1. CV бичихэд юунаас эхлэх вэ?
Анхны ажилдаа орох гэж байгаа оюутнуудад CV бичих амаргүй санагддаг. Өмнө нь ажил хийж байгаагүй болохоор юу бичихээ мэдэхгүй, бусдын CV-г хараад өөрийнх нь хоосон мэт санагдах үе бий. Гэхдээ ажил олгогчид зөвхөн өмнө нь хаана ажилласныг хардаггүй. Тухайн хүн юу сурсан, ямар чадвартай, цаашид хэрхэн хөгжих боломжтойг нь бас анхаардаг.
Тиймээс CV бичихдээ туршлагагүй гэдгээ нуух гэж оролдохоос илүү өөрт байгаа зүйлсээ зөв харуулах хэрэгтэй. Сургалтын төсөл, судалгааны ажил, сайн дурын үйл ажиллагаа, хэлний мэдлэг гээд оюутан байхдаа хуримтлуулсан зүйлсээ ашиглаж болно.
2. Ямар ажилд орохоо эхлээд шийдэх
CV-гээ шууд бичиж эхлэхийн оронд ямар ажил, дадлага хийхийг хүсэж байгаагаа шийдэх нь зүйтэй. Учир нь хуулийн фирмд дадлага хийх гэж байгаа оюутанд хэрэгтэй мэдээлэл, маркетингийн чиглэлээр ажил хайж байгаа оюутны CV-д онцлох зүйлс өөр байна.
Ажлын зар дээр ямар шаардлага тавьсныг уншаарай. Жишээлбэл, судалгаа хийх, баримт бичиг боловсруулах, гадаад хэлээр харилцах чадвар шаардсан байвал өөрийн туршлагаас эдгээртэй холбоотой зүйлсийг сонгож болно.

Энэ үед өөрөөсөө гурван асуулт асуугаарай.
- Би юу сурсан бэ?
- Сурсан зүйлээ хаана ашиглаж үзсэн бэ?
- Ямар ажлыг бие даан хийж чаддаг вэ?
Эдгээр асуултад хариулж чадвал CV-гээ бичихэд илүү амар болно.
3. Ажлын туршлагагүй бол юу бичих вэ?
Оюутнуудын гаргадаг нэг түгээмэл алдаа бол ажлын туршлага гэсэн хэсгийг хоосон үлдээх эсвэл “туршлагагүй” гэж бичээд орхих явдал юм. Үүний оронд өмнө нь хийж байсан ажлуудаа эргэн санах хэрэгтэй.
Жишээлбэл, хичээлийн хүрээнд судалгааны ажил хийсэн бол ямар сэдэв судалсан, мэдээллээ хэрхэн цуглуулсан, ямар дүгнэлт гаргаснаа бичиж болно. Багийн төсөлд оролцсон бол өөрийн хариуцсан ажлыг тайлбарлана. Сургуулийн арга хэмжээ зохион байгуулахад тусалсан бол бүртгэл хөтөлсөн, оролцогчидтой харилцсан, мэдээлэл бэлтгэсэн гэх мэт ажлаа дурьдаж болно.
“Багаар ажиллах чадвартай” гэж бичихээс илүү “Сургалтын төслийн хүрээнд дөрвөн оюутантай хамтран судалгаа хийж, үр дүнг танилцуулсан” гэж бичвэл илүү бодитой. Эхний өгүүлбэрт өөрийнхөө тухай дүгнэлт хийж байгаа бол хоёр дахь нь тухайн чадвараа хаана ашигласныг харуулж байна.
Мэдээж хийж байгаагүй ажлаа хийсэн мэтээр бичих хэрэггүй. Багахан туршлага байсан ч яг юу хийснээ тодорхой тайлбарлах нь илүү үр дүнтэй.

4. Амжилттай хүмүүсийн туршлагаас юу сурах вэ?
Ажлын туршлагагүй хүн ч өөрийн чадварыг бодит ажлаар харуулж болдгийн нэг жишээг Пенсильванийн их сургуулийн карьерын зөвлөмжид дурдсан байдаг. Программ хөгжүүлж сурч байсан нэг залуу өмнө нь албан ёсоор ажиллаж байгаагүй ч өөрөө жижиг лабиринт тоглоом бүтээжээ. Тэрээр ярилцлагын үеэр тоглоомоо танилцуулж, ярилцлага авч буй хүмүүсээр тоглуулсан байна.
Энэ жишээнээс харахад боломж гаргахын тулд заавал том төсөл хэрэгжүүлэх шаардлагагүй. Маркетинг сонирхдог бол жижиг бизнесийн сошиал хуудсанд зориулж хэдэн постын загвар хийж болно. Хуулийн чиглэлээр сурдаг бол нэг асуудлаар хууль тогтоомж судалж, товч дүгнэлт бэлдэж болно. Орчуулга сонирхдог бол өөрийн орчуулсан богино текстүүдээ цуглуулж болно.
Ийм бүтээлүүдийг CV-дээ оруулаад зогсохгүй, шаардлагатай бол холбоос эсвэл жишээгээр харуулж болно. Ингэснээр ажил олгогч таныг зөвхөн суралцах хүсэлтэй хүн биш, сурсан зүйлээ бодитоор хэрэгжүүлэхийг хичээдэг хүн гэдгийг ойлгоно.
5. Судалгаагаар CV-д юуг онцлох нь харагддаг вэ?
Пенсильванийн их сургуулийн карьерын зөвлөмж болон Coursera-гийн анхны ажлын CV бичих гарын авлагад ижил төстэй санаа бий. Ажлын туршлагагүй нэр дэвшигч боловсрол, сургалтын төсөл, сайн дурын ажил, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, ур чадвараа ашиглан өөрийн боломжийг харуулж болно.
Энэ нь ажил олгогч бүр зөвхөн эдгээр зүйлсийг харгалздаг гэсэн үг биш. Байгууллага, ажлын байр бүрийн шалгуур өөр. Гэхдээ туршлага багатай оюутан зөвхөн ажилласан байгууллагын нэр бичих гэж хичээхийн оронд өөрийн мэдлэг, чадварыг харуулах бодит жишээ бэлдэх хэрэгтэй.

