Өвлийн улиралд өглөө сэрэхэд гадаа харанхуй, өдөр богино, шөнө урт байх нь бидний өдөр тутмын амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт авчирдаг. Зарим хүн энэ үед ердийнхөөсөө илүү ядарч, аливаа зүйлд төвлөрөхөд бэрхшээлтэй болох эсвэл гэртээ илүү их цаг өнгөрүүлэхийг хүсдэг. Тэгвэл эдгээр өөрчлөлт зөвхөн хүйтэн цаг агаартай холбоотой юу, эсвэл улирлын солигдолт бидний сэтгэл санаанд илүү нөлөөлдөг юм болов уу?
НАРНЫ ГЭРЭЛ БАГАСАХАД БИЕИЙН ХЭМНЭЛ ӨӨРЧЛӨГДДӨГ
Өвлийн улиралд сэтгэл санаанд нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг нь нарны гэрлийн хэмжээ юм. Өдөр богиносож, нарны гэрэлд байх хугацаа багасахад хүний биеийн дотоод цаг буюу нойр, сэрэх хэмнэлийг зохицуулдаг циркадиан хэмнэлд өөрчлөлт орж болно.
Мөн нарны гэрэл нь сэтгэл санаатай холбоотой серотонин болон нойрны мөчлөгийг зохицуулдаг мелатонин дааврын үйл ажиллагаатай холбоотой. Өвлийн улиралд гэрлийн хэмжээ багассанаар эдгээр бодисын зохицуулалт өөрчлөгдөж, зарим хүнд нойрмоглох, эрч хүч буурах, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг шинж илэрч болно.

Тиймээс өвлийн улиралд өглөө босоход хэцүү болох, өдрийн турш нозоорох, өмнө нь сонирхдог байсан зүйлдээ идэвхгүй хандах нь зарим тохиолдолд улирлын өөрчлөлттэй холбоотой байдаг.
ХҮЙТЭН ЦАГ АГААРЫН НӨЛӨӨ
Өвлийн улиралд гадаа удаан хугацаагаар байх, алхах, найз нөхөдтэйгөө уулзах зэрэг үйл ажиллагаа мэдээж багасдаг. Үүний оронд хүмүүс гэртээ илүү их цаг өнгөрүүлж, хөдөлгөөний идэвх болон нийгмийн харилцаа нь хумигдах хандлагатай.
Гэвч биеийн хөдөлгөөн, бусадтай харилцах, өдөр тутмын тогтсон хуваарь нь сэтгэл санааг дэмжихэд чухал үүрэгтэй. Эдгээр дадал өөрчлөгдөхөд зарим хүн эрч хүчгүй болж, өдөр тутмын ажлаа эхлүүлэхэд хүртэл хүндрэлтэй санагдаж болно.
Өөрөөр хэлбэл, өвлийн улирлын нөлөө зөвхөн температуртай холбоотой биш. Нарны гэрэл, нойрны хэмнэл, хөдөлгөөний идэвх болон нийгмийн харилцаа зэрэг олон хүчин зүйл хоорондоо уялдаж байдаг.
СЭТГЭЛ САНААНЫ ӨӨРЧЛӨЛТ

