Монголын дүрслэх урлагийн салбарт уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн “АЛТАН НАМАР” судалбар зургийн үзэсгэлэнгийн нээлт 2026 оны 10 дугаар сарын 2-ны өдөр B Contemporary Art Gallery-д боллоо.
Монголын дүрслэх урлагийн салбарын судалбар зургийн уламжлалыг дэмжин хөгжүүлэх зорилготой тус үзэсгэлэн 2018 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж, энэ жил ес дэх удаагаа үзэгчдийн хүртээл болж байна.
“АЛТАН НАМАР” үзэсгэлэн нь уран бүтээлчид байгаль дээр шууд ажиллаж, тухайн орчны гэрэл, өнгө, уур амьсгал, орон зайг ажиглан судалж, тэдгээрийг судалбар зурагт буулгаснаараа онцлог. Байгаль цаг уурын хувьсамтгай нөхцөлд ажиллах нь уран бүтээлчээс ажигч чанар, авхаалж самбаа, оновчтой шийдвэр гаргах чадвар, өнгө болон зохиомжийн мэдрэмжийг шаарддаг.
Судалбар зураг нь Монголын дүрслэх урлагийн сургалт, уран бүтээлийн практикт чухал байр суурь эзэлдэг төрөл бөгөөд уран бүтээлчийн ажиглалт, зохиомжийн шийдэл, өнгөний мэдрэмж, газар орныг танин мэдэх туршлага зэргийг нэгэн дор илэрхийлдэг.

Энэ жилийн үзэсгэлэнд тосон будаг, акрил, усан будаг, харандаа, үзэг, нүүрс зэрэг олон төрлийн техникээр бүтээсэн судалбарууд дэлгэгдэж байна. Сэдвийн хувьд Монгол орны байгаль, намрын өнгө, хөрөг, уламжлалт ахуй, хүний өдөр тутмын амьдралын энгийн агшныг харуулсан бүтээлүүд багтжээ.
Ахмад, дунд болон залуу үеийн нийт 78 уран бүтээлчийн 123 бүтээл ирснээс 84 бүтээл сонгогджээ.
Ийнхүү “АЛТАН НАМАР” нь зөвхөн нэгэн улирлын өнгө төрхийг дүрслэхээс гадна тухайн агшин, орон зай, уур амьсгалын мэдрэмжийг хадгалсан, уран бүтээлчийн хувийн ажиглалт, мэдрэмжийг илэрхийлсэн бүтээлүүдийн цуглуулга болон өргөжсөөр байна.
Судалбар зургийн төрөлд ажилладаг уран бүтээлчдийн харилцаа, туршлага солилцоог дэмжих зорилготой энэ удаагийн үзэсгэлэнгээс шилдэг гурван бүтээлээр шалгарсан
- Дэчиндоржийн Булгантуяа — “СӨГНӨГӨР”
- Даваахүүгийн Соёлмаа — “ХОНИН НУГА”
- Сүхбаатарын Пүрэвхүү — “СУДАЛБАР”
- Мөн Тогтохын Баатарцогт “СУДАЛБАР” бүтээлээрээ тусгай байр эзэлжээ.
“АЛТАН НАМАР” судалбар зургийн үзэсгэлэн нь намрын байгалийн өнгө, Монгол ахуйн дүр төрхийг уран бүтээлчдийн нүдээр шинээр харах боломжийг үзэгчдэд олгож, уламжлагдан ирсэн судалбар зургийн соёлыг орчин үеийн үзэгчдэд хүргэх чухал талбар болж байна.
Та бүхэн “АЛТАН НАМАР” судалбар зургийн үзэсгэлэнг зорин ирж, Монголын дүрслэх урлагийн ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчдийн судалбар бүтээлүүдтэй танилцах боломжтой.
Үзэсгэлэнгийн хугацаа: 2026.10.02–10.11
Цагийн хуваарь: Мягмар–Ням 11:00–19:00 Амралтын өдөр: Даваа
Хаяг: Зураачдын Б урлан, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол



9172






