Зориг сангийн хэрэгжүүлж буй “Алхам” төсөлтэй хамтарсан “Бичихүйн уралдаан” зарлагдлаа. Тус уралдаан нь Монгол Улсад ховор боловч нийгмийн хөгжилд чухал хэрэгцээтэй 36 мэргэжлийг олон нийтэд таниулах зорилготой бөгөөд оролцогчид сонгосон мэргэжлийнхээ талаар эсээ, зохион бичлэг болон бусад төрлийн бичвэр бэлтгэн оролцох боломжтой.
Монголд нийгмийн хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг ч цөөн хүн сонгон суралцдаг мэргэжлүүд бий. Тиймээс энэхүү уралдаанаар дамжуулан тэдгээр мэргэжлийн онцлог, нийгэмд гүйцэтгэх үүргийг олон нийтэд таниулж, залуусын мэргэжил сонголтод эерэг нөлөө үзүүлэхийг зорьж байна.
Уралдаанд оролцогчид зохион байгуулагчдын сонгосон 36 мэргэжлээс аль нэгийг сонгон, тухайн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтэн, суралцахаар зорьж буй оюутан, сурагч эсвэл уг мэргэжилтэй хүнийг таньдаг иргэдийн байр суурь, туршлагад тулгуурлан бичвэрээ боловсруулах боломжтой.
БИЧВЭР БИЧИХ 36 МЭРГЭЖИЛ
Уралдаанд дараах мэргэжлүүдийн аль нэгийг сонгон оролцоно. Үүнд:
- Микробиологич
- Хүнсний технологич
- Автоматикийн инженер
- Засварын инженер
- Эрчим хүч тооцооллын инженер (Energy Efficiency Engineer / Energy Auditor)
- Усны инженер
- Дулаан, салхивч, сантехникийн инженер
- Аммиак хөргөлтийн байгууламжийн инженер
- Цахилгааны инженер
- Цахилгаан автоматикийн инженер
- Механик инженер
- Уур амьсгалын эрсдэлийн шинжээч
- Тогтвортой сав баглаа боодлын дизайнер
- Тогтвортой хөгжил, уур амьсгалын эрсдэлийн шинжээч
- Хими, микробиологийн шинжлэх ухаан
- Химич
- Геофизикч
- Эх барих эмч
- Тусгай хэрэгцээт боловсролын багш
- Дууны найруулагч
- Хүүхдийн номын зураач
- Палеонтологич
- Археологич
- Шавж судлаач (амьтан судлаач)
- Байгаль хамгаалагч
- Амьтны чихмэлчин
- Вирус судлаач
- Архивч
- Дархан
- Хөдөлгөөн засалч
- Мужаан
- Морин хуур урлаач
- Эртний бичиг судлаач
- Музейн куратор
- Малын генетикч
- Ойн инженер
УРАЛДААНЫ НӨХЦӨЛ, ХУГАЦАА
Уралдаанд насны хязгаар байхгүй. Монгол Улсын аль ч аймаг, орон нутаг болон гадаад улсаас 100 хувь цахимаар оролцох боломжтой. Бичвэрийн төрөлд эсээ, зохион бичлэг, ярилцлага, орчуулга багтах ба нийт 800-1200 үгтэй байна.
Уралдааны нийт шагналын сан 2,000,000 төгрөг бөгөөд эхний таван байрыг шалгаруулж, дараах байдлаар мөнгөн шагнал олгоно. Үүнд:
- 1-р байр: 1,000,000 төгрөг
- 2-р байр: 500,000 төгрөг
- 3-р байр: 250,000 төгрөг
- 4-р байр: 150,000 төгрөг
- 5-р байр: 100,000 төгрөг
Мөн шилдэг бичвэрүүдийг мөнгөн шагналаар урамшуулахаас гадна “АЛХАМ” төслийн сошиал кампанит ажлын хүрээнд олон нийтэд түгээх юм.
Бичвэр хүлээн авах эцсийн хугацаа 2026 оны арваннэгдүгээр сарын 29-ний 23:59 цагт дуусна.
Уралдааны дэлгэрэнгүй нөхцөл, мэргэжлийн жагсаалт болон бичвэр илгээх заавартай writing.mn цахим хуудсаар танилцах боломжтой.



255











