Өмнөх нийтлэл дээр бид таны өмнө нь сонсож ч байгаагүй хачирхалтай арван эмгэгүүдийн тухай нийтлэлийг бичсэн. Газрын самар, шар өнгө, тоо, утасгүй байхаас айх гээд л хачирхалтай эмгэгүүд олон байсан шүү дээ. Тэгвэл өнөөдрийнхөө нийтлэлээр өмнөхөөсөө илүү хачирхалтай арван эмгэгийг танилцуулах болно.
1. Arachibutyrophobia (газрын самрын тос тагнаад наалдаж үлдэхээс айх эмгэг)

Arachibutyrophobia нь газрын самрын тос тагнаад наалдаж үлдэхээс айх эмгэг юм. Хэдий ямар ч хүн тагнаадаа газрын самрын тос наалдуулахыг хүсэхгүй ч arachibutyrophobia-той хүмүүс ийм зүйл болохоос үхтлээ айдаг байна. Хэр их айдас мэдрэх нь хүн хүнээсээ шалтгаалаад өөр өөр. Arachibutyrophobia-той ч гэсэн бага хэмжээгээр газрын самар идэж чаддаг нэг нь байхад газрын самар орсон юуг ч амандаа хүргэж чаддаггүй хэсэг бүлэг нь ч байна.
Газрын самрын тос тагнаад наалдахаас айх эмгэг нь тун ховор бөгөөд наалдамхай зүйл эсвэл ямарваа нэгэн зүйлд хахах эмгэгээс үүсэн гарсан ч гэж ярьдаг. Эсвэл энэхүү эмгэг нь газрын самартай холбоотой осол болж байсан ч юм уу газрын самраас харшилтай хүмүүст тохиолдож болно.
2. Nomophobia (утасгүй байхаас айх эмгэг)

Nomophobia нь утасгүй байхаас айх эмгэг юм. Nomophobia-тай хүмүүс биед нь утас нь байхгүй үед, сүлжээ орохгүй байхад болон утасных нь цэнэг дуусах дөхөхөд маш их айдсыг мэдэрдэг. Нөхцөл байдал нь ямар ч байсан эдгээр хүмүүсийн хувьд ямар нэгэн байдлаар утсаа ашиглаж чадахгүй байна гэдэг нь дэлхий сүйрэхтэй адил хэмжээний стрессийг мэдрүүлдэг байна.
Энэхүү ховор эмгэг нь утсандаа хэт донтсон хүмүүст илрэх нь олонтоо. Nomophobia-тай хүмүүс цаг, минут тутам утсаа шалгах бөгөөд ойр дотын хүмүүсээс нь ирсэн дуудлага, мессежийг уншихгүй өнгөрөөхөөс болгоомжилдог.
3. Arithmophobia (тооноос айх эмгэг)

Бид бүгдээрээ л хүүхэд байхдаа математикийн хичээлдээ дургүй эсвэл математикаас жийрхдэг байсан байх. Харин arithmophobia-тай хүмүүс энэ мэдрэмжийг биднээс зуу дахин хүндрүүлж мэдэрдэг гэнэ. Тэд тоо бодох, математиктай холбоотой зүйлс хийх эсвэл зүгээр л тоо харж ч чаддаггүй байна.
4. Plutophobia (мөнгөнөөс айх эмгэг)

Маш олон хүмүүс өөрсдөд нь одоо байгаагаас нь илүү мөнгө байсан ч болоосой гэж хүсдэг бол plutophobia-тай хүмүүс мөнгөнөөс, бүр баян болохоос айдаг гэнэ. Ерөнхийдөө бол их хэмжээний мөнгө оролцсон зүйлсээс айдаг буюу баячууд гэдэг бол тэдний хувьд хамгийн аймшигтай хар дарсан зүүд нь юм.
Тэгэхээр рlutophobia-аар өвчилсөн хүмүүс мөнгөнөөс айх эмгэгээсээ болоод өөрсдийн ажил мэргэжлийг тоохгүй орхих нь энгийн үзэгдэл. Уг эмгэгийн цаад шалтгааныг үүрэг хариуцлага, дарамт болон байгаа зүйлээ алдах вий гэсэн айдсаас үүдэлтэй гэж үздэг юм байна.
5. Xanthophobia (шар өнгөнөөс айх эмгэг)

