“Өсвөрийн парламент 2026” хөтөлбөрийг “Өсвөр үе-Сэтгэл зүй” сэдвийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж байна.
Өсвөр үеийнхний парламентын боловсролыг дээшлүүлэх, хүний эрх, ардчилал, хууль тогтоох үйл явцын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой тус хөтөлбөр зургаа дахь жилдээ хэрэгжих гэж байна.
Энэ жилийн хөтөлбөрт Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн нийт 126 сурагч сонгон шалгаруулалтаар хамрагдана.
Сонгон шалгаруулалтын бүртгэл 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдрийн 23:00 цаг хүртэл нээлттэй явагдана.
Хөтөлбөрт шалгарсан сурагчдын мэдээллийг 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн болон “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн цахим хуудсанд байршуулна.
ХӨТӨЛБӨРӨӨС ЮУГ СУРЧ МЭДЭХ ВЭ?
- Парламентын боловсрол, хүний эрх: Ардчилал, сонгууль, парламентын үйл ажиллагаа, хууль тогтоох үйл явц, Үндсэн хууль болон хүний эрх, эрх чөлөөний талаар мэдлэг эзэмшинэ.
- Өсвөр үе, Сэтгэл зүй: Сэтгэл хөдлөлөө таньж ойлгох, сэтгэл зүйн эрүүл мэндээ дэмжих, тулгамдсан асуудлаа зөв илэрхийлэх, бусдыг ойлгож дэмжих талаар суралцана.
- Тогтвортой хөгжлийн зорилтууд: Нийгмийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, нотолгоонд тулгуурлан санал, шийдэл боловсруулахад суралцана.
- Илтгэх, мэтгэлцэх, багаар ажиллах ур чадвар: Үзэл бодлоо илэрхийлэх, бусдын байр суурийг хүндэтгэх, хэлэлцүүлэгт оролцох, хамтран шийдвэр гаргах чадвараа хөгжүүлнэ.
- Нөлөөллийн ажлын дадлага, туршлага: Сургууль, орон нутагтаа нөлөөллийн ажил зохион байгуулж, үе тэнгийнхэндээ мэдлэг, мэдээлэл түгээн, хүүхэд, залуучуудын дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэх боломжтой.
ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
Сонгон шалгаруулалтад оролцох сурагчид дараах материалыг бүрдүүлнэ.
1. Оролцогчийн танилцуулга, асуулга
Хөтөлбөрийн албан ёсны цахим бүртгэлийн маягтад байршуулсан асуултад хариулна.
2. Парламентын боловсролын сорил
“Парламентын боловсрол” хөтөлбөрийн 7 цахим хичээлийг бие даан судалж, үндсэн бүртгэлийн маягтад байршуулсан сорилыг бөглөнө.
Цахим хичээл үзэх бол ЭНД дарна уу.
3. Зохион бичлэг
- Сэдэв: “Миний оролцоо-Бидний ирээдүй”
- 500-700 үгтэй зохион бичлэг бичнэ.
4. Видео бичлэг
- Сэдэв: “Өсвөр үе-Сэтгэл зүй”
- 2-3 минутын хугацаатай видео бичлэг бэлтгэнэ.
ҮНДСЭН БҮРТГЭЛИЙН ХОЛБООС:
https://forms.gle/cAK8KuHXUDPgUCqS7
Жич: Парламентын боловсролын сорил нь үндсэн бүртгэлийн маягтад багтсан тул тусад нь бөглөх шаардлагагүй.
Өөрийн дуу хоолойгоо хүргэж, үе тэнгийнхнийхээ төлөө санаачилга гаргаж, нийгмийн эерэг өөрчлөлтийн нэг хэсэг болоорой!






225











