Google компани бизнесүүдэд өөрсдийн аппликэйшнийг Gemini хиймэл оюуны туслах болон Google хайлтын системтэй холбох боломж олгох Connected Apps Platform нэртэй шинэ платформоо танилцууллаа.
Энэ оны эхээр Gemini болон Google Search үйлчилгээнд нэвтрүүлсэн холбогдсон аппликэйшний функц нь хэрэглэгчдэд бусад компанийн үйлчилгээг өөрийн ашиглаж буй Google платформоос шууд хэрэглэх боломжийг нэвтрүүлсэн билээ. Үүний нэг жишээ нь Canva ашиглан постер бүтээх эсвэл YouTube Music-ээр хөгжмийн жагсаалт үүсгэхдээ тухайн аппликэйшнийг заавал тусад нь нээх шаардлагагүй болсон.
ChatGPT болон Meta-ийн Muse зэрэг хиймэл оюуны үйлчилгээнүүд ч үүнтэй төстэй боломжуудыг хөгжүүлж байгаа юм. Эдгээр үйлчилгээний зорилго нь хэрэглэгчдийг аппликэйшн бүрд тусад нь нэвтрэхийн оронд нэг хиймэл оюуны туслахаар дамжуулан олон төрлийн үйлчилгээг ашигладаг болгох зорилготой.

Гэхдээ хэрэглэгчид ийм үйлчилгээг өргөнөөр ашиглахын тулд олон төрлийн аппликэйшнтэй холбогдох боломжтой байх хэрэгтэй. Тиймээс Google шинэ платформоо нээж, бизнесүүд болон хөгжүүлэгчдэд өөрсдийн аппликэйшнийг Gemini болон Google Search-тэй холбох боломж олгож байна.
Одоогоор уг платформын туршилтын хувилбарыг АНУ-ын хөгжүүлэгчид ашиглах боломжтой. Хөгжүүлэгчид өөрсдийн аппликэйшнийг Google-ийн үйлчилгээнүүдтэй холбож, бүртгүүлэн, туршиж, ашиглалтад оруулахаар илгээх боломжтой юм.
Үүний тулд хөгжүүлэгчид аппликэйшнээ Google-ийн хиймэл оюуны системтэй холбох техникийн шийдлийг ашиглан Google Connected Console хэмээх удирдлагын хэрэгслээр дамжуулан бүртгүүлж шалгуулна. Мөн тухайн аппликэйшн Gemini-д, Google Search-д эсвэл аль алинд нь ажиллахыг сонгож болно.
Аппликейшн ашиглалтад орсны дараа хөгжүүлэгчид хэдэн хүн үйлчилгээг нь ашиглаж байгаа, систем хэр хурдан хариу өгч байгаа болон ямар алдаа гарч байгааг хянах боломжтой. Түүнчлэн өөрсдийн брэндийн лого болон хэрэглэгчийн бүртгэлийн баталгаажуулалтад хяналт тавина.

Энэ өөрчлөлт нь бизнесүүд интернэтэд хэрэглэгчдэд харагдах арга замаа дахин бодох шаардлагатай болж байгааг харуулж байна. Өмнө нь компаниуд Google-ийн хайлтын үр дүнд сайн мэдээлэл авахын тулд SEO буюу хайлтын системийн оновчлолд анхаардаг байсан бол цаашид хиймэл оюуны туслахаар дамжуулан хэрэглэгчдэд хүрэх нь чухал болж магадгүй юм.
Google-ийн мэдээлснээр Gemini-д Adobe, Experian, Localiza, Peloton зэрэг түншүүдийн үйлчилгээг багтаасан 50 гаруй холбогдсон аппликэйшн аль хэдийн ашиглах боломжтой болжээ. Үүнд Google-ийн өөрийн Google Photos, YouTube Music, Google Home зэрэг үйлчилгээнүүд ч багтаж байна.
Ирэх хэдэн долоо хоногт эдгээр аппликэйшнийг Google Search-д мөн ашиглах боломжтой болгоно. Одоогоор хайлтын системд Canva, Instacart, YouTube Music, Yahoo Fantasy Football зэрэг харьцангуй цөөн үйлчилгээ холбогдсон байна.
Мөн бясалгал, сэтгэл санааны тайвшралд чиглэсэн Calm аппликэйшн Google-ийн шинэ түншээр нэгдсэн бөгөөд удахгүй Gemini болон Google Search-д ашиглах боломжтой болохоор болов.
Эх сурвалж: Techcrunch



120











