COP17 хурлын үеэр загварын шоунд үзүүлсэн эдгээр хувцас нь байгальд ээлтэй ноолууран бүтээгдэхүүн юм.
Дэлхий даяар жил бүр 50 сая тонн хувцас хаягдал болж байна. Байгаль орчинд үл шингэх бүтээгдэхүүн, ээлгүй үйлдвэрлэл, хөдөлмөрийн мөлжлөг гэх мэт олон асуудал хөндөгддөг тул хувцас загварын салбарыг тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулан авч үзэх нь зүй ёсны шаардлага болжээ.
Үүний тулд Европын холбоо Digital Product Passport (DPP) буюу бүтээгдэхүүний дижитал пасспортыг нэвтрүүлж, тухайн бүтээгдэхүүний материал, түүхий эдийн гарал үүслээс эхлэн үйлдвэрлэлийн бүхий л үе шатыг дамжин эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэл шат дамжлагуудыг бүртгэн, хэрэглэгчид ил тод мэдээлэх системийг нэвтрүүлж байна. Дээрх мэдээллүүдийг бүтээгдэхүүн тус бүрд QR код, баркод зэрэг технологийн дэвшлийг ашиглан нэг загвар, стандартаар хэрэглэгчид хүргэх бөгөөд ингэснээр бараа бүтээгдэхүүн бүр өөрийн паспорттой болно гэсэн үг аж.
Энэхүү санаачилгыг Европын холбоо 2024 оноос гаргасан ба зай, даавуу болон нэхмэл эдлэл, төмөр, ган, тавилга болон мэдээллийн технологийн бүтээгдэхүүнүүдэд үе шаттайгаар нэвтрүүлэхээ зарлаад байна.
Нийлүүлэлтийн гинжин хэлхээний мөшгилтийн энэ системийн хүрээнд эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжсэн бүтээгдэхүүнийг дэмжиж, хуучирч элэгдсэн ч сэргээн засварлах, дахин ашиглах, боловсруулах боломжийг олгох давуу талтай юм.

Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сард болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар /COP17/ хурлаар энэ асуудлыг хөндөж, “Fashion for land” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт НҮБ-ын төлөөлөгчдөөс гадна Францын тансаг брэндүүдийн нэг LVMH группийн удирдлагууд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Газрын элч, Грэммийн гурван удаагийн шагналт уран бүтээлч Рикки Кэйж тэргүүтэй загварын салбарынхан болон манай ноос ноолуур үйлдвэрлэлийн салбарын төлөөллүүд оролцсон.
Тэдний ярианы гол агуулга нь бидний өмсөж буй хувцас газраас эхэлдгийг онцолж, энэ хүрээнд байгалийн ширхэгт материал буюу ноолууран эдлэлийн хэрэглээнд тулгуурласан газрын тогтвортой менежмент болон хувцас загварын салбарын хөгжлийн шинэ хандлагад чиглэж байв.
Байгаль орчинд сөрөг нөлөөгүй технологиор үйлдвэрлэсэн эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүнийг Европчууд түлхүү сонгох болсон бөгөөд бүтээгдэхүүнийг дахин ашигласнаар урт хугацаанд, тогтвортой оршин тогтнох тухай илүү өргөн агуулгаар ухамсарлах болжээ. Тухайлбал, монгол ноолууран бүтээгдэхүүн элэгдэж хуучирсан ч нөхөн сэргээж, насан турш эдэлж, хэрэглэж болно гэж энэ үеэр дурдаж байв.
Хувцас сонгохдоо зөвхөн өнгө, загварыг харах төдий биш, байгаль орчинд ээлтэй материал, технологиор эцсийн бүтээгдэхүүн болж бидний гар дээр ирэх нь хэрэглээний нэг чухал соёл болон түгж байна. Тухайлбал, бидний өмсдөг хувцсыг бүтээх түүхий эд хаанаас бий болдог вэ? Түүнийг үйлдвэрлэхэд газар, ус, хөрс, бэлчээр болон экосистемд ямар нөлөө үзүүлдэг вэ? гэсэн асуултын хариултынхаа хамт хэрэглэгчид хүрнэ гэсэн үг.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “Fashion for Land” санаачилгын үзэл баримтлалд хөвөн, ноолуур, ноос, модонд суурилсан ширхэгт болон синтетик материал зэрэг түүхий эд нь газрын нөөцөд өөр өөрийн ул мөр үлдээдэг. Тиймээс загварын салбарын тогтвортой шилжилт нь зөвхөн үйлдвэрлэлийн технологийн асуудал бус, газрын экосистем, усны нөөц, биологийн олон янз байдал, малчдын амьжиргаа болон хариуцлагатай нийлүүлэлтийн сүлжээтэй ч салшгүй холбоотой гэж үзэж, олон нийтэд тайлбарлан таниулж байна.
Дэлхий нийтийн хэрэглээний энэ чиг хандлагын талаарх хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын төлөөллүүд дараах байр суурь илэрхийллээ.

