Европын хэд хэдэн улсад зорчигч тээврийн онгоцнуудад тэсрэх бөмбөг байршуулсан гэх заналхийлэл дараалан ирсний улмаас нислэгүүдэд онцгой байдлын шалгалт хийж, зарим онгоц чиглэлээ өөрчилжээ.
Одоогоор шалгалтаар нэг ч онгоцноос тэсрэх бөмбөг илрээгүй байгаа бөгөөд эрх баригчид үйл явдлууд хоорондоо холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж байна.
Хамгийн сүүлд гарсан мэдээллээр өчигдөр Европт багадаа долоон нислэг бөмбөгийн заналхийлэлд өртжээ. Үүнээс өмнөхөн нэг нислэг ижил төстэй шалтгаанаар яаралтай газардсан байна.

Польшид Лондоноос Варшавыг зорьж явсан LOT Polish Airlines-ийн нислэг үүссэн нөхцөл байдлын улмаас нисэх буудлыг өөрчлөн газарджээ.
Онгоцонд 181 хүн зорчиж явсан ба тус нисэх буудлын ажиллагааг түр хугацаанд зогсоон, онгоцонд нэгжлэг хийсэн байна. Шалгалтаар сэжигтэй зүйл илрээгүй тул нисэх буудлыг дахин нээжээ.
Данийн Копенхагенаас Варшав руу ниссэн SAS Scandinavian Airlines-ийн нислэгт заналхийлэл ирсэн ч онгоц хуваарийн дагуу газардсан байна. Дараа нь аюулгүй байдлын үзлэг хийсэн боловч ямар нэгэн тэсрэх төхөөрөмж олдоогүй аж.
Испанийн өмнөд хэсгийн Мурсиа хотод Манчестераас ирсэн Ryanair-ийн нислэг мөн адил заналхийлэлд өртжээ.
Онгоц газардмагц зорчигчдыг буулган, тэсрэх бодис илрүүлэгч нохой болон тусгай албаныхан үзлэг хийсэн ч тэсрэх төхөөрөмж олдоогүй байна.
Болгарын нийслэл Софи хотод ч мөн хоёр нислэг бөмбөгийн заналхийлэл хүлээн авсан талаар тус улсын Тээврийн сайд мэдээлжээ.

Энэ бүх үйл явдал даваа гарагт Лондоноос Болгарын Софи хотыг зорьж явсан Wizz Air-ийн онгоц бөмбөгийн заналхийллийн улмаас Унгарын нийслэл Будапешт хотод яаралтай газардсаны дараахан болжээ.
Нисэхийн аюулгүй байдлын шинжээч Пол Мэйсон ийм төрлийн заналхийлэл олон улсын хэмжээнд зэрэг шахуу бүртгэгдэж байгаа нь ердийн тохиолдол биш бөгөөд санамсаргүй үйлдэл гэхээсээ илүүтэйгээр зохион байгуулалттай байж болзошгүйг онцолсон байна.

Эх сурвалж: BBC, Reuters



177











