Өөрийн гэсэн зурагтай, нэртэй, хувийн мэдээлэл бүхий иргэний үнэмлэхтэй болох нь зөвхөн хүмүүст хамаарах зүйл биш болжээ. Хонконгт муур, нохой зэрэг гэрийн тэжээвэр амьтдад зориулсан жижигхэн үнэмлэхнүүд цахим орчинд олны анхаарлыг татаж байна.
Эдгээр үнэмлэх нь эзнийхээ хайртай амьтны зургийг байршуулж, нэр, төрсөн огноо болон бусад мэдээллийг нь оруулан хийлгэдэг хувийн загвартай карт юм. Зарим нь Хонконгийн иргэний үнэмлэхтэй тун төстэй загвартай учраас харахад яг л амьтад өөрсдийн албан ёсны бичиг баримттай болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг.
Гэхдээ эдгээр картын цаана нэг чухал зүйл бий. Цахим орчинд түгсэн зураг, мэдээллээс болж Хонконгийн Засгийн газар гэрийн тэжээвэр амьтдад албан ёсны иргэний үнэмлэх олгодог гэх ойлголт тархаж байсан ч энэ нь үнэн биш юм.
АЛБАН ЁСНЫ БУС Ч ГЭЛЭЭ ХУДАЛДАЖ АВАХ БОЛОМЖТОЙ

Хонконгийн Амьтдыг харгислалаас хамгаалах нийгэмлэг (SPCA) хүртэл ийм төрлийн амьтдын үнэмлэхийг өөрийн цахим дэлгүүрээр худалдаалдаг байна.
Тухайлбал, 2025 оны арваннэгдүгээр сарын 28-нд нийтлэгдсэн Хонконгийн их сургуулийн Annie Lab-ийн сурвалжилгад дурдсанаар, SPCA-ийн захиалгат үнэмлэх 70 хонконг долларын үнэтэй бөгөөд хүргэлтийн хугацаа нь ойролцоогоор 2–3 долоо хоног байдаг аж.
Захиалга өгөхдөө амьтныхаа англи, хятад нэр, төрсөн огноо, зургийг оруулдаг. Мөн хүсвэл эзнийх нь утасны дугаарыг үнэмлэх дээр байршуулж болох бөгөөд картандаа түлхүүрийн оосор нэмж сонгох боломжтой.
Үүнээс гадна Carousell, Taobao зэрэг худалдааны платформоор дамжуулан өөр өөр загвар, өнгө, хийцтэй үнэмлэх захиалж болдог байна. Зарим нь амьтдынхаа нэр дээр зээлийн карт хүртэл хийлгэдэг нь сонирхолтой.
ХАРИН АЛБАН ЁСНЫ БҮРТГЭЛИЙН СИСТЕМ НЬ ӨӨР

Хэдийгээр өхөөрдөм үнэмлэхнүүд нь амьтдад өөрийн гэсэн өнгө төрх, онцлогийг бий болгож байгаа ч төөрсөн амьтдыг эзэнтэй нь холбох бодит бүртгэлийн системийг орлохгүй.
Хонконгт таван сараас дээш настай бүх нохойг микрочип суулгаж, галзуу өвчний эсрэг вакцинд хамруулан, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагатай. Энэхүү микрочип нь будааны ширхэгтэй ойролцоо хэмжээтэй бөгөөд амьтны арьсан дор суулгадаг. Дотор нь тухайн нохойг таних давтагдашгүй дугаар хадгалагддаг бөгөөд эзний мэдээллийг төрийн тусгай мэдээллийн сантай холбодог аж.
Нохойн бүртгэлийн зөвшөөрөл гурван жилийн хугацаатай. Үүнийг сунгахдаа галзуу өвчний эсрэг вакцинд дахин хамруулах шаардлагатай бөгөөд бүртгэлгүй нохой тэжээсэн тохиолдолд 10,000 хонконг доллар хүртэл торгууль ногдуулж болно.
Харин муур тэжээдэг хүмүүсийн хувьд улсын хэмжээнд заавал лиценз авах шаардлагагүй. Гэхдээ 2024 оноос эхлэн тусгай зөвшөөрөлтэй худалдаа эрхлэгчдээр дамжуулан худалдаалагдаж буй бүх муурыг микрочиптэй болгох шаардлага хэрэгжиж эхэлжээ.
ЖИЖИГХЭН ҮНЭМЛЭХНИЙ ЦААНА ТОМ ХАЙР БИЙ
Гэрийн тэжээвэр амьтдаа гэр бүлийнхээ нэгэн гишүүн хэмээн үзэх хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр тэдэнд зориулсан хувийн эд зүйлс ч улам төрөлжиж байна.
Зарим эзний хувьд энэ нь хайртай амьтныхаа зургийг хадгалах дурсгал бол заримынх нь хувьд гэрийн тэжээвэр амьтандаа зориулсан хөгжилтэй бэлэг юм. Ямартай ч хүн бүр өөрийн гэсэн үнэмлэхтэй байдаг шиг өхөөрдөм муур, нохойнууд ч бас нэр, зурагтайгаа жижигхэн үнэмлэхээ энгэртээ зүүх боломжтой болжээ.
Эх сурвалж: info.gov.hk, pets.gov.hk, annielab.org



467











