Өмнөд Солонгосын татварын мэргэшсэн зөвлөхийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүн хиймэл оюун ухаан (AI) ашиглан хуурснаа хүлээн зөвшөөрчээ.
Тэрбээр дөрөвдүгээр болон долдугаар сард болсон шалгалтын хоёр шатанд оролцохдоо цахим төхөөрөмж ашиглан хариултаа олдог байснаа мэдэгджээ. Тодруулбал, шалгалтын асуултуудын зургийг жижиг камераар авч, хиймэл оюун ухаан руу илгээн, гарсан хариултыг ухаалаг утсаараа шалгадаг байсан аж.
Түүний шалгалтын оноо хэт өндөр байсан тул шударгаар шалгалт өгсөн эсэхэд олон хүн эргэлзэж байжээ. Энэ талаар хэдэн сарын турш маргаан өрнөсний эцэст тэрбээр хуурснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Тэрбээр өмгөөлөгчийнхөө YouTube сувгаар дамжуулан “Би цахим төхөөрөмж болон хиймэл оюун ухаан ашиглан хуурсан. Шалгалтад хамгийн өндөр оноо авч тэнцсэн нь шударгаар гаргасан амжилт биш” хэмээн уучлал хүсжээ.
Мөн өөрийгөө Хан овогтой гэж танилцуулсан бөгөөд Сөүлийн цагдаагийн байгууллагад хэргээ хүлээсэн тухай бичгээр мэдүүлэг хүргүүлснээ хэлсэн байна.
Энэ хэрэг Өмнөд Солонгосын их, дээд сургуульд элсэх улсын нэгдсэн шалгалт болохоос хэдхэн хоногийн өмнө гарчээ. Тус улсын сурагчид энэ шалгалтад олон жилийн турш бэлддэг бөгөөд цаашдын боловсрол, ажил мэргэжлийн боломжид нь ихээхэн нөлөөлдөг байна.
Ерөнхий сайд Хан Сок Сү шалгалтад хиймэл оюун ухаан ашиглан хуурах асуудалд олон нийт санаа зовниж байгааг хүлээн зөвшөөрчээ. Түүний ажлын албанаас элсэлтийн шалгалтыг шударга явуулахын тулд урьдчилан бэлтгэж, шалгалтын үйл явцыг сайтар хянахаа мэдэгдсэн байна.
Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд уг асуудлыг хэлэлцэхээр шуурхай хуралдаан зарлахаар болжээ.
Эх сурвалж: Reuters


35











