Технологийг хүний биетэй зүйрлэвэл чип нь түүний тархитай адил үүрэг гүйцэтгэдэг. Гар утаснаас эхлээд дэлхийн хамгийн хүчирхэг суперкомпьютер, хиймэл оюуны систем хүртэлх орчин үеийн технологийн ажиллагаанд өчүүхэн жижиг чипүүд чухал үүрэгтэй. Харин эдгээр чипийг үйлдвэрлэхэд ашигладаг гол материалын нэг нь Semiconductor буюу хагас дамжуулагч юм.
Сүүлийн жилүүдэд хагас дамжуулагч нь технологийн салбараас гадна дэлхийн улс орнуудын эдийн засаг, хэлэлцээрийн чухал сэдэв болоод байна. Энэ удаагийн нийтлэлээр Semiconductor гэж юу болох тухай болон үүний ач холбогдлын талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
Хүний үсний зузаан дунджаар 100,000 нанометр орчим байдаг. Харин орчин үеийн чипийн доторх бүтэц үүнээс хэдэн мянга дахин жижиг хэмжээтэй байж болно.
ХАГАС ДАМЖУУЛАГЧ (SEMICONDUCTOR) ГЭЖ ЮУ ВЭ?

Хагас дамжуулагч гэдэг нь цахилгаан дамжуулах чадвараараа дамжуулагч болон тусгаарлагч материалын дунд байдаг онцгой материал юм.
Жишээлбэл, зэс, алт зэрэг металл цахилгааныг сайн дамжуулдаг бол резин, шил зэрэг материал цахилгааныг бараг дамжуулдаггүй. Харин хагас дамжуулагчийн хувьд цахилгаан дамжуулах эсэхийг нь тодорхой хэмжээнд удирдах боломжтой байдаг.
Үүнийг усны хоолойтой зүйрлэж ойлгож болно. Дамжуулагч нь үргэлж нээлттэй хоолой, тусгаарлагч нь хаалттай хоолой бол хагас дамжуулагч нь хүссэн үедээ нээж, хааж болдог крантай адил юм.
Энэ зарчмаар ажилладаг жижиг төхөөрөмжийг транзистор гэдэг. Транзистор цахилгааныг нэвтрүүлэх эсвэл зогсоох замаар 1 болон 0 гэсэн хоёр төлөвийг үүсгэдэг. Компьютерийн мэдээлэл боловсруулах үндсэн зарчим үүнд тулгуурладаг.
ЯАГААД ЦАХИУРЫГ АШИГЛАДАГ ВЭ?
Хагас дамжуулагч үйлдвэрлэхэд хамгийн өргөн ашигладаг материал бол Silicon буюу цахиур юм. Цахиур нь дэлхийн царцдаст хүчилтөрөгчийн дараа хамгийн элбэг элемент бөгөөд элс, кварцад агуулагддаг. Түүнээс гадна гадаргуу дээр нь өөрөө тогтвортой тусгаарлагч давхарга болох цахиурын давхар исэл үүсгэдэг нь транзистор үйлдвэрлэхэд маш тохиромжтой.
Цахиураас гадна цахилгаан автомашин, цэнэглэгч зэрэг төхөөрөмжид Silicon Carbide (SiC), Gallium Nitride (GaN) зэрэг бусад материалыг ашигладаг.
ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛД ДАХЬ ХАГАС ДАМЖУУЛАГЧИЙН ХЭРЭГЛЭЭ

