Бразилын Амазоны ширэнгэн ойд өөрсдийгөө суурин иргэншлээс тусгаарлан амьдардаг Ава (Awá) үндэстний хүмүүс ойгоос гарч ирэн, тосгоны иргэдээс хоол хүнс хүсжээ.
Энэ үйл явдал олон улсын хэвлэл, байгаль хамгаалал, уугуул иргэдийн эрхийг хамгаалагч байгууллагуудын анхаарлыг ихээхэн татаж байна. Учир нь тэдний амьдардаг ойд хууль бус мод бэлтгэл, ан агнуур нэмэгдэж, амьдрах орчин нь хумигдаж байгаа нь ийнхүү тусламж хүсэхэд хүргэсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Ава үндэстэн гэж хэн бэ?
Ава бол Бразилын зүүн хойд хэсгийн Амазоны ширэнгэн ойд амьдардаг уугуул үндэстэн. Тэдний зарим бүлэг орчин үеийн нийгмээс сайн дураараа татгалзаж, ойгоос хоол хүнсээ олзворлож, ан хийж, ургамал жимс түүн аж төрсөөр буй.
Мөн эдгээр хүмүүс гадна ертөнцийн хүмүүстэй харилцахаас зайлсхийдэг гэнэ. Учир нь "орчин үеийн хүмүүсээс" халдварт өвчин авах вий хэмээн болгоомжилдог. Бидний хувьд энгийн ханиад ч олон зуун жилийн турш суурин иргэншил, хотжилтоос хол амьдарч ирсэн тэдэнд амь насанд нь аюул учруулж болзошгүй аж.
Яагаад 20 орчим хүн ойгоос гарч ирсэн бэ?
Арваннэгдүгээр сарын 16-нд Ава үндэстний 20 орчим хүн ойгоос гарч, Бразилын Мараньян мужийн уугуул иргэдийн нутаг дэвсгэр дэх төрийн хяналтын цэгт очжээ. Тэд төрийн ажилтнуудаас ямс хэмээх хүнсэнд хэрэглэдэг үндэс үрт ургамал хүсэж, хүнсээ аваад ой руугаа буцан оржээ.
Орон нутгийн уугуул иргэдийн төлөөлөгчид Ава хүмүүсийн биеийн байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Ялангуяа хүүхэд, ахмад настнууд нь хэт турж эцсэн харагдсан гэжээ. "Survival International" олон улсын байгууллагын мэдээлснээр Ава үндэстний тус бүлэг ийнхүү ойгоос гарч, бусад хүмүүстэй ойр харилцсан нь сүүлийн хэдэн арван жилд тохиолдсон ховор үйл явдал болжээ. Хоол хүнсээ өөрсдөө олж амьдардаг хүмүүс ийнхүү бусдаас тусламж хүссэн нь тэдний нөхцөл байдалд анхаарах шаардлагатайг харуулж байна гэж мэргэжилтнүүд дүгнэж эхэлжээ.
Ой сүйдэж, амьдрах орчин нь хумигдаж байна
Ава үндэстний амьдардаг Арарибойа нутаг дэвсгэрт сүүлийн жилүүдэд хууль бус мод бэлтгэгчид, анчид болон мал аж ахуй эрхлэгчид нэвтрэх нь нэмэгджээ. Тэд ой модыг огтолж, газар нутгийг мал аж ахуйд ашиглах зэргээр байгалийн унаган төрхийг өөрчилж байгаа юм.
Ой мод багасах тусам Ава үндэстний ан хийж, хоол хүнсээ цуглуулах боломж хязгаарлагдана. Иймээс байгаль хамгаалагчид Ава үндэстний хүмүүс ойгоос гарч ирсэн шалтгааныг тэдний амьдрах орчинд үзүүлж буй дарамттай холбон тайлбарлаж байна. Гэхдээ энэ нь батлагдсан шалтгаан биш юм.
Бразилын уугуул иргэдийн асуудал эрхэлсэн FUNAI байгууллага уг үйл явдлын дараа нөхцөл байдлыг хянаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг идэвхжүүлжээ. Тус байгууллагын хувьд Ава үндэстний хүмүүсийг ойгоос гаргаж, орчин үеийн нийгэмд нэгтгэх бус, харин тэдний амьдардаг ойг хамгаалж, өөрсдийн хүссэнээр амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэхэд анхаарах ажээ.
Эх сурвалж: Reuters, Al Jazeera, Survival International


122











