Бид дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн, өөрийн гэсэн хэл, соёл, олон зууны төрт ёсны уламжлалтай ард түмэн. Чингис хаан, Их Монгол Улсын түүхээс эхлээд өвөрмөц нүүдэлчин соёл, уудам газар нутаг хүртэл бидний бахархал.
Гэхдээ бахархал маань зөвхөн өнгөрсөн түүхээр хязгаарлагдахгүй. Өнөөдөр эдэлж буй эрх чөлөө, гаргаж буй амжилт, дэлхийн тавцанд эзэлж буй байр суурь маань ч Монголын бахархал юм.
Монгол хүн болж төрснөөрөө бахархах олон зүйл бий. Тэдгээрээс онцлох 10 зүйлийг нэрлэе.
1. ӨӨРИЙН ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ

Дэлхийн улс орон бүрийн иргэд төр засгаа чөлөөтэй шүүмжилж, эрх баригчдаас хариуцлага нэхэх боломжтой байдаггүй. Харин манай Монгол Улс олон намын тогтолцоо, чөлөөт сонгуульд тулгуурласан ардчилсан засаглалтай. Тиймээс бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, төрийн шийдвэрийг шүүмжилж, эрх баригчдаас хариуцлага нэхэж чаддаг юм. Үүний нэг жишээ нь 2025 онд Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж, түүнийг хөрөнгө, орлогоо нотлохыг шаардсан олон нийтийн жагсаал юм.
Freedom House байгууллагын 2026 оны үнэлгээгээр Монгол Улс 100 онооноос 84 оноо авсан нь эрх чөлөөт улс гэдгийг харуулж байна.
Мэдээж ардчиллыг бэхжүүлж, шийдвэрлэх шаардлагатай олон асуудал бидэнд бий. Гэхдээ төрийн шийдвэрийг шүүмжлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонголтоо өөрөө хийх эрх чөлөө бол бидний хамгаалах ёстой үнэт зүйл юм.
2. ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨӨРИЙН НЭРЭЭ ҮЛДЭЭСЭН ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮР САД

Монголын түүх зөвхөн XIII зуунаас эхлээгүй. Хүннү, Сяньби, Жужан, Түрэг зэрэг Төв Азийн нүүдэлчдийн төр улсуудын түүх өнөөгийн Монголын газар нутаг, бүс нутгийн түүхтэй салшгүй холбоотой. Харин 1206 онд байгуулагдсан Их Монгол Улс монголчуудын нэрийг дэлхийн түүхэнд тод үлдээсэн юм. Чингис хааны байгуулсан эзэнт гүрэн өргөжин тэлж, Ази, Европын олон орны түүх, улс төр, худалдаа, харилцаанд нөлөөлж, зарим түүхийн эхлэлийг тавьсан билээ. Энэ бол бидний бахархах түүх төдийгүй дэлхийн түүхийн нэгэн чухал хэсэг билээ.
3. ӨВӨРМӨЦ БИЧГИЙН УЛАМЖЛАЛТАЙ АРД ТҮМЭН

Монголчууд олон зууны турш өөрийн бичгийн соёл, бичиг үсэгээ бүтээж ирсэн ард түмэн. Монгол бичиг нь босоо бичлэгийн өвөрмөц тогтолцоотой бөгөөд үндэсний соёлын чухал бэлгэдэл хэвээр байна. Монгол бичгийн үүслийн талаар судлаачдын байр суурь харилцан адилгүй. Зарим судлаач монгол бичгийн эхлэл VI–VII зуунд тавигдсан гэж үздэг бол түгээмэл тайлбарт XIII зууны эхээр уйгур бичгийг авч хэрэглэсэн гэж үздэг. Ямартай ч монгол бичиг олон зууны турш монголчуудын хэл, соёлыг тэмдэглэн үлдээж ирсэн бичгийн өв юм.
Өнөөдөр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд монгол бичгийг албан ёсоор хэрэглэж байгаа бол Монгол Улсад кирилл бичгийн зэрэгцээ үндэсний бичгээ төрийн албан хэрэгт үе шаттай нэвтрүүлж байна. Түүнчлэн монголчуудын бичгийн өвд түүхэн сурвалж, шашин, гүн ухаан, анагаах ухаан, одон орон, уран зохиолын олон бүтээл багтдаг. Тухайлбал, Монгол Данжуурын 226 боть бүтээл ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын бүртгэлд 2011 онд бүртгэгдсэн. Энэ бол монголчууд зөвхөн байлдан дагуулал, нүүдэлчин ахуйгаар бус, оюуны бүтээлээрээ ч дэлхийн соёлын түүхэнд байр суурь эзэлж ирсний нэг жишээ юм.
4. ДЭЛХИЙД ТАНИГДСАН НҮҮДЭЛЧИН СОЁЛ