Obortech ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир, Манай компани 2021 онд байгуулагдах үед digital product passport /DPP/ буюу бүтээгдэхүүний цахим паспортын талаар яригдаж эхлээгүй байв. Бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг ил тод болгохын тулд түүнийг цахимжуулах ёстой. Тэр нь бидний уламжлалт ойлголтоос арай өөр. Бүтээгдэхүүний цахим паспортыг нэвтрүүлэх нийлүүлэлтийн сүлжээний олон улсын стандарт гэж бий. Технологийн шаардлага болон мэдээллийн бүтцийг шаардлагуудынх нь дагуу хийвэл мөшгилт, ил тод байдал хэрэгжинэ. Бид энэ чиг хандлагыг эртнээс хараад ажлаа эхэлсэн.
Европын холбоо шинэ хуулиа батлаад, дэлхий дахинд зарлалаа. Ирэх жилээс дагалдах журам болон шаардлагуудыг нь үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэх гэж байна. Аливаа бүтээгдэхүүн хүн шиг digital product passport буюу бүтээгдэхүүний цахим паспорттой болно гэсэн үг. Өмнө нь “Made in Mongolia, Made in China” гэх гарал үүслийн тодорхойлолттой бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан бол Digital Product Passport бий болсноор ямар материалыг хаанаас авч хийсэн, үйлдвэрлэх явцад байгаль орчинд ямар нөлөө үзүүлсэн гэх мэт мэдээллийг шаардах нь. Тиймээс энэ шаардлагыг хангасан цахимжуулалтын ажлыг нэвтрүүлэхэд нэлээд өндөр зардал болон багагүй хугацаа шаардана.
Манай дотоодын компаниудын ихэнх нь жижиг, дунд үйлдвэрүүд тул компаниуд тэр шилжилтийг хийхэд хүндрэл учрах болов уу. Энэ асуудлыг илүү бага зардлаар, богино хугацаанд шийдэх зорилгоор манай компани эртнээс хөгжүүлэлт хийж, Smart Hub платформыг гаргасан. Бид одоогоор “Гоёл” компанитай хамтарч Digital Product Passport-н шаардлагуудыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна. Тун удахгүй шаардлагууд нь тавигдаад эхлэхэд Монголын бусад экспортлогч компаниуд ч нэвтрүүлэх шаардлага гарна. Бидний гол зорилго бол Европын зах зээлийн хүсэж буй шаардлагыг нэвтрүүлэх юм.
Монголд ноолуураар зогсохгүй, мах болон хөдөө аж ахуйн гаралтай органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг маш олон компани бий. Нэг талаараа энэ нь Монгол улсын маань давуу тал болох боломжтой. Дэлхийн зах зээлд их хэмжээний барааг хямдхан үнээр нийлүүлдэг компаниудын дунд цөөхөн боловч чанартай, органик, байгальд ээлтэй бүтээгдэхүүн гэдгээ нотолсон Digital Product Passport-тай Монголын бүтээгдэхүүнийг гаргаж чадвал энэ нь бидний хувьд Дэлхийн зах зээл дээр ялгарах шинэ боломж гэж харж байна.

БНСУ дахь Уур амьсгалын ногоон сангийн Гадаад харилцаа эрхэлсэн захирал С.Оюун, Эх дэлхий маань хүн төрөлхтөн бидний өсөлт, хэрэглээг дааж чадахгүй хэмжээнд хүрч байна. Тиймээс хөгжихдөө байгальдаа аль болох ээлтэй, хэрэглээг багасгасан, байгалийн нөөцийнхөө үнэ цэнийг ойлгож хөгжилгүй болохгүй нь гэсэн санааг хөндөж байна. Сүүлийн 1000 орчим жилд дэлхийн хүн амын хэрэглээ 10 дахин өссөн.Монголчууд бид байгалиа хамгаалж, байгальтайгаа дасан зохицож амьдарч ирсэн уламжлалтай. Уламжлал, шинэчлэл хоёрыг хослуулан байгаль орчинд ээлтэй сонголт хийх ёстой юм.

