Хэрвээ та Японд очиж байсан бол тэнд мэдэрсэн хамгийн том соёлын шок тань юу байсан бэ? Өмнө нь очиж үзэж байгаагүй бол тухайн улсад очихоосоо өмнө заавал мэдэх ёстой хэд хэдэн дүрэм бий. Усыг нь уувал ёсыг нь дага гэгчээр аялах гэж буй эсвэл амьдран суралцах гэж буй улсынхаа тухай ихийг мэдэх нь “би очоод яах бол?” гэх айдсаас бага ч гэсэн хөнгөлж, соёлын шоконд орох эрсдэлийг бууруулдаг.
Соёлын шок гэдэг нь шинэ орчинд ирээд дассан байснаасаа тэс өөр нийгмийн хэм хэмжээтэй тулгарах явдал юм. Гэхдээ Япон улсын соёл 21-р зууны шинэлэг байдалтай бага багаар уусаж буй тул бага ч гэсэн санаа амарч болно.
Энэхүү нийтлэлээрээ бид гадаадын иргэдэд томоохон цохилт өгдөг Японы соёл болон тэдгээрт хэрхэн хариу үзүүлэх эсвэл хэрхэн бултаж болох тухай аргуудыг хүргэхээр бэлтгэлээ.
Япон соёл яг юугаараа бусад соёлоос өөр гэж?

Япон соёл гэхээр л хүмүүсийн хамгийн түрүүнд толгойд нь орж ирдэг зүйл бол далд тойруу байдлаар бодлоо илэрхийлдэг зан, дүрэм журмыг сайн баримталдаг иргэд гэх мэт байдаг ч уг улсын соёл эдгээрээс ч гүн гүнзгий зүйл юм.
Япон хүмүүс таны өмнө харж байсан бусад орны хүмүүсээс ч илүү нэгэндээ анхаарал тавьдаг бөгөөд бусдад маш хүндэтгэлтэй хандан аливаа хүний хамгийн сайн талыг нь харахыг хичээдэг. Доор дурдсан жагсаалтыг уншиж байхдаа та энэхүү биширмээр зан чанарыг нь соёлд нь хэрхэн нэвчсэн байгааг харж болно.
1. Ариун цэвэр

Японд тааралдах ариун цэвэртэй холбогдолтой гайхмаар зүйл нь олон нийтийн ариун цэврийн өрөөнд тийм ч их цаасан алчуур байдаггүй. Маш олон аялагчид энэ тухай мэдэхдээ гайхширдаг ба гадуур явахдаа өөрөө өөрийнхөө цаасан алчуурыг авч явж байвал зүгээр.
2. Хаа сайгүй байх бидет суултуур

Япон нь бидетээрээ алдартай ч олон нийтийн ариун цэврийн өрөө нь хүртэл бидет ашигладаг. Тиймээс ариун цэврийн өрөөнүүдэд суултуурыг хэрэглэж дууссаны дараа цацах бактерийн эсрэг цацлага байх нь олонтоо.
Бүр цаашилбал нийтийн ариун цэврийн өрөө тийм ч их байдаггүй ба галт тэрэгний буудлуудад байхдаа ариун цэврийн өрөө ашиглах шаардлага гарвал мөнгө төлж байж ордог.
24 цагийн дэлгүүрүүдэд нойл байж болох ч зарим нь олон нийт биш зөвхөн ажилчдад зориулсан байх магадлалтай. Тиймээс та гэр, дотуур байр, буудлаасаа гарахаас өмнө сайн бие засаж аваад гарсан нь дээр байх даа.
3. Япончууд хог ангилахдаа үнэхээр сайн

Миний бэлтгэлгүй байсан өөр нэг зүйл бол дахин боловсруулалтын талаарх хагас дутуу мэдлэг минь. Ихэнх орнуудад шил, лааз, энгийн хог гэсэн ангиллаар хогоо ангилах нь элбэг байдаг бол Японд хогийг зургаан төрлөөр ангилдаг.
Гэрийн маань хог дүүрээд ирэхэд би яах аргагүй хог ангилахад 15 минутыг зарцуулж байгаа юм. Учир нь бүх хүмүүс хогоо хичээнгүйлэн ангилж байхад би ганцаараа хогоо ангилахгүйгээр бусдад төвөг удаж болохгүй шүү дээ.
Мөн хогоо ангилж хаяагүй тохиолдолд мөнгөн торгууль оногдуулдаг гэдгийг санаарай.
4. Олон нийтийн газарт хогийн сав байдаггүй

Энэ магадгүй дээр дурдсан Японыг маш цэвэрч гэсэн факттай зөрчилдөж буй мэт сонсогдож магадгүй юм. Хэрвээ та Токио, Осака, Шибуяа гэх мэт томоохон хотуудад очиж үзсэн бол гудамж талбай нь маш цэвэрхэн харагдах хэр нь хогийн сав тун цөөхөн байхтай тааралдаж байсан байх.
Бүр аялал жуулчлалын гол цэг болсон Цукижи маркет, Харажукугийн муурын гудамж зэргүүдэд ч хогийн сав байдаггүй. Зарим дэлгүүрүүдэд тухайн дэлгүүрээс худалдаж авсан бүтээгдэхүүний хогийг үлдээж явахыг зөвшөөрч магадгүй ч дэлгүүрийнх нь бараа биш бол хог үлдээхийг хориглоно.
Хэрвээ танд ийм зүйл тохиолдвол битгий гайхаарай. Энэ Японд байдаг энгийн л үзэгдэл тул хогоо халааслаад гэртээ очиж хаях нь хамгийн зөв шийдэл юм.
5. Ганцаараа хооллох нь энгийн үзэгдэл

