Их Британийн бүрэлдэхүүнд багтдаг Уэльс улс сонгуулийн үеэр сонгогчдыг төөрөгдүүлэх зорилгоор худал мэдээлэл тараах явдлыг гэмт хэрэгт тооцох шинэ хууль баталжээ. Ингэснээр сонгуулийн кампанит ажлын үеэр зориудаар худал баримт түгээхийг хуулиар хориглох чиглэлд дэлхийд анхдагч алхам хийж буйд тооцогдож байна.
Уэльсийн парламент буюу Senedd Cymru 2026 оны гуравдугаар сарын 17-нд Senedd Cymru (Member Accountability and Elections) Act 2026 хуулийг баталсан байна.
Шинэ хуулиар сонгуулийн өмнө болон сонгуулийн үеэр аль нэг нэр дэвшигчийн сонгогдох боломжид нөлөөлөх зорилгоор худал эсвэл төөрөгдүүлсэн баримт мэдээлэл тараахыг хориглох эрх зүйн зохицуулалт бий болгожээ.

Тухайлбал:
- Нэр дэвшигчийн талаар зориудаар худал баримт мэдээлэл тараах;
- Сонгогчдын саналыг өөрчлөх зорилгоор төөрөгдүүлсэн мэдээлэл нийтлэх;
- Сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөр худал мэдээллийг санаатайгаар түгээх зэрэг үйлдлийг зохицуулалтад хамруулахаар тусгасан байна.
Харин энэ хууль батлагдсан даруйдаа хэрэгжиж эхлэхгүй. Хуулийн дагуу Уэльсийн Засгийн газар хориглох үйлдлийн нарийн хүрээ, хэрэгжүүлэх журмыг боловсруулж батлах шаардлагатай бөгөөд уг зохицуулалт 2030 оны сонгуулиас өмнө бүрэн хэрэгжихгүй байх төлөвтэй байна.
Гэхдээ энэ хууль маргаан дагуулжээ

Уг хуулийг дэмжигчид сонгуулийн үеэр худал мэдээлэл, зохион байгуулалттай гүтгэлэг, хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч дүрс бичлэг, мэдээлэл түгээх нь ардчилсан сонголтод сөргөөр нөлөөлж байгааг онцолжээ.
Харин шүүмжлэгчид худал мэдээллийг хэрхэн тодорхойлох, ямар тохиолдолд гэмт хэрэгт тооцох нь тодорхой бус байвал үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж болгоомжилж байгаа аж.
Мөн хуулийн зохицуулалт нь улстөрчдийн аливаа санал бодол, амлалт, улс төрийн шүүмжлэлийг шууд гэмт хэрэг болгох гэсэн үг биш юм. Гол нь сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор тараасан худал, төөрөгдүүлсэн баримт мэдээлэлд чиглэж байгаа юм.
Ийнхүү цахим орчинд худал мэдээлэл, хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч контент нэмэгдэж буй энэ үед сонгуулийн үнэн зөв мэдээллийг хамгаалах асуудал дэлхийн улс орнуудын анхаарлыг татаж байна.
Эх сурвалж: BBC, Welsh Government, Senedd Cymru.



228