UNCCD Харилцаа холбоо, гадаад харилцаа, түншлэлийн газрын дарга Ксения Сканлон, Нөхөн сэргээх загвар, хуучин материалыг дахин боловсруулж, шинэ бүтээгдэхүүн бий болгох буюу загварын салбарт эргэлтийн зарчмыг хадгалах тухай хөндөгдөж байна.
Загварын салбар нь цар хүрээ, нөлөөллийн хувьд дэлхий дахинаа чухал байр суурьтай. Энэ салбарыг тогтвортой хөгжил рүү чиглүүлж өөрчилж чадвал нийгэм, эдийн засгийн талаасаа НҮБ-ын конвенцын хүрээнд авч үздэг газартай харилцах харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ. Тиймээс СОР17-д загварын салбарыг оруулсан юм.
Энэ салбарын мэргэжилтнүүд, загварын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, иргэний нийгмийн төлөөлөл, хэрэглэгчидтэй хамтран ажиллаж, хүн бүхний хэрэглээний тухай сэдвийг бид хөндөж байна.
Өнөөдөр бидэнд тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн бүтээлч байдал, инноваци шингэсэн сэтгэлгээ хэрэгтэй бөгөөд залуу дизайнерууд үүнийг салбартаа авчирна. Тэд бүтээлч байдлаа ашиглан загварын салбарын ирээдүйг илүү тогтвортой, байгаль орчинд ээлтэй болгоно гэж найдаж байна. Хэрэв загварын салбарыг илүү тогтвортой чиглэлд өөрчилж чадвал Монголын ард иргэд, байгаль орчныг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна.
ХУВЦСАА ҮЕЭС ҮЕД ДАМЖУУЛАН ӨМСДӨГ ХЭВШИЛДЭЭ ЭРГЭН ОРОХ ХЭРЭГТЭЙ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Газрын элч, Грэммийн гурван удаагийн шагналт уран бүтээлч Рикки Кэйж, Газрын доройтлоос сэргийлэхийн тулд загварын салбар маш их зүйлийг хийж чадна. Ширхэгт материал бүхий хувцас, иддэг хүнс маань бидний тогтвортой байдлыг тодорхойлдог. Учир нь эдгээр түүхий эд хаа нэгтээ ургаж бий болдог. Миний бодлоор хэт хурдацтай загварын үйлдвэрлэл биднийг байнга хувцас худалдан авч, ердөө нэг удаа өмсөхөд хүргэдэг учир хамгийн их бохирдол үүсгэдэг салбаруудын нэг.
Бид нэг хувцсыг олон удаа өмссөн ч загварлаг байж болно. Дэлхий бидний сүүлчийн үдэшлэгээр юу өмссөнийг санахгүй ч түүнд хэрхэн хандаж байсныг минь гарцаагүй санана. Тиймээс загварын салбар илүү чанартай хувцас үйлдвэрлэх чиглэлд шилжих нь чухал болов. Ингэснээр бид хувцсаа дахин дахин өмсөх боломжтой болно.
Мөн хэдэн арван жилийн өмнөх шиг хувцсаа үеэс үед дамжуулан өмсдөг хэвшилдээ эргэн орох хэрэгтэй. Бид хувцсаа хүүхдүүддээ дамжуулдаг, эсвэл эцэг эхийнхээ өмсөж байсан хувцсыг өмсдөг байсан. Хамгийн чухал нь чанартай хувцас сонгож, түүнийгээ дахин дахин өмсөх хэрэгтэй.
"Fashion for land" хэлэлцүүлэг үнэхээр гайхалтай, урам зориг өгсөн арга хэмжээ болсон. Загварын шоунд үзүүлсэн бүх хувцсыг байгалийн гаралтай ширхэгт материалаар урласан байна. Байгалийн гаралтай ширхэгт материал нь биологийн задралд ордог тул дэлхийг бохирдуулдаггүй, жирийн малчнаас эхлээд олон хүний амьжиргааг дэмждэг. Эдийн засагт, хүмүүст, дэлхийд илүү ээлтэй. Энэ нь зөвхөн тогтвортой загвар, тогтвортой материал байгалийн ширхэгт материалын тухай ойлголт биш юм.
Тиймээс чанартай хувцас сонгож, түүнийг дахин дахин өмсөх хэрэгтэй. Энэ бүх асуудлыг "Fashion for land" арга хэмжээний үеэр хэлэлцсэн нь хэрэглээний чиг хандлагад хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
Эцэст хэлэхэд, улс орнууд, Засгийн газрууд хууль баталж чадна. Корпорациуд өөрт нь ашиг авчрах бүхнийг хийж чадна. Харин бодит өөрчлөлт бий болгохын тулд хүн бүр амьдралдаа бага багаар, жижиг алхмуудыг хийх нь бидний сонголт. Үүнийг бид хувцас, загвараа ухамсартайгаар сонгох замаар хийж чадна. Хувцас худалдан авах хандлага хэвшлээ өөрчилж, ухамсартайгаар сонголт хийх хэрэгтэй. Инстаграмын зураг бүхэнд заавал өөр хувцастай байх албагүй шүү дээ. Үүнийг бид сайтар бодож үзэх нь үнэхээр чухал. Нэг хувцсаа дахин дахин өмсөх нь бидний сэтгэл зүйн эрүүл мэндэд ч сайн. Учир нь дараагийн үдэшлэгт юу өмсөхөө байнга бодож, санаа зовох шаардлагагүй болно


182











