Цаг хугацааны явцад дэлхийн хамгийн алдартай, түүхэн ач холбогдолтой дурсгалт газруудыг багтаасан “Дэлхийн гайхамшгуудын” янз бүрийн жагсаалтууд хийгдэж байсан. Байгалийн үзэсгэлэнт тогтцууд, хүний гараар бүтээгдсэн барилга байгууламж гээд олон зууны туршид жуулчид эдгээрийг өөрийн нүдээр үзэхийн тулд дэлхий даяар аялсаар иржээ.
Дэлхийн долоон гайхамшиг гэх нэр томьёо бүр эртний Грекчүүдтэй холбогддог. Тэд өөрсдийн харсан гайхамшигтай байгууламж, үзэгдлүүдийг тэмдэглэж “Эртний дэлхийн долоон гайхамшиг” хэмээх жагсаалтыг гаргасан байдаг байна.
Харин 2007 онд 100 сая хүн оролцсон дэлхийн нийтийн санал асуулгын үр дүнд илүү шинэчилсэн жагсаалт гарч, үүнийг “Дэлхийн шинэ долоон гайхамшиг” гэж нэрлэх болжээ. Харин та эдгээрийн талаар хэр ихийг мэдэх вэ?
1. Хятадын Цагаан Хэрэм (The Great Wall of China)

2000 гаруй жилийн түүхтэй Хятадын Цагаан хэрэм нь Хятадын хүч чадал болон соёл уламжлалын бэлэг тэмдэг болсоор ирсэн бөгөөд дэлхийн хамгийн урт хэрэм хэмээх рекордыг эзэмшдэг.
Эхэн үедээ тийм ч анхаарал татахааргүй байсан жижиг хэрмийн барилгын ажил МЭӨ 220 оны үед эхэлсэн бөгөөд их ханы хэсгүүдийг хэмжвэл нийт урт нь 21,196 км хүрдэг. Энэ нь дэлхийн диаметрийн аравны нэгээс илүүтэй тэнцэх хэмжээ юм. Хятадын түүхэн умард хилээр хэдэн мянган км дамнан үргэлжлэх энэ байгууламжийг Хятадын анхны хаан Цинь Ши Хуан умард нутгийн довтлогчдоос улс орноо хамгаалах зорилгоор өмнө нь байсан олон ханануудыг нэгтгэн байгуулжээ.
2. Чичэн Ица (Chichén Itzá)

Мексикийн Юкатан мужид Майягийн эртний түүхэн хот Чичэн Ица оршдог. Майягийн иргэншил эрт цагт Месоамерик хэмээх бүс нутагт үүссэн бөгөөд энэ өргөн уудам газар нутаг нь Мексик болон Төв Америкийн нэг хэсгийг хамардаг билээ.
“Чичэн” гэдэг нь “худгийн ам” гэсэн утгатай бол “Ица” нь “усны шидтэнүүд” буюу МЭ 6-р зууны үед энэ ариун хотын туурийг тавьсан овгийн нэр юм байна.
Энэхүү археологийн дурсгалт газарт хэд хэдэн сүм, байгууламж байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн алдартай нь Эль Кастилиью юм. Үүнийг өөрөөр Кукулканы сүм ч гэж нэрлэдэг.
Эль Кастилиью нь шаталсан пирамид бөгөөд дөрвөн талаараа тус бүр 91 шаттай. Харин нийт шатных нь тоо 365 байдаг.
3. Петра (Petra)

Элсэн чулуун хадан цохионд сийлж бүтээсэн гайхамшигт хот болох Петра нь Йорданы өмнөд хэсэгт оршдог бөгөөд дэлхийн хамгийн эртний хотуудын нэг. Петра хотын ихэнх байгууламж нь улаан чулуугаар сийлэгдсэн байдаг тул хотыг “Сарнайн хот” ч гэж нэрлэдэг. Харин хот яг хэзээ баригдсан талаар тодорхой мэдээлэл байдаггүй байна.
Гэвч Петра нь МЭӨ 1-р зуунаас эхлэн Набата улсын нийслэл болж, олон жилийн турш Араб гаралтай набатачуудын нийслэл хот байсан. Дараа нь Ромчууд болон Византийнхны суурин болсон байна.
Сүүлийн хэдэн арван жилд Петра нь “Индиана Жонс ба Эцсийн загалмайт аян” зэрэг алдартай киноны зураг авалтын талбар болж байв.
4. Мачу Пикчу (Machu Picchu)

