Сүүлийн жилүүдэд Хятад хэл сурах сонирхолтой залуусын тоо нэмэгдсэн. Хятад хэл сурахаар шийдсэн ч олон тооны ханз, дуудлага, бичгийн дүрэм зэргээс шалтгаалан тухайн хэлийг сурахад хэцүү санагдах үе олон тохиолддог. Гэхдээ шинэ хэл сурахад хамгийн чухал зүйл нь богино хугацаанд их зүйл цээжлэхээс илүүтэйгээр тогтмол суралцаж, өдөр тутмын дадал болгох юм.
Тиймээс HSK 4 түвшний мэдлэгтэй, одоо HSK 5 шалгалтад бэлдэж буй Б.Цэцэнжаргалын Хятад хэл сурсан туршлагаас хуваалцаж, суралцах явцаа илүү үр дүнтэй болгоход туслах таван зөвлөгөөг хүргэж байна.
ХЭЛ СУРАХЫГ ШАЛГАЛТЫН БЭЛТГЭЛ БИШ ӨДӨР ТУТМЫН ДАДАЛ БОЛГООРОЙ

Хятад хэл сурахдаа дан данцHSK түвшин тогтоох шалгалтын оноонд зориулж бэлдэх нь сурах үйл явцаг удаан болгодог. Харин тухайн хэлийг өдөр тутамдаа ашиглаж, тогтмол уншиж, сонсож сурах нь илүү үр дүнтэй. Өөрт тохирсон хугацаандаа тогтмол сурсан зүйлээ давтах нь чухал. Жишээлбэл, өглөө бүр шинэ үг цээжлэх, чөлөөт цагаараа Хятад хэл дээрх бичлэг үзэх, өдөр тутмын энгийн өгүүлбэрүүдийг өөрөө зохиож хэлэх зэргээр суралцах боломжтой. Хамгийн гол нь Хятад хэл гэлтгүй өөр ямар ч хэлийг сурч байх үедээ өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгохыг хичээгээрэй.
ХАНЗНЫ ЕРӨНХИЙ УТГЫГ ТҮЛХҮҮРЭЭР ЦЭЭЖЛЭХ

Хятад хэл сурахад олон тооны ханз цээжлэх шаардлагатай болдог. Ялангуяа анхлан суралцагчдын хувьд хоорондоо төстэй харагдах ханзуудыг ялгах, утгыг нь тогтоох нь багагүй хүндрэлтэй байдаг.
Тиймээс ханз бүрийг тусад нь цээжлэхийн оронд ижил түлхүүр агуулсан ханзуудыг бүлэглэн сурахыг зөвлөж байна. Ижил түлхүүр нь тухайн ханзны утгын талаар ойлгоход тусалдаг.
Жишээлбэл, 口 (kǒu) буюу “ам” гэсэн түлхүүртэй ханзуудыг авч үзье.
- 吃 (chī): идэх
- 喝 (hē): уух
- 叫 (jiào): дуудах
Эдгээр ханзанд амтай холбоотой 口 хэсэг орсон байдаг. Ийм байдлаар ханзны бүтцийг ажиглаж, утгатай нь холбон сурах нь шинэ ханзыг ойлгож, тогтооход дөхөм болно.
ХЯТАД ХЭЛИЙГ САЙН БИЧИЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ.

Хятад хэл нь ханзны бичлэгт суурилдаг учраас уншиж танихаас гадна өөрөө бичиж сурах нь чухал. Зарим суралцагч ханзыг олон дахин харах, утгыг нь унших замаар цээжлэхийг хичээдэг ч шалгалтын үеэр тухайн ханзыг өөрөө бичих шаардлага гарахад мартах тохиолдол бий.
Тиймээс шинэ ханз сурах бүрдээ түүний бичлэгийн дарааллыг анхаарч, гараараа давтан бичиж хэвшээрэй. Мөн ханзыг зүгээр хуулж бичихээс илүүтэйгээр нэг харж тогтоогоод, дараа нь харахгүйгээр өөрөө бичиж үзэх нь мэдлэгээ шалгахад тустай. Өдөр бүр сурсан ханзуудаа дэвтэртээ бичиж, өмнөх өдрүүдийн ханзтайгаа хамт давтах нь тогтоолтыг сайжруулах нэг арга юм.
ХЯТАД ДУУ СОНСОЖ, КИНО ҮЗЭН СОНСОХ ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЭЭРЭЙ
Хэл сурахад ном, сурах бичиг үргэлж ашиглаж сурвал удаан сурна. Нэмэлтээр өөрийн сонирхдог дуу, кино, нэвтрүүлэг зэргээр дамжуулан хэлний мэдлэгээ хөгжүүлэх боломжтой.
Хятад дуу сонсохдоо үгийн утга, дуудлагыг нь анзаарах, мэдэхгүй үгээ тэмдэглэж авах зэргээр сонсох дадлаа идэвхтэй болгоорой. Харин кино үзэхдээ эхлээд хадмал орчуулгатай үзэж, дараа нь ойлгосон хэсгээ хадмалгүйгээр дахин сонсож болно.
Мөн кино, бичлэгээс өдөр тутмын харилцан ярианд түгээмэл хэрэглэгддэг хэллэгүүдийг сурах нь бодит нөхцөлд Хятад хэлээр ойлголцох чадварт эерэг нөлөөтэй.
ШАЛГАЛТАД БЭЛДЭХ ХАНГАЛТТАЙ ХУГАЦАА ТӨЛӨВЛӨӨРЭЙ

HSK шалгалтад бэлдэхдээ өөрийн одоогийн түвшнээсээ хамаараад хүрэхийг хүсэж буй оноо, шалгалт хүртэлх хугацаагаа бодитоор тооцоолох хэрэгтэй. Нэг түвшнээс дарааийн түвшинд хүрэхэд тухайн хүний онцлогоос хамаараад тодорхой хугацаа шаардагддаг.
Хэт богино хугацаанд олон үг, ханз цээжлэх гэж яарах нь суралцах үйл явцыг хүндрүүлж болзошгүй. Юуны өмнө өөртөө тодорхой зорилго тавиарай. Жишээ нь, хэдий хугацаанд ямар түвшинд хүрэх, өдөр бүр хэдэн шинэ үг сурах, долоо хоногт хэдэн удаа сонсгол болон уншлагын дасгал хийхээ төлөвлөж болно.
Мөн шалгалтын бүртгэлээ хийхдээ өөрийгөө бэлтгэх хангалттай хугацаатай эсэхийг анхаарах нь чухал. Хэрэв хугацаа давчуу байгаа бол шалгалтын огноогоо яаран сонгохын оронд бэлтгэлээ ахиулах боломжийг бодолцоорой.
Б.Цэцэнжаргалын хувьд бэлтгэлээ шахуу хугацаанд амжуулах шаардлага тулгарвал компьютер дээр өгах НSK шалгалтын хувилбарыг сонгохыг зөвлөлөө. Энэ бичгийн хэсэгт цэг, таслал алдлаа гэж үзэхэд оноо хасагдахгүй байх давуу талтай.
Ерөнхийдөө шинэ хэл сурахад хамгийн чухал зүйл бол тууштай байдал юм. Өдөр бүр бага багаар суралцаж, сурсан зүйлээ бодит амьдралд ашиглахыг хичээвэл хэлний мэдлэг тань аажмаар ахина. Өөртөө тохирсон арга барилаа олж, зорилгынхоо төлөө тогтмол хичээгээрэй.



212