Ухаалаг утас: Гар утасны процессор, санах ой, камер, Wi-Fi болон цэнэглэлтийн систем зэрэг олон хэсэг жижиг чипийн тусламжтай ажилладаг. Өөрөөр хэлбэл, гар утасны ихэнх үйлдлийн цаана хагас дамжуулагч бий.
Компьютер, зөөврийн компьютер: Компьютерийн тооцоолол хийх, зураг боловсруулах, мэдээлэл хадгалах зэрэг үүргийг өөр өөр төрлийн чип гүйцэтгэдэг. Жишээ нь CPU чип нь үндсэн тооцооллыг хийж, GPU нь график болон зэрэгцээ тооцооллыг боловсруулдаг.
Автомашин: Орчин үеийн автомашинд хөдөлгүүр, тоормос, дэлгэц, аюулгүйн систем болон жолоодлогын туслах технологийг ажиллуулах олон төрлийн чип байдаг. 2021 онд дэлхий даяар үүссэн чипийн хомсдолоос болж автомашин үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ түр зогсоож байсан нь энэ технологийн ач холбогдлыг харуулсан жишээ юм.
Хиймэл оюун: ChatGPT зэрэг хиймэл оюуны системийг ажиллуулахын тулд асар их хэмжээний мэдээлэл боловсруулах шаардлагатай. Үүнийг GPU хэмээх өндөр хүчин чадалтай чипүүд гүйцэтгэдэг. Тиймээс хиймэл оюуны хөгжил нэмэгдэхийн хэрээр эдгээр чипийн хэрэгцээ ч өсөж байна.
Гэр ахуйн төхөөрөмж: Ухаалаг зурагт, робот тоос сорогч, Wi-Fi төхөөрөмж, ухаалаг цаг, хөргөгч, угаалгын машин зэрэгт ч хагас дамжуулагч ашиглагддаг.
SEMICONDUCTOR ҮЙЛДВЭРЛЭХ ПРОЦЕСС МАШ НАРИЙН

Хагас дамжуулагчийн үйлдвэрлэл нь маш өндөр нарийвчлал, тусгай тоног төхөөрөмж шаарддаг нарийн процесс юм. Нэг жижиг чип бүтээхийн тулд олон үе шат дамждаг.
Чип үйлдвэрлэхийн тулд эхлээд маш цэвэр цахиурыг бэлтгэнэ. Үүнийг том цилиндр хэлбэртэй болгож ургуулсны дараа нимгэн хавтан болгон зүсдэг. Ийм хавтанг Silicon Wafer гэж нэрлэдэг.
Нэг хавтан дээр олон зуун жижиг чипийг зэрэг үйлдвэрлэх боломжтой.
Үйлдвэрлэлийн үндсэн үе шатууд:
- Гадаргууг бэлтгэх. Цахиур хавтанг сайтар цэвэрлэж, гадаргуу дээр нь нимгэн хамгаалалтын давхарга үүсгэнэ.
- Гэрэл мэдрэмтгий материал түрхэх. Хавтан дээр тусгай материал жигд түрхэж, гэрэлд мэдрэмтгий болгоно.
- Фотолитограф. Маш нарийн гэрлийн тусламжтайгаар чипийн хэлхээний зургийг хавтан дээр буулгана. Ингэснээр жижиг электрон эд ангиудын байрлал тодорхой болно.
- Илүүдэл хэсгийг арилгах. Хэрэггүй хэсгийг тусгай химийн бодис болон бусад аргаар арилгаж, хүссэн хэлбэрээ гаргана.
- Шинж чанарыг өөрчлөх. Цахиурт тодорхой элемент нэмж, цахилгаан дамжуулах чадварыг нь тохируулна. Мөн бусад давхаргыг нэмж бүтцийг бүрдүүлнэ.
- Үйлдлийг давтах. Эдгээр үе шатыг олон удаа давтаж, чипийн олон давхаргат бүтцийг бий болгоно.
- Шалгаж, багцлах. Бэлэн болсон чипүүдийг шалгаж, тус тусад нь зүсээд хамгаалалтын бүрхүүлд байрлуулна.
Яагаад ийм нарийвчлал шаардлагатай вэ? Хүний үсний зузаан дунджаар 100,000 нанометр орчим байдаг. Харин орчин үеийн чипийн доторх бүтэц үүнээс хэдэн мянга дахин жижиг хэмжээтэй байж болно. Ийм жижиг хэмжээтэй учраас өчүүхэн тоосонцор ч үйлдвэрлэлийн чанарт нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс чипийг тусгай цэвэр орчин буюу Cleanroom гэж нэрлэдэг өрөөнд үйлдвэрлэдэг.
Түүнчлэн хамгийн дэвшилтэт чип үйлдвэрлэхэд ашигладаг EUV литографийн төхөөрөмжийг Нидерландын ASML компани үйлдвэрлэдэг. Эдгээр төхөөрөмж нь маш өндөр өртөгтэй бөгөөд чипийн үйлдвэр байгуулахад хэдэн арван тэрбум ам.доллар шаардагдах тохиолдол бий.
ЯАГААД ДЭЛХИЙН УЛС ОРНУУД SEMICONDUCTOR ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ӨРСӨЛДӨЖ БАЙНА ВЭ?

