Дэлхийн загварын салбарын хамгийн их хүлээлт дагуулдаг арга хэмжээний нэг болох Victoria’s Secret Fashion Show 2026 аравдугаар сарын 18-нд /УБ-ын цагаар өчигдөр 07:00 цагт/ АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод боллоо.
Энэ удаагийн шоугаар брэндийн алдарт загварын тайз, сахиусан тэнгэрийн далавч, оддын үзүүлбэрүүд эргэн ирэхийн зэрэгцээ хэд хэдэн онцлох үйл явдал тохиолоо.
Найман жилийн дараа Fantasy Bra эргэн ирэв
Энэ жилийн шоуны хамгийн их анхаарал татсан үйл явдлын нэг нь Victoria’s Secret-ийн бэлгэ тэмдэг болсон Fantasy Bra загварын эргэн ирэлт байлаа. 2018 оноос хойш тайзнаа гараагүй уг загварыг үнэт эдлэлийн Jacob & Co. компанитай хамтран бүтээжээ. Олон сая ам.долларын үнэ хүрдэг гэдгээрээ алдартай энэхүү тусгай загвар нь шоуны хамгийн хүлээлттэй хэсгүүдийн нэг юм.
Эмэгтэй уран бүтээлчдийн бүрэлдэхүүн тайзнаа
Энэ жилийн шоуны хөгжмийн хөтөлбөрт KATSEYE хамтлаг, дуучин Megan Moroney, Megan Thee Stallion болон Tate McRae нар оролцлоо. Ийнхүү дөрвөн эмэгтэй уран бүтээлч загварын тайзны үзүүлбэрүүдийг хөгжмийн тоглолттой хослуулсан нь арга хэмжээний онцлог байв.
Алдарт загвар өмсөгчид дахин нэг дор
Шоуны тайзнаа Gigi Hadid, Adriana Lima, Candice Swanepoel, Alessandra Ambrosio, Joan Smalls, Ashley Graham, Anok Yai, Alex Consani зэрэг алдарт загвар өмсөгчид оролцлоо. Мөн Barbara Palvin анхны хүүхдээ төрүүлснээс хойш зургаан долоо хоногийн дараа загварын тайзнаа эргэн гарсан нь олны анхаарлыг татав.
Нью-Йоркоос Лос-Анжелес руу
Victoria’s Secret Fashion Show анх 1995 онд зохион байгуулагдсан бөгөөд олон жилийн турш загварын ертөнцийн томоохон үзүүлбэрүүдийн нэг байсаар ирсэн. Гэвч биеийн галбирын олон янз байдлыг хангах, төлөөллийг нэмэгдүүлэх болон компанийн соёлтой холбоотой шүүмжлэлийн дараа 2019 онд шоуг зогсоосон юм. Тус брэнд 2024 онд шоугаа сэргээж, 2025 онд үргэлжлүүлсэн бөгөөд энэ жилийн арга хэмжээ 2024, 2025 оны Нью-Йорк дахь шоуны дараа Лос-Анжелест зохион байгуулагдсанаараа онцлог боллоо.
Мөн энэ жил шоуг YouTube болон брэндийн нийгмийн сүлжээгээр шууд дамжуулж, АНУ-ын AMC кино театруудын сонгосон 10 салбарт анх удаа том дэлгэцээр зэрэг үзүүлжээ. Үзэгчдийг арга хэмжээнд илүү ойртуулах, брэндийн шүтэн бишрэгчдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьсон нь энэ жилийн зохион байгуулалтын гол чиглэлүүдийн нэг байв.


620











