Өр зээл, ажлын дарамт, нойргүйдэл, гэр бүлийн асуудалтай нүүр тулсан ч "өөрөө давчихна" гэж бодсоор явдаг хүмүүсийн дийлэнх нь эрэгтэй. Харин асуудал хуримтлагдсаар сэтгэл зүйн хямрал, цаашлаад амиа хорлох эрсдэлд хүргэх тохиолдол цөөнгүй байна. Энэ талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн сэтгэцийн эмч П.Болортуяатай ярилцлаа.
СЭТГЭЦИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ ЭМГЭГТЭЙ АДИЛ БИШ
Сэтгэцийн хувьд эрүүл хүний хамгийн чухал шинж нь дасан зохицох чадвар байдаг. Нийгэм, хамт олон, шинэ орчин, гэр бүл, эхнэр нөхөртэйгөө зөв харилцаж, дасан зохицон амьдрах чадвартай хүнийг сэтгэцийн хувьд эрүүл хүн гэж үздэг.
Хүнийг сэтгэцийн байдлаар нь ерөнхийд нь гурван бүлэгт ангилдаг. Үүнд:
- Сэтгэцийн хувьд эрүүл хүмүүс
- Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс
- Сэтгэцийн тулгамдсан асуудалтай буюу завсрын бүлгийн хүмүүс
Олон улсын судалгаагаар нийт хүн амын ойролцоогоор 50-55 хувь нь сэтгэцийн хувьд эрүүл, 3 хүртэлх хувь нь сэтгэцийн эмгэгтэй байдаг. Харин үлдсэн хэсгийг сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс эзэлдэг.
Нийгэмд стресс, нойрны асуудалтай, эсвэл тодорхой сэтгэл зүйн хүндрэлтэй хүмүүсийг шууд сэтгэцийн эмгэгтэй гэж ойлгох хандлага бий. Сэтгэцийн тулгамдсан асуудал гэдэг нь нийгмийн хүчин зүйл, хувь хүний зан төлөв, амьдралын нөхцөл байдал, сэтгэл зүйн хүндрэл зэрэгтэй холбоотойгоор үүсэж буй асуудлыг хэлдэг. Харин сэтгэцийн эмгэг гэх ойлголт нь Өвчний олон улсын ангилал (ICD)-ын шалгуурт нийцэж, оношлогдох хэмжээнд хүрснээр тодорхойлдог.
Сэтгэцийн тулгамдсан асуудлын хамгийн түгээмэл хэлбэр нь стресс. Стресс олон шалтгаантай байж болно. Тухайлбал, их хэмжээний өр төлбөр, гэр бүлийн үл ойлголцол, байнгын айдас түгшүүр, архи, мөрийтэй тоглоом, хар тамхины хамааралтай хүнтэй хамт амьдрах зэрэг олон хүчин зүйл нь стрессийн эх үүсвэр болдог.
Стресст өртсөн хүмүүст хамгийн эхэнд нойрны асуудал гардаг. Ажлын асуудлаа бодож шөнөжин унтаж чадахгүй байх, болсон үйл явдлыг дахин дахин эргэцүүлж бодох, эсвэл өр төлбөрөө хэрхэн барагдуулах талаар шөнөжин санаа зовох зэрэг нь нойргүйдэлд хүргэдэг. Ингэснээр хүн сэтгэцийн тулгамдсан асуудалтай бүлэгт шилжиж эхэлдэг.
Энэ завсрын бүлгийн хүмүүсийн зарим нь сэтгэцийн эмч, сэтгэл зүйчид хандах, мэдлэг мэдээлэл авах, өөрийгөө хөгжүүлэх, дасгал хөдөлгөөн хийх зэрэг аргаар асуудлаа даван туулж, эрүүл бүлэг рүү шилжих боломжтой. Харин зарим нь огт тусламж авахгүй явсаар сэтгэцийн эмгэгт ч хүрэх эрсдэлтэй.
Манай Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв 2006 оноос донтолтын чиглэлийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн бол 2009 оноос сэтгэцийн эмч ажиллуулж, 2011 онд бусад дүүргээс хамгийн эхэнд сэтгэл зүйчтэй болсон. Энэ нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг зөвхөн сэтгэцийн эмч ганцаараа биш, харин сэтгэцийн эмч, донтолтын эмч, сэтгэл зүйч хамтран багаар ажиллаж шийдвэрлэх шаардлагатайг харуулсан.
Гэсэн ч өнөөдөр хүртэл дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд сэтгэл зүйч, сэтгэцийн эмч ажилладаг гэдгийг олон хүн мэддэггүй. Үүний улмаас хаана хандахаа мэдэхгүй, өндөр төлбөртэй үйлчилгээ хайх нь олонтой. Хүн өөртөө тулгамдсан асуудал байгааг анзаарч, хамгийн түрүүнд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ингэснээр тухайн асуудлыг эмийн бус аргаар шийдэх үү, эсвэл эмчилгээ шаардлагатай эсэхийг мэргэжлийн түвшинд үнэлэх боломжтой.