6. CV-гээ ямар дарааллаар бичих вэ?
Оюутны CV-г нэг нүүрэнд багтааж, дараах дарааллаар бичвэл уншихад ойлгомжтой.
- Хувийн болон холбоо барих мэдээлэл. Овог нэр, утасны дугаар, имэйл хаягаа бичнэ. Шаардлагагүй хувийн мэдээлэл оруулах хэрэггүй.
- Боловсрол. Сургууль, мэргэжил, суралцаж буй хугацаа болон төгсөх төлөвлөсөн оноо зэргийг оруулна. Тухайн ажилтай холбоотой судалсан хичээл, сертификат, шагнал байвал нэмж болно.
- Товч танилцуулга. Өөрийгөө хоёр, гурван өгүүлбэрээр танилцуулна. Ямар чиглэлээр сурдаг, ямар ажил сонирхож байгаа, ямар чадвараа ашиглахыг хүсэж байгаагаа бичиж болно.
- Төсөл, дадлага болон бусад туршлага. Албан ёсны ажлын туршлагагүй бол энэ хэсгийг “Сургалтын төсөл”, “Холбогдох туршлага” эсвэл “Сайн дурын ажил” гэж нэрлэж болно. Хийсэн ажил, өөрийн үүрэг, гарсан үр дүнг товч тайлбарлана.
- Ур чадвар ба хэлний мэдлэг. Компьютерын программ, хэлний түвшин, мэргэжлийн мэдлэгээ бодитоор үнэлж оруулна.
Энэ бүтэц нь бүх CV-д заавал мөрдөх хатуу дүрэм биш. Харин оюутны хувьд боловсрол, төслөө тодорхой харуулах нэг арга юм.
7. CV бичихдээ гаргадаг түгээмэл алдаа
CV бичихдээ өөрийгөө хэт магтах, хийж чадахгүй зүйлээ чаддаг гэж бичих, эсвэл бүх ажлын байранд ижил CV явуулах нь төдийлөн оновчтой биш. Мөн хэт олон өнгө, чимэглэл ашигласнаас мэдээлэл нь ойлгомжгүй болох тохиолдол бий.
Энгийн, уншихад хялбар загвар сонгож, өөрийн туршлагыг тодорхой бичээрэй. Ихэнх оюутны хувьд нэг нүүр CV хангалттай. Илгээхээсээ өмнө үг үсгийн алдаагаа шалгаж, файлаа PDF хэлбэрээр хадгалах нь зүйтэй.
Ажил бүрийн шаардлагыг уншаад CV-гээ бага зэрэг тохируулах хэрэгтэй. Хуулийн байгууллагад дадлага хийх бол судалгаа хийх, хууль тогтоомж унших, бичиг баримт боловсруулах чадвараа онцолж болно. Харин оффисын туслах ажилд хүсэлт гаргаж байгаа бол компьютерын хэрэглээ, зохион байгуулалт, хүмүүстэй харилцах чадвараа түлхүү харуулах боломжтой.
8. Эхний боломжоо өөрөө бэлдэх нь
Ажлын туршлагагүй оюутан CV бичихийн тулд заавал эхлээд ажилд орох шаардлагагүй. Өөрийн сонирхдог чиглэлээр жижиг төсөл хийж, судалгааны ажлаа эмхэлж, сайн дурын үйл ажиллагаанд оролцож болно. Хийсэн зүйл бүрээ CV-д оруулах шаардлагагүй ч тухайн ажлын байранд хэрэгтэйг нь сонгож, юу сурсан болон юу хийж чаддагаа харуулах боломжтой.
Анхны CV төгс байх албагүй. Харин уншсан хүн таныг ямар чиглэлээр сурч байгаа, ямар чадвартай, юунд сонирхолтойг ойлгож чаддаг байх хэрэгтэй. Туршлага бага байгаа нь боломжгүй гэсэн үг биш. Хийж үзсэн зүйлээ зөв тайлбарлаж, цаашид суралцах хүсэлтэйгээ бодитоор харуулж чадвал эхний ажлын боломжоо олоход тусална.



224











