Бага насныхаа дурсамжийг Minion-уудтай хамт бүтээж байсан тоглогчдод нэгэн гунигтай мэдээ дуулдлаа. “Despicable Me” хүүхэлдэйн киноноос сэдэвлэн бүтээсэн Minion Rush гар утасны тоглоом 13 жилийн дараа үйл ажиллагаагаа зогсоохоор болжээ. Тоглоомыг 2026 оны аравдугаар сарын 30-наас эхлэн App Store болон Google Play-ээс татаж авах боломжгүй болох юм. Гэхдээ тоглоом тэр өдөр шууд бүрэн хаагдахгүй бөгөөд онлайн үйлчилгээгээ 2027 оны нэгдүгээр сарын 29-нд зогсооно.
НЭГ ТЭРБУМ ТАТАЛТЫГ ДАВСАН АМЖИЛТ
Gameloft компанийн бүтээсэн Minion Rush тоглоом 2013 оны зургаадугаар сарын 10-нд анх худалдаанд гарчээ. Тоглогчид Minion-ы дүрд тоглон саад бэрхшээлээс зайлсхийж, гадил цуглуулан, янз бүрийн даалгавар гүйцэтгэдэг энгийн атлаа донтуулмаар тоглоомын явц нь түүнийг дэлхий даяар алдартай болгосон юм.
Тоглоом нээлтээ хийснээсээ хойш ердөө гурван сарын дотор 100 сая гаруй удаа татагдсан бол 2015 онд хагас тэрбум таталтын босгыг давжээ. Улмаар 2021 онд нэг тэрбум таталтад хүрсэн нь киноны франчайзаас сэдэвлэсэн гар утасны тоглоомуудын хувьд онцгой амжилт байв. Харин 2025 оны тавдугаар сард Gameloft тоглоомын нийт таталт 1.2 тэрбумыг давсныг мэдээлсэн байна.
ТОГЛООМЫН ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
1. Тоглогчид хэдэн их наяд гадил цуглуулсан бэ?
2021 онд нэг тэрбум таталтад хүрэх үеэр тоглогчид тоглоом дотроо нийт 90 их наяд гадил цуглуулж, 216 тэрбум гаруй миль зам туулсан байжээ. Тоглогчдын тоглоомд зарцуулсан нийт хугацаа 3.4 тэрбум цагт хүрсэн байна.

2. Зөвхөн гүйж, гадил цуглуулдаг тоглоом байгаагүй

Тоглоомын шинэчлэлтүүдээр Minion-уудын олон төрлийн хувцас, шинэ орчин, тусгай даалгавар, цаг хугацаатай сорилтууд нэмэгдсэн. 2018 онд таван жилийн ойгоо тэмдэглэх үед тоглогчид 70 гаруй төрлийн хувцас нээх боломжтой болсон байв.
3. Хаагдахаасаа өмнө томоохон шинэчлэлт хийжээ
2025 онд тоглоом Unity хөдөлгүүрт шилжиж, дүрслэл, хэрэглэгчийн интерфэйс, тоглоомын горимууд шинэчлэгдсэн. Тэр үед хөгжүүлэгчид тоглоомын ирээдүйд хөрөнгө оруулж буйгаа онцолж байсан ч 2026 онд үйлчилгээгээ зогсоох шийдвэр гаргасан нь анхаарал татаж байна.

ТОГЛООМ ЯГ ХЭЗЭЭ БҮРЭН ХААГДАХ ВЭ?
Хөгжүүлэгчдийн албан ёсны мэдээллээр тоглоомыг зогсоох үйл явц хоёр үе шаттай явагдана.
2026 он 10.30 - Татаж авах боломжгүй болно. Шинэ хэрэглэгчид тоглоомыг татах боломжгүй болж, апп доторх худалдан авалтыг зогсооно.
2027 он 01.29 - Онлайн үйлчилгээ дуусна. Серверүүд унтарч, онлайн арга хэмжээ, чансаа, үүлэн хадгалалт болон бусад онлайн боломжууд ажиллахаа болино. Харин тоглоомоо төхөөрөмждөө суулгасан хэрэглэгчид офлайн хувилбараар үргэлжлүүлэн тоглох боломжтой.
Хөгжүүлэгчид тоглогчдод зориулан 2026 оны аравдугаар сарын 1-28-ны хооронд тусгай салах ёсны арга хэмжээ зохион байгуулж, тоглоом доторх онцгой шагналууд олгож байна.
БАГА НАСНЫ НЭГЭН ДУРСАМЖ ИЙНХҮҮ ӨНДӨРЛӨЖ БАЙНА
Minion Rush бол зөвхөн киноны дүрүүдийг ашигласан гар утасны тоглоом байгаагүй юм. Ухаалаг утасны тоглоомуудын хэрэглээ эрчимтэй өсөж байсан 2010-аад онд олон хүүхэд, өсвөр үеийнхний чөлөөт цагийн нэг хэсэг болж, энгийн тоглоомоор дамжуулан дэлхий даяарх хэрэглэгчдийг холбож чадсан бүтээл байлаа.
Нээлтээ хийснээс хойш 13 жилийн турш шинэчлэгдэн хөгжиж, 1.2 тэрбум таталтыг давсан тоглоомын түүх ийнхүү төгсгөлдөө хүрч байна. Гэхдээ өмнө нь тоглоомоо төхөөрөмждөө суулгасан хэрэглэгчид офлайн хувилбарыг үргэлжлүүлэн тоглох боломжтой тул Minion-уудтай холбоотой дурсамж аравдугаар сарын 30-нд шууд алга болохгүй юм.



298











