долларын даатгалын баталгаа гаргаж, аливаа ослыг 10 хоногийн дотор мэдээлэх ёстой.
Невада нь жолоочгүй технологид ээлтэй орчинтой тул энэ салбарын идэвхтэй төв болжээ. Motional болон Lyft компаниуд олон жилийн турш Лас Вегасын нийтийн зам дээр жолоочгүй автомашины туршилт хийсэн.
Мөн Лас Вегас хотод робот таксигаараа саяхнаас үнэгүй үйлчилгээ үзүүлж эхэлсэн Амазон компанийн Zoox такси нэлээд амжилттай байна. Энэ долоо хоногийн эхэнд Zoox олон нийтэд зориулсан робот такси үйлчилгээгээ эхлүүлсэн ч зохицуулалтын зөвшөөрөл хүртэл аяллууд үнэгүй байх юм.
Харин Тесла жинхэнэ арилжааны робот такси үйлчилгээ эхлүүлэхийн тулд Невадагийн Тээврийн Газраас нэмэлт зөвшөөрөл авч, автономит тээврийн хэрэгслийн сүлжээний компани хэлбэрээр ажиллах ёстой ажил л үлдлээ.
Эх сурвалж: Techrunch
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!