Өнөөдөр хагас дамжуулагч нь зөвхөн технологийн бүтээгдэхүүн биш, улс орнуудын эдийн засаг, аюулгүй байдалд нөлөөлөх стратегийн чухал салбар болоод байна.
- Тайвань дэлхийн хамгийн дэвшилтэт чипүүдийн дийлэнхийг үйлдвэрлэдэг. Ихэнх чипийг TSMC компани гаргадаг.
- Өмнөд Солонгос Samsung, SK hynix компаниудаараа санах ойн чипээр тэргүүлдэг.
- АНУ Nvidia, AMD, Apple, Qualcomm зэрэг чип зохион бүтээдэг компаниудтай бөгөөд зохион бүтээх программ хангамжид давамгайлдаг. 2022 онд CHIPS Act хуулиар дотооддоо үйлдвэрлэлийг дэмжихэд 52 тэрбум долларын тусламж зарласан.
- БНХАУ чипийн хамгийн том хэрэглэгч бөгөөд өөрийн үйлдвэрлэлийг хурдацтай хөгжүүлж байна. АНУ 2022 оноос дэвшилтэт чип болон тэдгээрийг үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн экспортод хязгаарлалт тогтоосон нь энэ өрсөлдөөнийг улам хурцатгасан.
АНУ болон БНХАУ-ын технологийн өрсөлдөөний нэг чухал хэсэг нь чипийн үйлдвэрлэл юм. АНУ дэвшилтэт чип болон тэдгээрийг үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн экспортод тодорхой хязгаарлалт тогтоосон нь энэ салбарын өрсөлдөөнийг улам хурцатгасан.
НЭГ ЧИПИЙГ ХЭД ХЭДЭН УЛС ХАМТРАН БҮТЭЭДЭГ

Хагас дамжуулагчийн үйлдвэрлэл нэг улсын хүрээнд явагддаггүй. Жишээлбэл, чипийн загварыг АНУ-д гаргаж, үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг Нидерланд, Японоос нийлүүлж, чипийг Тайваньд үйлдвэрлэн, бусад улсад угсарч болно.
Өөрөөр хэлбэл, нэг улсын үйлдвэрлэлд саатал гарахад дэлхийн бусад орны технологийн компаниудад ч нөлөөлөх боломжтой. Тиймээс улс орнууд өөрсдийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, гадаад нийлүүлэлтээс хэт хамааралтай байдлаа бууруулахыг зорьж байна.
AI хөгжихийн хэрээр эрэлт өсөж буй шалтгаан. AI загварыг сургахад асар их тооцоолол хэрэгтэй бөгөөд үүнийг зэрэг олон тооцоолол хийж чаддаг GPU-ууд гүйцэтгэдэг. Үүнтэй хамт өндөр хурдны санах ой (HBM) болон дата төвийн чипүүдийн эрэлт огцом нэмэгдсэн. Тиймээс Nvidia зэрэг AI чипийн компаниуд дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компаниудын нэг болсон юм.
Монгол Улсын хувьд ч энэ сэдэв холбоотой. Манай орон зэс, хайлуур жонш зэрэг ашигт малтмалтай бөгөөд эдгээр нь электроник болон химийн үйлдвэрлэлийн түүхий эд юм. Залуу үеийнхний хувьд чипийн салбарын талаар мэдлэгтэй байх нь ирээдүйн технологийн мэдээг ойлгох, шинэ боломжийг олж харах эхлэл болж болох юм.

Эх сурвалж: techenclave, techcrunch, ars



452