Улирал солигдоход сэтгэл санаа түр зуур өөрчлөгдөхийг заримдаа “Winter Blues” гэж нэрлэдэг. Харин энэ өөрчлөлт илүү удаан үргэлжилж, өдөр тутмын амьдралын хэмнэлд нөлөөлж эхэлбэл улирлын хамааралтай сэтгэл санааны гутрал буюу Seasonal Affective Disorder-тай холбоотой байж болно.
SAD нь ихэвчлэн намрын сүүл, өвлийн эхээр илэрч, хавар, зуны улиралд намждаг сэтгэл гутралын нэг хэлбэр юм. Үүний үед дараах өөрчлөлтүүд ажиглагдаж болно.
- Өмнө нь дуртай байсан зүйлдээ сонирхол буурах
- Ердийнхөөс илүү ядрах, нойрмоглох
- Төвлөрөхөд хүндрэлтэй болох
- Сэтгэл санаа тавгүй, цочромтгой болох
- Найз нөхөдтэйгөө уулзах, нийгмийн харилцаанд оролцох хүсэл багасах
Гэхдээ өвлийн улиралд хааяа гуниглах, залхуурах эсвэл ядрах нь шууд SAD гэсэн үг биш. Харин эдгээр өөрчлөлт удаан үргэлжилж, хичээл сургууль, ажил болон өдөр тутмын амьдралд саад болж байвал мэргэжлийн хүнтэй зөвлөлдөх нь зүйтэй.
ГЭХДЭЭ ХҮН БҮРД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ ӨӨР
Улирал солигдох нь байгалийн жам боловч бидний бие махбод, сэтгэл санаанд үзүүлэх нөлөө хүн бүрд харилцан адилгүй. Зарим хүнд өвөл тайван, тухтай улирал байдаг бол заримд нь эрч хүч, идэвхээ хадгалахад илүү их анхаарах шаардлага гардаг.
Тиймээс өвлийн өдрүүдэд өөрийн сэтгэл санаа, нойр, өдөр тутмын дадалдаа анхаарч, өөрт тохирсон хэмнэлийг бий болгох нь чухал. Учир нь улирлын өөрчлөлтийг давахын тулд заавал томоохон өөрчлөлт хийх шаардлагагүй. Заримдаа өдрийн гэрэлд багахан алхах, дуртай хүнтэйгээ ярилцах, хангалттай амрах зэрэг энгийн дадал хамгийн их тус болдог.
ӨВЛИЙН ӨДРҮҮДЭД СЭТГЭЛ САНААГАА ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ?

Улирлын өөрчлөлтийг бүрэн зогсоох боломжгүй ч өдөр тутмын амьдралдаа багахан өөрчлөлт оруулснаар бие махбод, сэтгэл санаагаа дэмжих боломжтой.
1. Өдрийн гэрлийг ашиглаарай.
Боломжтой үедээ өдрийн цагаар гадаа гарч, байгалийн гэрэлд цаг өнгөрүүлээрэй. Богино хугацаанд алхах ч өдөр тутмын хэвшил болоход тустай.
2. Тогтмол хөдөлгөөнтэй байгаарай.
Өвлийн хүйтнээс шалтгаалан гадаа гарах боломж хязгаарлагддаг ч гэртээ сунгалтын дасгал хийх, алхах зэрэг хөнгөн хөдөлгөөнөөр идэвхтэй байж болно.
3. Нойрны хуваариа хадгалаарай.
Өдөр бүр ойролцоо цагт унтаж, сэрэх нь биеийн дотоод цагийг тогтвортой байлгахад тусалдаг. Мөн унтахын өмнө дэлгэцийн хэрэглээгээ багасгахыг хичээгээрэй.
4. Нийгмийн харилцаагаа бүү орхиорой.
Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцах, хамтдаа цаг өнгөрүүлэх нь сэтгэл санааг дэмжих нэг арга юм. Заавал томоохон төлөвлөгөө гаргах шаардлагагүй. Энгийн яриа, хамтдаа цай уух ч хангалттай.
5. Өөртөө амрах боломж өгөөрэй.
Өвлийн улиралд эрч хүч бага байгаа мэт санагдвал өөрийгөө буруутгахын оронд амралт, ажлынхаа хэмнэлийг зохицуулаарай. Өдөр бүр бүхнийг амжуулах гэж яарах шаардлагагүй.
Хэрэв сэтгэл санааны өөрчлөлт удаан үргэлжилж, өдөр тутмын амьдралд тань нөлөөлж байвал итгэдэг том хүнтэйгээ ярилцаж, сэтгэл зүйн мэргэжилтэн эсвэл эмчээс зөвлөгөө аваарай.
Эх сурвалж: NIMH



103











