Дэлхийн түүхэнд эзэнт гүрний хэмжээнд хүрч, хүн төрөлхтний хөгжилд гүнзгий ул мөр үлдээсэн цөөн улсын нэг бол Их Монгол Улс юм. Эзэнт гүрнүүдийн түүхэн нөлөө зөвхөн байлдан дагууллаар хязгаарлагдахгүй бөгөөд улс төр, эдийн засаг, соёл, технологийн хөгжилд ч тусгалаа олдог. Тэгвэл Их Монгол Улсын дэлхийн түүхэнд үлдээсэн өв, өнөөг хүртэл үргэлжилж буй нөлөөг History.com хэрхэн тайлбарласныг хамтдаа сонирхоцгооё.
1. Монголчууд судалгааны төвүүдийг үүсгэсэн бөгөөд энэ нь шинжлэх ухаан хөгжихөд тусалсан

Монголын удирдагчид сэхээтнүүд болон эрдэмтдийг маш чухалд тооцож үздэг байсан бөгөөд тэднийг эзэнт гүрнээ улам сайжруулан хөгжүүлэхийн тулд ажиллуулахыг эрмэлздэг байв. 1260-аад онд Чингис хааны ач хүү, Монголын эзэнт гүрний цэргийн жанжин Хүлэгү нь тухайн үед Марага буюу одоогийн Иранд байрладаг газарт Евразийн өнцөг булан бүрийн сэтгэгчдэд зориулсан судалгааны төвийг бариулжээ.
Хүлэгү тэднийг алхими, одон орон судлал болон хаан ширээнд суугаа султаны насжилт, эрүүл мэндийг сайжруулж болох аливаа зүйлийг судлахад бүхнээ зориулаасай хэмээн туйлаас хүсэж байв. Эдгээр зорилгын олонх нь мэдээж хэрэг амьдрал дээр хэрэгжих боломжгүй байсан ч ийм олон өндөр түвшний бэлтгэгдсэн сэтгэгчдийг нэг дор цуглуулснаараа хожмын түүхэнд үлдэхүйц нөлөө үзүүлэхүйц, ялангуяа тригонометрийн салбарт томоохон ахиц дэвшил гарах замыг зассан болохыг Жорж Лэйны 'XIII зууны Иран дахь Монголын эртний засаглал' бүтээлд харуулсан байдаг.
Мөн Хүлэгү Персийн одон орон судлаач Насир ал-Дин ал-Туситай хамтран Марага одон орныг ажиглах төвийг байгуулсан нь тухайн үедээ дэлхийн хамгийн дэвшилтэт ажиглалтын төвүүдийн нэг байсан юм.
2. Монголчууд худалдаа арилжаа болон шинэ бүтээлүүдийн тархалтыг хурдасгасан

Монголын эзэнт гүрэн чөлөөт худалдааг хөхүүлэн дэмждэг байсан бөгөөд нэг улсаас нөгөөд нь бараа бүтээгдэхүүнүүдийг дамжуулан соёлын солилцоо хийдэг байсан нь шинэ зах зээлийг нээж, улмаар эдийн засаг цэцэглэн хөгжих үндэс болсон гэж үздэг.
Монголчууд Хятадыг байлдан дагуулсан нь урьд өмнө нь дэлхий дахинд төдийлөн танигдаагүй байсан технологиуд Монголын эзэнт гүрнийг дамнасан асар том сүлжээнд нэвтрэх боломжийг бүрдүүлсэн байна. Тимоти Мэйгийн 'Монголын дайтах урлаг' бүтээлд үүний гол жишээг дарийн технологи байсан хэмээн бичжээ.
Дарийн технологи Хятадаас дэлхийн бусад орнууд руу яг хэрхэн тархсан тухай тодорхой мэдээлэл хомс байдаг ч яг энэ цаг үед л уг технологи Газар дундын тэнгист хүрч, улмаар тэндээсээ Византийн эзэнт гүрэн, Барууны Христийн ертөнц болон дэлхийн олон бүс нутагт нэвтэрсэн байдаг.
Гэвч Ахмад ал-Хассаны 2003 оны судалгаанд Исламын ертөнцийн зарим хэсэг дарь болон түүний анхны хувилбаруудыг хэдийнэ ашиглаж байсан тухай гардаг ч Монголын эзэнт гүрэн үүсэн байгуулагдсан нь энэхүү технологийг дэлхий даяар түгэн тархах үйл явцыг үлэмж хэмжээгээр хурдасгасан гэж үзэж болно.
3. Монголчууд зэвсгийн технологийг түгээн дэлгэрүүлсэн

