Италийн Мэдээлэл хамгаалах газар Мета компанийг 805 сая еврогоор торгожээ. Учир нь тэд Android үйлдлийн системтэй хэрэглэгчдийн зураг, бичлэгт зөвшөөрөлгүйгээр хандаж байсан гэж үзсэн байна.
Мэдээлэл хамгаалах газрын мэдээлснээр Мета нь Facebook аппликэйшний нэгэн функцээр дамжуулан 20 сая хэрэглэгчийн зураг, бичлэгт хандах боломжтой байсан аж.
Италийн зохицуулагч байгууллага Мета-д уг функцийг идэвхгүй болгох, мөн хэрэглэгчдээс тусад нь зөвшөөрөл авахыг үүрэгдэж, хэрэгжүүлэхэд нь 60 хоногийн хугацаа өгчээ.
Энэхүү маргаан нь Facebook-ийн хэрэглэгчдэд утасных нь зургийн цомгоос зураг, бичлэг санал болгон нийтлэл оруулах санаа өгдөг функцтэй холбоотой.
Facebook хэрэглэгчийн зургийн цомогт нэвтрэх зөвшөөрлийг аппликэйшний нэг удаагийн ерөнхий зөвшөөрлөөр авдаг байсан ч уг зөвшөөрөл нь зургийн сангийн контент дээр үндэслэн санал үүсгэхэд мөн ашиглагдана гэдгийг тодорхой тайлбарлаагүй гэж Италийн тал үзжээ.
Зохицуулагч байгууллага торгуулийн хэмжээг тогтоохдоо:
- Уг функцэд өртсөн хэрэглэгчдийн тоо олон байсан,
- Зарим хэрэглэгчдийн хувьд уг функц одоо ч ажиллаж байна,
- Мета компани шалгалтын явцад хангалттай хамтран ажиллаагүй гэдгийг харгалзан үзсэн байна.
Мета компанийн төлөөлөгч "Бид зохицуулагч байгууллагын гаргасан дүгнэлт, хуулийг тайлбарласан байдал болон торгуулийн хэмжээг хэтрүүлсэн гэж үзэж байна. Бид давж заалдана” гэв.
Мөн хэрэглэгчид төхөөрөмж дээрээ зөвшөөрөл өгсний дараа л уг функц ажилладаг бөгөөд хүссэн үедээ тохиргооноосоо зөвшөөрлөө цуцлах боломжтой гэж тайлбарласан байна.
Мета өмнө нь ч өндөр дүнтэй торгууль авч байжээ. Өнгөрсөн сард Мета бизнесийн үйл ажиллагаатай холбоотой хэрэгт өртсөн ба компанийн түүхэн дэх хамгийн өндөр торгууль төлсөн.
Тодруулбал, АНУ-ын Нью Мексик мужийн шүүх Facebook хэрэглэгчдийн мэдээллийг хэрхэн ашиглаж байгааг олон нийтэд удаан хугацааны турш буруу тайлбарласан гэж үзээд тус компанийг 25 тэрбум ам.доллар төлөх шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: BBC



598











