Элон Маскийн эзэмшдэг Х платформын шинэ гол дүрүүд тодорлоо. Гэхдээ тэдгээр нь хүн биш харин бүхэл бүтэн улс үндэстнүүд гэвэл та яах вэ?
Хэдийгээр тус платформ дээр өөр өөр улс орнууд хоорондоо, эсвэл хөрш улсынхаа иргэдтэй маргаан өрнүүдж байдаг ч Франц болон Японы хооронд болж буй асуудал тэдгээрээс арай өөр түвшинд очсон бололтой.
Францад яг одоо амжиргааны өртөг нэмэгдсэн болон сургуулиудын сургалтын орчныг сайжруулахыг шаардсан жагсаал цуглаан үргэлжилсээр байгаа билээ. Энэ үеэр Х сүлжээний зарим японы хэрэглэгчид тус улсад үүсээд буй үймээн самууныг өнгөт арьстнууд болон араб иргэдтэй холбон буруутгаж эхэлсэн тул Францын хэрэглэгчид тэдний эсрэг цахим сөргөлдөөн өрнүүлж эхэлжээ.
Францын "Act 3" эсэргүүцлийн жагсаал

Франц улс одоогийн байдлаар маш том жагсаал цуглааны хөдөлгөөний дунд байна. Энэхүү хөдөлгөөн нь есдүгээр сарын дундуур Парис хотоос зүүн өмнөд зүгт орших Кретейл хотын нэгэн ахлах сургуулиас эхэлсэн бөгөөд сургуулийн багш ажилчид болон сурагчид багш нарын хомсдол, сургалтын орчин нөхцөл муу байгаад бухимдсанаар үүсжээ.
Түүнээс хойш ахлах сургуулийн сурагчид дээр нэмэгдэж эцэг эхчүүд, үйлдвэрчний эвлэлийн гишүүд нэгдсэн бөгөөд зарим жагсаал цуглааныг цагдаа нар нулимс асгаруулагчтай хий ашиглан хүчээр зогсоохоос өөр аргагүйд хүрсэн байна.

Зөвхөн 10-р сарын 6-ны өдөр гэхэд Парис хотод ойролцоогоор 56,000 хүн жагсаалд оролцон алхжээ. Мөн амьжиргааны өртөг нэмэгдэж, улсын үйлчилгээний салбарууд муудаж байгаад иргэд туйлын бухимдалтай байгаа нь энэхүү үймээнийг улам дэвэргэж байна. Иймэрхүү масс хамарсан том хөдөлгөөнүүд нь эмх замбараагүй байдлыг үүсгэдэг тул Парис хотын гудамжинд үймээн самуун дэгдэж, дэлгүүр хоршоо тонох явдал ч гараад байгаа юм.
Францад өрнөж буй эсэргүүцлийн жагсаал нь боловсролын салбарын нөхцөл байдлаас үүдэлтэй тул оролцогчдын дийлэнх хувийг сурагчид, залуучууд эзэлж байна. Харин "Gen Z" буюу шинэ үеийнхэн анимед туйлын хайртай. Bloomberg агентлагийн мэдээлснээр, "Sony Group"-ээс 10 орны аниме үзэгчдийн дунд явуулсан судалгаагаар "13-17 насны аниме сонирхогчдын 79%" нь өмнөх жилээс илүү олон аниме үзсэн гэж хариулсан бол "Gen Z" үеийн нийт оролцогчдын 68% нь мөн ийм хариулт өгчээ.

10-р сарын 17-нд Парис, Лион, Монпелье хотуудад болсон жагсаалын үеэр сурагчид "One Piece" аниме дээр гардаг "Дэрсэн малгайт далайн дээрэмчид"-ийн тугийг барьж, "Наруто", "Драгон Балл", "Жүжүцү Каисэн" зэрэг аниме дүрслэлийг ашигласан байв. Түүнчлэн жагсагчдын дунд "Ертөнцийг Отакунууд (аниме сонирхогчид) аврах болно" гэсэн уриа үг ч түгжээ.

Дэрсэн малгайтнуудын туг сүүлийн үед эсэргүүцлийн жагсаал дээр харагдах элбэг болсон. Аниме дээрээ гол дүр Монки Д. Луффи болон түүний багийнхан аяллынхаа ихэнх хугацаанд авилгад автсан засгийн газруудтай тэмцэж, дарангуйлалд өртсөн ард түмнийг чөлөөлдөг. Тиймдээ ч энэхүү туг нь тэмцэл, бослогын бэлгэдэл болон Индонези, Непал улсуудад болсон эсэргүүцлийн жагсаал цуглаанууд дээр ч мөн намирч байжээ.

