Англи хэл сурахаар шийдсэн хүн бүрийн өмнө шинэ үг, дүрмээ цээжлэх, сонсох, ярих гээд хийх зүйлсийн урт жагсаалт гарч ирдэг. Гэхдээ олон цагийг англи хэл сурахад зарцуулсан ч хүссэн үр дүндээ хүрэхгүй байх тохиолдол бий. Англи хэл гэлтгүй аливаа хэлийг сурахал дан ганц хэр их цаг гаргаж хичээллэж байгаагаас гадна хэрхэн суралцаж байгаа тактик чухал. Гэхдээ яг сурч байх хугацаанд тактикаас гарч алдах тохиолдлууд ч гардаг шүү дээ.
Тиймээс англи хэлний мэдлэгээ сайжруулахыг зорьж буй хүмүүсийн түгээмэл гаргадаг дараах зургаан алдааг анзаараад тус алдаануудыг гаргахгүй байхад анхаараарай.
ДӨРВӨН ЧАДВАРАА ЗЭРЭГ ХӨГЖҮҮЛЭХ ГЭЖ ЯАРАХ
Унших, бичих, сонсох, ярих дөрвөн чадвар бүгд хэл сурахад чухал. Гэхдээ эдгээрийг нэгэн зэрэг ижил түвшинд хөгжүүлэх гэж хэт их хичээх нь суралцах явцыг хүндрүүлдэг. Ялангуяа анхан шатны суралцагчид нэг өдөрт шинэ үг цээжилж, дүрэм үзэж, англи подкаст сонсож, эсээ бичихийг зорьдог.
Үүний оронд тухайн үеийнхээ хэлний түвшин, зорилгодоо тохируулан эхэн үедээ нэг эсвэл хоёр чадварт илүү анхаарах нь үр дүнтэй. Жишээлбэл, ярианы чадвараа сайжруулахыг хүсвэл өдөр бүр богино хугацаанд англиар ярьж дадлага хийх, сонсох чадвараа хөгжүүлэхийн тулд ойлгомжтой подкаст, бичлэг сонсох зэргээр эхэлж болно. Үүний үр дүнд бусад чадвараа хөгжүүлэхэд илүү дөхөм болох боломжтой.
ШАЛГАЛТАД ЗОРИУЛЖ БЭЛДЭХ

Англи хэл сурахдаа IELTS, TOEFL зэрэг шалгалтын оноогоо ахиулахад хэт төвлөрөх нь түгээмэл. Шалгалтын бүтэц, асуултын төрөл, цагийн менежментэд суралцах нь мэдээж чухал ч зөвхөн тестийн дасгал ажиллах нь хэлний бодит хэрэглээг орхигдуулахад хүргэж болзошгүй.
Жишээлбэл, IELTS-ийн Reading хэсэгт өндөр оноо авахын тулд олон тест ажилладаг ч өдөр тутмын англи нийтлэл унших, подкаст сонсох, чөлөөтэй ярилцах дадлага хийхгүй байх тохиолдол бий. Шалгалтын оноо болон тухайн хэлийг бодит амьдрал дээр ашиглах чадвар нь нэлээд өөр гэдгийг санаарай.
ӨӨРТӨӨ ХЭТ ИХ АЧААЛАЛ ӨГӨХ

Англи хэлийг богино хугацаанд эзэмших хүсэлдээ хөтлөгдөн өдөр бүр хэдэн арван шинэ үг цээжлэх, олон цаг хичээллэх төлөвлөгөө гаргах нь түгээмэл. Гэвч эхний өдрүүдэд эрч хүчтэй эхэлсэн ч удалгүй ядарч, төлөвлөгөөгөө орхих магадлалтай.
Хэл сурах нь нэг удаагийн эрчимтэй бэлтгэлээс илүү тогтмол давталт шаарддаг урт хугацааны үйл явц юм. Тиймээс өдөрт хамгийн багадаа 40 минутаас нэг цагийг тогтмол зарцуулах нь хааяа нэг олон цагаар хичээллэхээс илүү үр дүнтэй байж болно. Хамгийн гол нь өөрт тохирсон хэмнэлээ олох хэрэгтэй.
ХЭТ АКАДЕМИК БАЙДЛААР СУРАХ
Англи хэл сурахдаа дүрмийн ном унших, үгийн сангаа нэмэгдүүлэх, дасгал ажиллахад хэт төвлөрөх нь бий. Гэвч дүрмийг онолын хувьд сайн мэддэг байх нь тухайн хэлээр чөлөөтэй харилцаж чадна гэсэн үг биш.
Хэл гэдэг шалгалт өгөхөд ашигладаг мэдлэг биш. Харин өдөр тутмын харилцааны хэрэгсэл юм. Тиймээс кино үзэх, дуртай сэдвээрээ нийтлэл унших, англи хэл дээр тэмдэглэл хөтлөх, бусадтай ярилцах зэргээр бодит хэрэглээнд ойр аргаар суралцах нь чухал. Үүний үр дүнд сурсан дүрэм, үгсээ бодит нөхцөлд ашиглаж сурах боломжтой.
АЛДАА ГАРГАХААС АЙЖ, ЯРИХААС ЗАЙЛСХИЙХ

Англиар ярихдаа буруу дуудлага гаргах, дүрмийн алдаа хийх, үгээ мартах вий гэж санаа зовдог хүн олон. Ялангуяа бусдын өмнө ярих үед өөрийгөө хангалтгүй гэж мэдрэх нь бий.
Гэхдээ алдаа гаргах нь хэл сурах үйл явцын салшгүй хэсэг. Алдаагаа анзаарч, засах бүрд тухайн хэлний хэрэглээг илүү сайн ойлгож авдаг. Тиймээс төгс ярьж сурах хүртлээ хүлээхийн оронд энгийн өгүүлбэрээр ч болов ярьж эхлэх нь чухал. Өөртэйгөө англиар ярих, өдөр тутмын үйл явдлаа тайлбарлах зэргээс эхэлж болно.
ЗӨВХӨН ШИНЭ ҮГ ЦЭЭЖЛЭХЭД ТӨВЛӨРӨХ
Шинэ үг мэдэх нь хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх ч тухайн үгийг өгүүлбэрт хэрхэн ашиглахыг мэдэхгүй бол бодит харилцаанд хэрэглэхэд хүндрэлтэй.
Жишээлбэл, нэг үгийн орчуулгыг цээжлэхийн оронд тухайн үгтэй хамт түгээмэл хэрэглэгддэг хэллэг, өгүүлбэрийг нь сурах хэрэгтэй. Мөн шинэ сурсан үгээ бичих, ярихдаа ашиглаж хэвших нь мартахгүй байхад тусална. Үгийн тоо нэмэгдүүлэхээс илүү сурсан үгээ бодитоор ашиглаж чаддаг болохыг зорих нь чухал.



351











