
Түүнийг орхин явсан эцэг эх нь эмнэлгийнх нь орон дээр хамгийн сүүлийн удаа ирж уулзсан бөгөөд Ся Сяг эцсийн амьсгалаа хураах үед ээж нь асгаруулан уйлжээ.
Ясны хорт хавдар гэх хүнд онош сонссоныхоо дараа төрсөн эцэг эхдээ хаягдсан ч өвчнийхөө эсрэг баатарлаг хувь заяагаар тэмцэж, цахим орчинд олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн Хятадын инфлүнсэр охин таалал төгсөж, сошиал ертөнцөд асар их харамсал, гашуудал дагуулж байна.
10-р сарын 27-ны өдөр хорт хавдрын эсрэг тэмцэгч, "Гайхамшигт Ся Ся" (Miracle Xia Xia) хаягнаас түүнийг Шанхайн нэгэн эмнэлэгт амьсгал хураасан тухай эмгэнэлийн мэдээллийг байршуулжээ.
Тэрхүү бичлэг дээр Ся Ся өөрийнхөө оршуулгын хөрөг зургийг өөрөө сонгож, хар цагаан болгон засаад, гар утсан дээрээ өөртөө зориулж эцсийн эмгэнэлийн үгээ бичиж үлдээсэн байв.

Тэрээр өөрийг нь дэмждэг байсан дагагчдаасаа өвчнийхөө өмнө сөхөрч, "оргодол" болж байгаад уучлалт хүсээд, өнгөрсөн таван жилийн хугацаанд үзүүлсэн тусламж, хайр халамжид нь талархаж буйгаа илэрхийлжээ. Мөн амьд ахуйдаа цэнхэр далай, Тайшань уул, Юньнань мужийн Лижяны үзэсгэлэнт цэцэгсийг харж амжсандаа баяртай байгаагаа дурдсан байна.
Тэрээр цахим найзууддаа хандан өөрийг нь "модод хучсан, цэцэг ургамлаар хүрээлүүлсэн, ямар ч өвдөлт, санаа зовох зүйлгүй тийм намуухан газарт" оршуулах тул санаа зовох хэрэггүй гэж тайвшруулжээ. Ся Сягийн энэхүү эцсийн үгс олон хүний сэтгэлийг хөдөлгөж, түүнийг хүндэтгэн үдэх сэтгэгдлүүд ар араасаа хөвөрсөөр байна.

Ся Ся-гийн Жинхэнэ нэрийг нь Ся Жиньхэ гэдэг, Хятадын Аньхой мужаас гаралтай энэ охин 18-хан насандаа, их сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт өгөхийн яг өмнөхөн "остеосаркома" буюу ясны хорт хавдрын маш ховор бөгөөд хэлбэрээр өвчилжээ.
Охиныг ийм хүнд онош сонссоноос хойш аав нь түүнийг нэг ч удаа эргэж ирээгүй бөгөөд ээж нь жилийн дараа харилцаагаа бүрмөсөн тасалжээ. Ная гарсан эмээ нь л түүнийг асарч үлдсэн цорын ганц цусан төрөл нь байсан ч өндөр настай учраас охиныг бүрэн дүүрэн асарч хамгаалах тэнхэл байсангүй.
Өвчин нь маш хурдтай даамжирч байсан тул Ся Ся баруун хөлөө тайруулахаас өөр аргагүйд хүрэв. Гэсэн ч тэрээр бууж өгөлгүй Хэфэйн багшийн их сургуульд элсэн орж, биеийн байдал нь гайгүй байх үеэр хичээлдээ тасралтгүй сууж байлаа. Үүний зэрэгцээ тэрээр эмчилгээний зардлаа олохын тулд цахим зохиол бичиж, гудамжинд өөрийн гараар нэхсэн тоглоомуудыг зардаг байжээ.
Энэ их зовлон зүдгүүрийг туулж байсан ч Ся Ся маш биеэ даасан, хүчтэй, өөдрөг нэгэн байв. Тэр өөрийн мөнгөөр хиймэл хөл худалдаж аваад, түүгээрээ бие даан алхаж сурчээ. Шанхайн эмнэлэгт хэвтэхээр явахдаа ч ганцаараа тэрээр ачаа тээшээ бариад явж байсан бөгөөд хагалгааны зөвшөөрлийн хуудсанд өөрийн гараар зургаан удаа гарын үсэг зурсан байна.