Харамсалтай нь, Х сүлжээний зарим япон хэрэглэгчид үүнд дургүйцсэн байна. 10-р сарын 19-нд "Anime Spotlight" хэмээх Х хаяг тус аниме тугийг хүчирхийлэл, үймээн самуунтай холбосонд бухимдаж буй японы хэрэглэгчдийн сэтгэгдлийн нэгтгэлийг хуваалцжээ.
Гэхдээ энэ байр суурийг хэр олон хүн дэмжиж байгаа нь тодорхойгүй байна. Улмаар зарим японы Х хэрэглэгчид Францад үүсээд буй үймээн самууныг өнгөт арьстнууд болон араб цагаачидтай холбон буруутгаж, ингэхдээ арьс өнгөөр доромжилсон үг хэллэг, сармагчны зураг болон Атлантын далай дамнасан боолын худалдаатай холбоотой дүрслэлийг олноор ашиглажээ.
Эдгээр пост нь Европ болон АНУ-ын баруун жигүүрийн нөлөөлөгчид, улс төрчдийн дунд түгдэг цагаачлалын эсрэг үзэл бодлыг шууд хуулбарласан байсан бөгөөд уг жагсаал нь угтаа сургуулиудын төсөв, санхүүжилт муу байгаагаас үүдэлтэй гэдгийг огт харгалзаагүй байна.

Францын хэрэглэгчид ч зүгээр суусангүй тэдэнд хариу цохилт өгсөн ба тэдгээр нь японы хэрэглэгчдийнхээс дутахгүй ширүүн байлаа. Франц хэлнээс орчуулагдсан тэдний постууд цахим орчинд маш хурдан түгсэн бөгөөд францууд голцуу японы эрчүүдийг онилж, тэдний хэтэрхий хатуу ажлын соёл, ганцаардал болон зарим аниме, манга дээр залуу охидыг бэлгийн харилцааны өнцгөөс хэт дөвийлгөдөг талаарх хэвшмэл ойлголтуудыг ашиглан дайрчээ.
Ерөнхий дүр зураг
Өмнө дурдсанчлан, хоёр улсын иргэд цахим орчинд маргалдах нь шинэ зүйл биш юм. Гэхдээ дижитал соёлын энэхүү өвөрмөц үйл явдал нь өрнөдийнхний Япон орны тухай хийсвэр, домог мэт төсөөллийг онилсноороо арай өөр юм.

Энэхүү төсөөлөл нь аниме, видео тоглоом болон Японы засгийн газрын "Cool Japan" хэмээх соёлын зөөлөн хүчний бодлогын нөлөөгөөр бүрэлдэн тогтсон байдаг. Япон улсыг аюулгүй, соёлтой, бага зэрэг өвөрмөц хэмээн сурталчилдаг ч бусад улс орнуудын адил түүний дүр төрхөд ч бас сүүдэртэй талууд бий. Япон орныг туйлширан биширдэг өрнөдийнхөн тус улсын цагаачлалын эсрэг тэмцэл, илүү цагаар ажиллах хямрал, хүний эрхийг зөрчсөн шүүх засаглалын тогтолцоо, эсвэл дайны үеийн түүх нь тус улсад болон Ази даяар маргаантай хэвээр байгааг анзааралгүй өнгөрөөдөг.

Түүнчлэн ямар түүх нийгэмд илүү үлддэг вэ гэдэгт арьс өнгөний үзэл ч бас нөлөөлдөг. Барууны орнуудад Ази гаралтай америк цагаачдыг, ялангуяа Зүүн Азиас гаралтай иргэдийг "үлгэр жишээ цөөнх" гэж өргөмжлөх нь элбэг бөгөөд энэхүү "эерэг мэт" хэвшмэл ойлголтыг өнгөт арьстнууд болон бусад Азийн бүлгүүдийг үргэлжлүүлэн дарангуйлах хандлагаа зөвтгөхөд ашигладаг талтай.
Гэхдээ энэ бүхэн нь хоёр талын хэрэглэгчдийн хэн хэнийх нь гаргаж буй арьс өнгөөр ялгаварлах үзлийг зөвтгөх үндэслэл болохгүй. Францын хэрэглэгчдийн япончууд руу дайрсан олон пост нь тэдний хариуг нь барьж буй японы хэрэглэгчдийн постуудаас дээрдэх зүйлгүй бөгөөд аль ч улсын талаарх хэвшмэл ойлголт нь тухайн орныг бодитойгоор дүгнэх шалгуур болж чадахгүй.

Харин энэхүү сөргөлдөөн нь аливаа улсын поп соёлын экспорт яагаад тухайн орны бодит амьдралыг бүрэн илэрхийлж чаддаггүйн тод жишээ болж байна. Энэ нь анимегаар дамжуулан харж буй Япон улс болон ил захидал дээрх зургаар төсөөлдөг Парис хотын аль алинд нь яг ижилхэн хамаатай юм.
Эх сурвалж: Mashable



156











