
Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн энэ улиралд хамгийн их анхаарал татаж буй тоглогчдын нэг бол “Panthers” багийн 17 настай холбон тоглогч Б.Анунгоо юм. Энэ жил Б.Анунгоо 2026 оны драфтын гуравдугаар сонголтоор “Panthers” багт нэгдсэн билээ.
Мөн дөнгөж 17 настайдаа Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, саяхан болсон Айчи-Нагояагийн Азийн наадамд шөвгийн 8-т багтахад хувь нэмрээ оруулсан юм.
Тэрээр 172 см өндөртэй, холбон тоглогчийн байрлалд тоглодог. Энэ жил Үндэсний Дээд Лиг Анхны улирлаа тоглож буй рүүки тоглогч тэрээр эхний гурван тоглолтдоо дунджаар 13.7 оноо, 3.0 самбар, 4.0 дамжуулалт хийжээ.
Саяхан болсон “Panthers” ба “Amazons” багуудын тоглолт энэ улирлын шуугиан тарьсан тоглолтуудын нэг боллоо. Хоёр баг тус бүр 100 давсан оноо авсан тус тоглолтод “Panthers” 109:105-аар хожиж, Эмэгтэй Лиг эхэлснээс хойших нийлбэр онооны рекордыг шинэчиллээ. Энэ хожлоор “Amazons” баг 616 хоног үргэлжилсэн хожлын цувралаа тасалж, анхны хожигдлоо хүлээв. Тоглолтын 3, 4-р үед Б.Анунгоо багаа сэргээсэн тоглолт үзүүлж, шийдвэрлэх мөчид тайван тоглон тоглолтын эргэлтийг бий болгосон юм.

Тэрээр анх 13 настайгаасаа МУГД О.Баярцогтын удирдлага дор "Этүгэн Ирвэсүүд" клубээс бэлтгэгдэн гарсан тамирчин юм.
ТҮҮНИЙ ӨМНӨХ АМЖИЛТУУДААС ДУРДВАЛ:
- Өсвөрийн U13, U14, U15 насны ангилалд 3 удаа алтан медаль хүртэж, MVP болсон
- JCL-ийн Хошой аварга, 2 удаагийн MVP, 1 удаагийн шилдэг довтлогч
- Испанид болсон олон улсын тэмцээний аварга, MVP
- Испанид болсон Euro Youth Basketball Cup-д "Тэгш тоглогч" болж, Ази тивээс цорын ганц оролцсон "Этүгэн ирвэсүүд" багтайгаа хүрэл медаль хүртсэн
- Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн тоглогч
- Айчи-Нагояа Азийн наадмын "Шилдэг-8" багийн нэг
Мөн Б.Анунгоо нь сагсан бөмбөгөөс гадна өмнө нь буудлагын спортоор хичээллэж, өсвөрийн улсын тэмцээнд амжилттай оролцож байсан.
АХ, ДҮҮ ХОЁР ДЭЭД ЛИГТ

Түүний ах Б.Барсболд Үндэсний Дээд лигийн "Өмнөговийн Хүлэгүүд" багийн холбон тоглогч. Тиймээс “Panthers” буюу Ирвэсүүд багаасаа тоглож буй Б.Анунгоо болон Хүлэгүүд багийн чадварлаг залуу тоглогчдын нэг Б.Барсболд 2026-27 оны улиралд нэг лигт тоглож байгаа нь түүхэн үйл явдал болж байна.
Эх сурвалж: Үндэсний Дээд Лиг, Этүгэн ирвэсүүд



290