Тэрээр эрүүл хүмүүсийн адил дэлхий ертөнцийг танин мэдэхийг үхтэлээ хүсэж байлаа. Олон жуулчдын тусламжтайгаар тэрээр Хятадын таван алдартай уулын нэг болох Тайшань уулын оргилд гарч чаджээ. Нэгэн гэрэл зурагчны авсан автын ослоос амьд үлдэж, хүнд түлэгдсэн охиныг сахиусан тэнгэр болгон дүрсэлсэн зургийг хараад Ся Ся тэр зурагчин руу холбогдож, өөрөө ч бас сахиусан тэнгэр болохыг хүсэж байгаагаа хэлсэн байна.
Охин амьдралынх нь хүнд хэцүү замд тусалж байсан бүх хүмүүсийн сайхан сэтгэлд үргэлж талархаж явдгаа илэрхийлдэг байв. Хавдар нь уушиг болон цээжний гялтан хальс руу нь үсэрхийлэх үед тэрээр санхүүгийн боломжгүйгээс болоод эмчилгээгээ хэсэг хугацаанд зогсоож байсан ч цахим орчны найзуудынх нь тусламж, хандиваар эмчилгээгээ дахин үргэлжлүүлж чадсан юм.
Ся Ся цахим хуудсандаа дандаа гэрэл гэгээтэй, өөдрөг байдаг байлаа. Тэр өөртөө болон өөрийг нь дагадаг хүмүүст хандан "Заавал амьдарна шүү" гэж уриалдаг байв. Өөрийн өвчин, хаягдсан хувь заяаныхаа тухай ярихдаа тэрээр "Энэ зовлон зүдгүүрүүд намайг хурцалж, илүү хүчтэй хүн болгож өөрчилсөн" гэж хэлж байжээ.
9-р сарын 18-нд Ся Ся өөрийнхөө долоо дахь том хагалгаанд орж байгаагаа дуулгахдаа "Энэ удаа би ганцаараа биш" гэж баяртай хариулж байв. Түүний дээрх "сахиусан тэнгэрийн зураг"-ийг авч өгсөн гэрэл зурагчин Шэнь болон түүний найзууд охиныг сахиж байлаа. Шэнь охины зураг авалтаас хойш түүний дотны найз нь болж, өөрийн ээжийн хамтаар охиныг халамжлан асарч, эмчилгээний зардлыг нь олохын тулд цахимаар бараа зарахад нь тусалдаг байжээ.

Ся Сягийн амьдралын сүүлчийн өдрүүдэд Шэнь түүнийг өндөр настай эмээтэй нь хамгийн сүүлийн удаа видео дуудлагаар уулзуулж өгсөн байна. Мөн түүнийг орхиод явсан эцэг эх нь эмнэлэгт ирж, охинтойгоо эцсийн удаа уулзсан байна. Ся Сяг эцсийн амьсгалаа хураах үед ээж нь чангаар уйлсан тухай Шэнь дурджээ.
Шэнь, охины хамгийн сүүлийн хүслийг биелүүлж, түүний нэрээр олон хүнд туслах сайн үйлсийн сан байгуулахаа амласан байна. Тэрээр "Ся Сягийн хайр болон гэгээн сүнс бидний зүрх сэтгэлд үүрд хамт үлдэнэ" гэжээ.
500,000 гаруй дагагчтай Ся Сягийн цахим хаяг дээр түүний насыг бэлгэдэж "100 настай" хэмээн тэмдэглэсэн байдаг.
Цахим орчны нэгэн хэрэглэгч түүнд зориулж "Ямар үзэсгэлэнтэй, хүчтэй, зоригтой бөгөөд сайхан сэтгэлтэй гүнж вэ. Сайхан амьдаарай" гэж бичсэн бол өөр нэг нь "Манай сахиусан тэнгэр энэ хорвоогийн зовлон зүдгүүрийг туулаад, тэнгэрийн орондоо эргээд одлоо. Тэр өөртэй нь адилхан тууштай хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг дээрээс хамгаалах болно, учир нь тэр бол хамгийн шилдэг Ся Жиньхэ байсан юм" хэмээн эмгэнэл илэрхийлжээ.
Эх сурвалж: South China Morning Post


666