Цэргийн зарим технологиуд баруун зүгт өргөнөөр тархаж байхад, зарим нь зүүн зүгт тархаж байв. 1270-аад оны үед Ойрх Дорнод дахь Их Монголын удирдагчид Сүн улсыг бүрмөсөн нухчин дарахад туслуулахаар далайн дунд үеийн дэвшилтэт бүслэлтийн харвагч машин зохион бүтээх чадвартай Лалын шашинт инженерүүдийг Хятад руу илгээжээ. Эдгээр нь сөрөг жинтэй требушетүүд байсан бөгөөд Майкл С. Фултоны 'Загалмайтны аяны үеийн артиллери' бүтээлд бичсэнээр, XII зууны сүүл үеийн Загалмайтны дайны үеэр Ойрхи Дорнодод анх хөгжүүлэгдсэн зэвсэг байсан юм
4. Монголчууд цаасан мөнгийг хэрэглээнд оруулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн

Монголчууд анх Хятадад үүсэж хөгжсөн цаасан мөнгийг амьдрал дээр нэвтрүүлж, туршилт хийж байв. Марко Пологийн тэмдэглэлд баримтжуулан үлдээснээр, Ойрх Дорнод дахь Монголын удирдагчид энэхүү шинэ төрлийн мөнгөн тэмдэгтийг Тебриз дэх өөрсдийн худалдааны томоохон төвд нэвтрүүлж, хэрэв хэрэглэхээс татгалзвал цаазаар авах ял онооно хэмээн шаардаж байжээ.
Гэвч орон нутгийн иргэд шинэ цаасан дэвсгэртэд итгэхээс татгалзсаны улмаас үр дүн нь гамшгийн хэмжээнд хүрсэн юм. Хэдий тийм боловч энэ явдал нь монголчууд өөрсдийн эрхшээлд оруулсан ард түмнийхээ санаа бодол, туршлагыг өөрсдөө авч ашиглах, туршиж үзэх туйлын эрмэлзэлтэй байсны нэгэн тод жишээ болон үлджээ.
5. Монголчууд асар өндөр зохион байгуулалттай, үр ашигтай армиудыг бүрдүүлсэн

Монголын эзэнт гүрний дайснууд энэхүү сүрлэг гүрнээс суралцахын тулд маш шаргуу ажиллаж байв. 1245 онд Ромын Пап IV Инносент Францискийн одонт лам Жон де Плано Карпиниг Евразийн хээр тал руу Христийн ертөнцийн ашиг сонирхлыг төлөөлөн монголчуудтай уулзах болсон. Гэвч түүнд чухал нэгэн даалгавар байсан нь монголчуудын тухай аль болох их мэдээлэл цуглуулах ёстой байсан юм. Орчин үеийнхээр тагнуулын мэдээлэл цуглуулна гэсэн үг.
Жон Италид буцаж ирээд, Монголын дайны машины асар том цар хүрээ, үр ашигтай байдлыг дүрсэлсэн тайланг өргөн барьсан байдаг. Тэрээр Христийн ертөнцийн удирдагчдад тэдний аравтын тогтолцоо гэж нэрлэгддэг загвараас суралцахыг зөвлөжээ. Энэхүү арга барилын дагуу 10 цэрэгтэй багууд нэгдэж 100 цэрэгтэй зуут, тэдгээр нь цаашлаад 1000 цэрэгтэй мянгат болон бусад нэгжүүдийг бүрдүүлдэг байжээ.
Энэхүү тогтолцооны үр ашгийг өөрийн нүдээр харсан Жон зөвхөн яг ийм байдлаар жагссан армиуд л тулалдааны талбарт монголчуудыг ялах боломжтой гэж үзэж байв. Түүний зөвлөгөөг тухайн үед үл тоомсорлосон боловч бусад гүрнүүд энэхүү тогтолцоог маш үр дүнтэйгээр ашигласан түүхтэй.
Эх сурвалж: History



123