Зарим улсад ганцаараа хооллох нь эвгүй эсвэл бүр хачин хэмээн тооцогддог ч Японд бол биш. Ганцаараа хооллох нь энгийн үзэгдлээс гадна ийнхүү хооллохыг зөв гэж үздэг.
Ёшинояа, Сукияа зэрэг түргэн хоолны ресторануудад бүр ганцаараа суухад зориулсан ширээ ч байдаг. Энэ нь Японы ажлын соёлтой холбоотой бөгөөд хүмүүс аль болох хурдан идээд явахыг зорьдог байна.
6. Хулгай бараг л гарахгүй

Токио гэх мэт алдар нэр нь хурдацтай өсөж буй хотуудад нийгмийн сүлжээгээр од болж буй ресторан, кафенуудад үйлчлүүлэхийг хүссэн хүмүүсийн цуваа маш урт. Хэрвээ та үйлчлүүлэхийг хүссэн өдрөөсөө өмнө ширээгээ захиалахгүй бол ээлжээ хүлээн зогсох эсвэл бүр ширээний төлөө өрсөлдөх хэрэг ч гарч магадгүй.
Гэхдээ та хүмүүсийг өөрсдийн цүнх, хувцас зэргийг суудал дээрээ үлдээгээд захиалгаа өгөхөөр явж буй хүмүүсийг хараад битгий цочирдоорой.
Хэрвээ та өөрийн эд зүйлсээ олон нийтийн газарт үлдээхэд аюултай газар амьдардаг бол Японы энэ байдал таныг гайхшируулж мэдэх юм. Иргэд нь бусад хүний эд зүйлсэд хүндэтгэлтэй ханддаг тул хулгайч гэж бараг л байхгүй.
Үүнтэй холбоотой нэгэн судалгаа байдаг нь хэтэвчээ Японд алга болговол эргээд олох нь олдохгүй байхаасаа хэд дахин илүү хувийн магадлалтай гээд л бод. Инээдтэй нь Японд хэтэвчээс илүүтэй шүхэр, унадаг дугуй зэргүүд илүү их хулгайлагддаг гэнэ. Ялангуяа бороотой өдрүүдэд шүхрээ сайн харж явах хэрэгтэй шүү.
7. Галт тэрэг нь гайхагддаг ч ойлгоход төвөгтэй

Японы галт тэрэгний систем маш хөгжингүй гэдгээрээ дэлхийд өндөрт байр эзэлдэг. Галт тэрэгнүүд яг л төлөвлөсөн цагтаа ирдэг, зарлал нь ойлгомжтой тод байх бөгөөд Япон, Англи хэлээр зарлагддаг, аялал нь хойшлогдсон бол шууд л мэдэгддэг гээд сайлаад байвал сайлаад л баймаар.
Гэхдээ улсад шинээр ирэгчдийн хувьд галт тэрэгний буудлуудынх нь хэзээ ч дуусахгүй мэт үргэлжлэх том хэмжээ нь асуудал болж хувирдаг. Эдгээр төвүүд нь JR line, Tokyo Metro зэрэг төмөр замын олон компаниудыг нэг дор нэгтгэсэн байдаг бөгөөд үүнийгээ дагаад маш олон платформ, гарцтай байдаг.
Нэг шугамаас нөгөө рүү очих нь тийм ч амар байхгүй ба ялангуяа их ачааллын цагт хэдэн мянгаараа явах хүмүүсийн цуваа нөхцөл байдлыг улам их хүндрүүлж, дарамттай болгодог.
Энэхүү асуудлыг шийдэхийн тулд бид таныг утсандаа Google Map татаж авахыг зөвлөе. Таныг төөрсөн үед аминд орох ганц зүйл чинь болно.
8. Идэж байхдаа алхаж болохгүй

Зарим улсад идэж байхдаа алхах нь энгийн хэмээн тооцогддог. Бүр идэж байхдаа алхахыг сайн хэмээн үзэх нь ч бий. Гэхдээ Японд нөхцөл байдал арай өөр.
Үүний цаана хоёр гол шалтгаан буй.
Нэгт, хоолыг бид хүндлэх ёстой. Японд аливаа зүйлийг хүндэлж, талархлаа илэрхийлэх нь маш чухалд тооцогддог тул идэнгээ алхах нь хоол хийхэд зориулсан хөдөлмөрт хүндэтгэлгүй, хайхрамжгүйг илтгэж байна гэж үздэг.
Хоёрт, цэвэр цэмцгэр байдал гэдэг бол Японд бүр эрт дээр үеэс нь л сууж өгсөн байдаг.
Хэдийгээр та алхангаа хоол идлээ гээд торгуулахгүй ч олны нүдэнд бүдүүлэг гэж харагдах болно. Бүр зарим хүн таныг үйлдлээ зогсоохыг ч асууж магадгүй юм.
Эх сурвалж: cotoacademy