Монгол гэр, морин хуур, хөөмий, уртын дуу, наадам зэрэг нь монголчуудын ахуй амьдрал, сэтгэлгээ, урлагийн онцлогийг илэрхийлдэг. Эдгээр нь зөвхөн үндэсний баяр ёслолын үеэр гаргаж ирдэг үзүүлбэр биш, олон зуун жилийн турш бүрэлдсэн соёлын өв юм. Өөрийн гэсэн хөгжмийн зэмсэг, дуу хоолойн өвөрмөц арга барил, амьдралын хэв маягтай үндэстэн гэдэг өөрөө бахархах зүйл юм.
5. ДЭЛХИЙН ТОМООХОН ГАЗАР НУТАГТАЙ УЛСУУДЫН НЭГ

Монгол Улс 1,564,116 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 19 дүгээрт ордог бөгөөд далайд гарцгүй орнуудын дунд Казахстаны дараа хоёрдугаарт жагсдаг. Нэг хүнд ногдох нийт газар нутгийн хэмжээгээр тусгаар улсуудын дунд дэлхийд тэргүүлдэг. Ийм өргөн уудам нутагт Алтайн уулс, Хангайн нуруу, говь цөл, тал хээр, ой тайга, олон мянган нуур, гол мөрөн оршдог. Бид дахин давтагдашгүй байгалийн өвөрмөц тогтоцтой улс юм.
6. ТУСГААР ТОГТНОЛОО ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД БАТАЛГААЖУУЛЖ ЧАДСАН ТҮҮХЭЭРЭЭ

Өнөөгийн тусгаар тогтносон Монгол Улсыг бий болгох зам амар байгаагүй. 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, 1945 оны бүх нийтийн санал хураалтаар ард түмэн тусгаар тогтнолоо хадгалах хүсэл зоригоо илэрхийлсэн. Улмаар 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын гишүүнээр элссэн юм. НҮБ-д элссэнээр Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болж, дэлхийн улс орнуудтай дипломат харилцаагаа өргөжүүлэх шинэ боломж нээгдсэн. Өнөөдөр Монгол Улс олон улсын байгууллагуудад өөрийн байр суурийг илэрхийлж, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж байгаа нь тусгаар тогтнолын бодит илэрхийлэл юм.
7. ДЭЛХИЙН ЭНХ ТАЙВАНД ХУВЬ НЭМЭР ОРУУЛДАГ УЛС

Монгол Улс цөөн хүн амтай ч олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд оролцож ирсэн билээ. 2002 онд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд анх хоёр цэргийн ажиглагч илгээснээр Монголын энхийг сахиулагчдын оролцоо эхэлсэн. НҮБ-ын 2026 оны тавдугаар сарын 31-ний мэдээллээр Монгол Улс долоон ажиллагаанд нийт 545 цэргийн болон цагдаагийн алба хаагч оролцуулжээ. Энэ нь Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, энх тайвны төлөө бодит хувь нэмэр оруулж буйн жишээ юм.
8. ОЛИМПЫН ДЭВЖЭЭНД ТӨРИЙН ДАЛБААГАА МАНДУУЛСАН

Монголын спортын амжилт бол үндэсний бахархлын хамгийн тод илэрхийллийн нэг. Монгол Улс 1964 онд анх зуны олимпын наадамд оролцож, 1968 оны Мехикогийн олимпоос анхны медалиудаа хүртсэн. Харин 2008 оны Бээжингийн олимпод Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар алтан медаль хүртсэн юм. Тухайн үед монгол хүн бүр баярлаж, бахархаж байлаа. Хүмүүс нүүрэндээ төрийн далбааны наалт нааж, автомашинтай хүмүүс далбаагаа намируулан, монголчууд нэгэн сэтгэлээр баярлаж чадсан юм. Жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага болон бусад спортын төрлөөр гаргасан амжилт монголчуудыг дэлхийн спортын тавцанд таниулсан. Олимпын индэрт төрийн далбаа мандах мөч бол зөвхөн тамирчны бас түүнийг дэмжиж буй бүх монгол хүний бахархал юм.
9. ОЮУНЫ СПОРТООР ДЭЛХИЙД НЭРЭЭ ДУУРСГАСАН