Xanthophobia нь шар өнгөнөөс айх айдас юм. Уг эмгэгийг туссан хүмүүс сургуулийн автобус, цэцэг, жимс гээд шар өнгөтэй бүхий л зүйлээс айдаг. Тиймдээ ч тэд шар өнгөтэй хоолнуудаас аль болох зайгаа барихыг хичээдэг.
Төсөөлөөд үз дээ. Шарсан төмс, гадил, чипс, ванильтай тоорт гэх мэт дэлхий дээрх хамгийн гайхалтай амттай хүнсний бүтээгдэхүүнүүдийг өнгөнөөс нь болоод идэж чадахгүй байна гээд.
6. Ablutophobia (усанд орохоос айх эмгэг)

Ablutophobia нь усанд орох, нүүрээ угаах, бүр өөрийгөө цэвэрлэхээс айх эмгэг юм. Энэхүү эмгэг нь ихэвчлэн хүүхдүүдэд тохиолддог бөгөөд цаг хугацааны аясаар аяндаа байхгүй болдог ч зарим тохиолдолд хүнийг насанд хүрсэн хойно нь ч үлдсэн байх нь бий.
Ablutophobia-тай хүмүүс айдсаасаа болоод ариун цэврээ муу сахидаг тул тааламжгүй үнэртэй байхаас гадна нийгмээс тусгаарлагдчихдаг. Тэгсэн ч усанд орох айдас нь энэхүү сөрөг үр дагавруудаас мянга дахин илүү байдаг тул эдгээр сөрөг үр дүнгүүд тэдний хувьд тийм ч том асуудал болдоггүй байна.
7. Octophobia (наймын тооноос айх эмгэг)

Octophobia нь наймын тооноос айх айдас юм. Сонирхолтой нь дээр дурдсанчлан тооноос айх эмгэгтэй хүмүүс байхын дээр нэмээд яг онцолсон тооноос айх айдас тун ховор байдгийн нэг нь наймын тоо нөгөө нь арван гурвын тоо. Зүгээр ч нэг наймын тооны харагдах байдлаас биш бүр найман ширхгээрээ байгаа зүйлсээс ч айх тохиолдол бас байдаг гэнэ шүү.
8. Optophobia (нүдээ нээхээс айх эмгэг)

Optophobia нь нүдээ нээхээс айх эмгэг юм. Уг эмгэг нь хүнийг нүдээ нээхгүйгээр амьдрахыг шаарддаг тул маш хэцүү эмгэгүүдийн нэгд тооцогддог. Optophobia-тай хүмүүс гадагш гарах тийм ч дуртай биш ба аль болох гэрэл багатай, харанхуй орчинд байхыг хүсдэг.
9. Globophobia (агаарын бөмбөлгөөс айх эмгэг)

Globophobia нь агаарын бөмбөлгөөс айх эмгэг юм. Уг эмгэг нь хүнд янз бүрийн түвшинд илэрч болдог. Жишээ нь хөнгөн хэлбэрийнх бол агаарын бөмбөлөгтэй ойр байхаас эмээх бол хүнд хэлбэрийнх нь агаарын бөмбөлөг байгаа л бол түүнээс үхтлээ айх айдас юм.
Хэрвээ бага насны хүүхэд агаарын бөмбөлгөөс айх эмгэг тусвал тэдэнд уг эмгэг хамгийн хүндээр нөлөөлдөг байна. Учир нь хүүхдүүдийн төрсөн өдрөөр агаарын бөмбөлөг шиг чухал зүйл хаана байх бил ээ?
10. Hippopotomonstrosesquippedaliophia (урт үгнээс айх эмгэг)

Hippopotomonstrosesquippedaliophia нь урт үгнээс айх эмгэг юм. Инээдтэй нь “Hippopotomonstrosesquippedaliophia” гэх үг нь өөрөө толь бичиг дээр байх хамгийн урт үг. Өөрөөр энэ эмгэгийг sesquipedalophobia ч гэж нэрлэдэг. Урт үгнээс айх айдас нь аливаа үгийг буруу уншчихвал яана гэх айдсаас болж үүсдэг гэнэ. Тиймээс ангийнхныхаа өмнө чангаар зохиолын хэсгээс уншихаас үхтлээ айдаг хүүхдүүдэд ихээхэн ажиглагддаг.
Эх сурвалж: The recovery village


215











