Apple компани олон жилийн турш татгалзаж ирсэн мэдрэгчтэй дэлгэцийн технологийг MacBook Pro цувралдаа нэвтрүүлж, шинэ загвараа танилцууллаа. Энэхүү нээлт нь Apple компанийн шинэ гүйцэтгэх захирал Жон Тернусын удирдлага дор хийгдэж буй томоохон бүтээгдэхүүний танилцуулгуудын нэг юм.
Apple-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс болон тус компанийн удирдлагууд өмнө нь Mac компьютерт мэдрэгчтэй дэлгэц нэвтрүүлэх санааг төдийлөн дэмждэггүй байв. Жобс ийм шийдлийг хүний биеийн хөдөлгөөн, тав тухад нийцэхгүй гэж тодорхойлж байсан удаатай. Гэсэн ч мэдрэгчтэй дэлгэцтэй MacBook-ийн тухай цуурхал 2023 оноос эхлэн гарч эхэлсэн юм.
Аравдугаар сарын 28-нд зарласан уг төхөөрөмжийн эхлэх үнэ 2,899 ам.доллар бөгөөд зөөврийн компьютертээ мэдрэгчтэй удирдлагыг нэвтрүүлэхээр анх оролдсоноос хойш бараг 10 жилийн дараа болж буй томоохон өөрчлөлт юм.

Мэдрэгчтэй дэлгэцийг ашиглах үед төхөөрөмжийн тогтвортой байдлыг хангахын тулд Apple шинэ нугасны загвар бүтээжээ. Энэ бүтэц нь хэрэглэгч дэлгэцэд хүрч ажиллах үед компьютерийн дэлгэц хэт хөдөлгөөнд орохгүй байхаас гадна видео дуудлагын үеэр камерын тогтвортой байдлыг хадгалахад тусална.
Мөн шинэ загварын дэлгэцэнд өмнөх MacBook-уудад ашиглаж байсан дээд хэсгийн ховилын оронд iPhone-ийн Dynamic Island-тай төстэй хэлбэрийн хэсэг байрлуулсан байна. Дууны чанарыг сайжруулах зорилгоор шинэ загвартай, зургаан чанга яригч бүхий системийг ч нэвтрүүлжээ.
Шинэ MacBook Pro нь 14 болон 16 инчийн хэмжээтэй, PROLED XDR дэлгэцтэйгээр худалдаанд гарах байна. Хэрэглэгчид M5 Pro болон M5 Max чипийн сонголттойгоор авах боломжтой бөгөөд төхөөрөмж нь 128 ГБ хүртэлх нэгдсэн санах ой, 16 ТБ хүртэлх багтаамжтай. Дэлгэцийн HDR болон SDR горимын оргил гэрэлтүүлэг 2,000 нит хүрэхээс гадна 10,000,000:1 тодосгогчийн харьцаатай.

Холболтын хувьд гурван Thunderbolt 5 порт, нэг HDMI порт болон SDXC картны оролттой. M5 Pro чиптэй хувилбар гурван хүртэлх гадаад дэлгэц, харин M5 Max чиптэй хувилбар дөрвөн хүртэлх гадаад дэлгэцтэй зэрэг холбогдох боломжтой. 14 инчийн загвар 1.38 кг, 16 инчийн загвар 1.82 кг жинтэй бөгөөд мэдрэгчтэй дэлгэцгүй өмнөх хувилбаруудаасаа хөнгөн болжээ.
Шинэ MacBook Pro-ийн 14 инчийн хувилбар 2,899 ам.доллар, 16 инчийн хувилбар 3,399 ам.долларын эхлэх үнэтэй. Урьдчилсан захиалга аравдугаар сарын 30-наас эхлэх бөгөөд арваннэгдүгээр сарын 6-наас худалдаанд гарахаар төлөвлөжээ.
Apple компанийн шинэ гүйцэтгэх захирал Жон Тернусын удирдлагад хийгдэж байгаа шинэ төрлийн бүтээгдэхүүн гэдгээрээ тус компанийн хувьд онцлог болж байна. Тэрбээр есдүгээр сард тус компанийн анхны эвхэгддэг дэлгэцтэй iPhone Duo загварыг мөн танилцуулсан билээ.
Шинэ мэдрэгчтэй загварын нээлтээс нэг өдрийн өмнө буюу аравдугаар сарын 27-нд Apple компани 14 инчийн дэлгэц, M6 чиптэй энгийн MacBook Pro загвараа мөн танилцуулсан бөгөөд эхлэх үнэ нь 1,999 ам.доллар байв.

Эх сурвалж: Techcrunch



132