Перугийн Андын нурууны өндөрлөгт орших Мачу Пикчугийн эртний хотын туурь 1400-аад онд Инкагийн эзэнт гүрний үед баригджээ. Үүнийг мөн “Инкачуудын алдсан хот” гэж нэрлэдэг бөгөөд Инкагийн хаан Пачакут хааны эзэмшил байсан гэж үздэг.
Инкачууд уг газрыг баригдсанаас нэг зууны дараа орхин явсан гэдэг ч түүний түүхийн ихэнх хэсэг нь өнөөг хүртэл хадгалагдаж чаджээ. Энэхүү бэхлэлт хот нь Урубамба мөрний дээгүүр өндөрлөгт байрладаг бөгөөд сүүлийн зуун жилийн хугацаанд маш олон аялагчдыг татсаар ирсэн.
1911 онд Америкийн археологич Хайрам Бингхэм Мачу Пикчуг дахин нээсэн нь тэр үед барууны ертөнцөд огт танигдаагүй байсан энэхүү газрыг дэлхий даяар алдаршуулж чадсан юм.
5. Аврагч Есүсийн хөшөө (Christ the Redeemer)

Бразилын Рио-де-Жанейро хотын Корковадуо уулын оройд дэлхийн алдарт аварга том Аврагч Есүсийн хөшөө сүндэрлэн байдаг.
Энэхүү сэтгэл хөдөлгөм 30 гаруй метр өндөр Христийн бэлгэдэл хөшөө нь 1931 онд баригдаж дууссан бөгөөд баригдаж дуустлаа нийт есөн жилийг зарцуулсан байна. Хөшөө нь дэлхий дээрх хамгийн том арт-деко баримал хэмээн тооцогддог ба Франц-Польшийн уран барималч Пол Ландовски зохион бүтээж, барилгын ажлыг Бразилын инженер Эйтор да Силва Кошта болон Францын инженер Альбер Како нар хийж гүйцэтгэжээ.
6. Колизей (The Colosseum)

Ромын төв хэсэгт орших Колизей нь Италийн нийслэлийн хамгийн түүхэн бөгөөд алдартай дурсгалт газруудын нэг гэдэгт маргах зүйл үгүй.
МЭ 80 онд баригдаж дууссан энэ байгууламж нь эртний Ромд олон нийтийн үзүүлбэрийн талбар болгон ашиглагддаг байжээ. Үүнд гладиаторын тулаан, ан авын тоглолт, болон бусад олон төрлийн үзүүлбэр ордог байсан. Тухайн үед Колизей нь 80,000 хүртэл үзэгчийг багтаадаг байсан гэж үздэг ба эзэнт гүрний хаад тэнд тансаг тоглолт, тэмцээн зохион байгуулдаг байв.
7. Таж Махал (The Taj Mahal)

Жагсаалтын хамгийн сүүлд дэлхийн хамгийн гайхамшигт бунхнуудын нэг Таж Махал орж байна.
Энэтхэгийн Уттар Прадеш мужийн Агра хотод Ямуна мөрний эрэг дээр орших энэхүү цасан цагаан гантиг барилга нь хорь гаруй жилийн турш баригдсан бөгөөд бунхны зураг төсөл, барилгын ажилд 20,000 гаруй хүн оролцжээ.
Таж Махалыг Моголын хаан Шах Жахан 1631 онд нас барсан эхнэр Мумтаз Махалынхаа дурсгалд зориулан бариулсан байна.
Дэлхий даяар алдаршсан энэ гайхамшигт дурсгалт газрыг жил бүр сая сая хүн очиж үздэг ба манай жагсаалтын бусад гайхамшгуудын нэгэн адил ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн билээ.
Эх сурвалж: BBC



392