Монголчууд зөвхөн биеийн хүч, хурд шаардсан спортод бус, оюуны спортоор ч дэлхийд тэргүүлж байна. 2025 оны Дэлхийн ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнд Монголын 37 тамирчин оролцож, 27 алт, 21 мөнгө, 22 хүрэл медаль буюу нийт 70 медаль, 10 цом хүртэж, багийн дүнгээр дэлхийн аварга болсон юм. Энэ нь Монголын багийн долоо дахь удаагийн дэлхийн аваргын түрүү байв.
Ой тогтоолтын спортоор дэлхийд танигдсан ихэр эгч дүүс Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар ч Монголын оюуны спортын амжилтын тод жишээ юм. Н.Мөнхшүр 2017, 2021 онд дэлхийн аварга болж, Н.Энхшүр дэлхийн дээд амжилтууд тогтоож байв. Тэдний амжилт монгол хүний ой тогтоолт, оюуны чадварыг олон улсад харуулсан бахархал юм.
Үүнээс гадна монголчууд дэлхийн олон оронд боловсрол эзэмшиж, шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, бизнес, урлаг, спортын салбарт амжилт гаргаж байна. Хүн ам цөөн, дотоодын зах зээл жижиг ч монгол хүн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрөөрөө дэлхийн тавцанд өрсөлдөх боломжтой. Энэ нь Монгол Улсын нэр хүнд, монгол хүний оюуны чадавхыг илтгэх бас нэг бахархал юм.
10. МОНГОЛ ХҮНИЙ ТЭСВЭР ХАТУУЖИЛ, УР УХААНААРАА

Эрс тэс уур амьсгалтай, байгалийн олон янзын нөхцөлд монголчууд өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, арга ухаанаараа амьдралаа авч явж иржээ. Улирлын онцлогт тохируулан нүүдэллэх, мал сүргээ өсгөх, цаг агаарын өөрчлөлтийг тэнгэр, байгаль, малынхаа ааш авираар шинжих нь үүний нэг хэсэг.
Тухайлбал, зуны орой нар улайж, тэнгэрийн хаяа улаан туяатайгаар жаргавал маргааш нь халуун өдөр болно гэж үздэг. Харин адуу бэлчээрт гараад өвсөө яаран идэж, доош суун бэлчих нь шуурганы шинж хэмээн малчид ажиглаж иржээ. Ийм мэдлэг нь олон үеийн турш хуримтлагдаж, амьдралын туршлага болон уламжилсан юм.
Энэ чадвар өнөөдөр ч монгол хүний хөдөлмөрч, аливаа нөхцөлд дасан зохицох, бэрхшээлийг даван туулах чанарт илэрдэг. Хөдөөний малчнаас эхлээд харь оронд хөдөлмөр эрхэлж буй хүмүүсээс энэ чанарыг харж болно. Тэсвэр хатуужил гэдэг зөвхөн хүнд нөхцөлд амьд үлдэх биш, боломж хязгаарлагдмал үед ч гарц олж, шинэ зүйл бүтээх чадвар юм.
Монголын бахархал зөвхөн түүхийн номд үлдсэн үйл явдал, музейд хадгалагдсан үзмэр, баяр ёслолын үеэр мандуулдаг төрийн далбаагаар хэмжигдэхгүй. Бидний эдэлж буй эрх чөлөө, олон улсын тавцанд эзлэх байр суурь, тамирчдын амжилт, монгол хүний оюун ухаан, хөдөлмөр ч үндэсний бахархлын нэг хэсэг юм.
Эх орноороо бахархана гэдэг зөвхөн өнгөрсөн түүхээ дурсах бус, өнөөдрийн Монголын үнэ цэнийг мэдэрч, алдаа дутагдлыг нь засаж, улам сайжруулахын төлөө хувь нэмрээ оруулахыг хэлнэ.


223