ЭРЭГТЭЙЧҮҮД СЭТГЭЛЗҮЙН АСУУДЛАА НУУДАГ БОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ТУСЛАМЖ ЭРЭЛХИЙЛДЭГ

Энэ оны наймдугаар сард манай сэтгэцийн кабинетаар нийт 835 хүн үйлчлүүлсэн. Үүнээс 405 нь эрэгтэй, 430 нь эмэгтэй байсан. Харин есдүгээр сард 718 хүн үйлчлүүлсний 388 нь эрэгтэй, 330 нь эмэгтэй. Тоон үзүүлэлтээс харахад хүйсийн харьцаа төдийлөн их зөрүүгүй мэт боловч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэцийн эмчид хандаж буй шалтгаан ихээхэн ялгаатай. Эрэгтэйчүүд ихэвчлэн урьдчилан сэргийлэх үзлэг, тухайлбал галт зэвсэг эзэмших зөвшөөрөл авах, жолооны үнэмлэх, төрийн албанд ажиллах, сэтгэцийн эмчийн дүгнэлт шаардсан бусад тодорхойлолт авах зорилгоор үзлэгт ордог.
Харин сэтгэл санааны хямрал, гэр бүлийн асуудал, архины хамаарал, мөрийтэй тоглоомын асуудал, ойр дотнын хүнээ алдсанаас үүдэлтэй стресс зэрэг сэтгэл зүйн тулгамдсан асуудлаа ярьж, тусламж хүсдэг хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж буй эрэгтэйчүүдтэй ярилцахад "надад ямар ч асуудал байхгүй" гэж хариулах нь элбэг. Гэвч тэдний дунд стресс, уур бухимдал, санхүүгийн дарамт, нойргүйдэл зэрэг шинж тэмдэг ажиглагдах нь бий. Өөрөөр хэлбэл, асуудал байгаа ч өөрийгөө сэтгэл зүйч, сэтгэцийн эмчид хандах шаардлагатай гэдгээ ухамсарладаггүй.
Цаашлаад “эрэгтэй хүн уйлдаггүй”, “өөрөө асуудлаа даван туулах ёстой” гэсэн уламжлалт ойлголт нөлөөлсөөр байна. Эрэгтэйчүүд архи, тамхины хэрэглээгээ хэвийн гэж үзэх нь түгээмэл боллоо. Тогтмол архи, согтууруулах ундаа хэрэглэх нь сэтгэл гутрал, нойрны асуудал болон бусад сэтгэцийн эрүүл мэндийн хүндрэлд хүргэдэг. Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эмчид хандаж буй хамгийн түгээмэл шалтгаан нь нойрны асуудал. “Шөнө унтаж чадахгүй байна”, “өглөөний дөрөв, таван цаг хүртэл сэрүүн хэвтдэг”, “өдөржин ядарч байна”, “ажлын бүтээмж буурсан”, “анхаарал төвлөрөхгүй байна” гэх шалтгаанаар ихэвчлэн ханддаг.
2025 онд болсон Сэтгэцийн эрүүл мэндийн олон улсын хурлын үеэр Монгол Улсын амиа хорлолтын асуудал хөндөгдсөн. Монгол Улс амиа хорлолтын түвшнээр Номхон далайн Баруун бүсийн орнууд дундаа БНСУ-ын дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж, Япон улсын дээр бичигдэж байна. Сүүлийн жилүүдийн судалгаагаар манай улсад жил бүр 600-800 хүн амиа хорлож байгаа бөгөөд тэдгээрийн 87 хувь нь эрэгтэй. Хамгийн харамсалтай нь эдгээр хүмүүсийн дийлэнх нь сэтгэцийн эмгэгтэй биш. Харин санхүүгийн дарамт, амьдралын хүнд нөхцөл, шийдвэрлээгүй сэтгэл зүйн асуудалтай л хүмүүс.
ӨВЧИЛСӨН ХҮНИЙГ ЭМЧЛЭХЭЭС ГАДНА ЭРҮҮЛ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ЭРҮҮЛ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭХ ЧУХАЛ

Хамгийн чухал нь хүмүүс өөрсдийнхөө сэтгэцийн эрүүл мэндэд анхаарч, шаардлагатай үед сэтгэцийн эмчтэй уулзаж хэвших хэрэгтэй. Бидний ажлын гол зорилго бол өвчилсөн хүнийг эмчлэхээс гадна эрүүл байгаа хүмүүсээ эрүүл хэвээр нь хадгалах явдал. Ялангуяа сэтгэцийн тулгамдсан асуудалтай байгаа хүмүүсийг эмгэг рүү шилжүүлэх биш, эрүүл бүлэг рүү буцаан оруулах нь хамгийн чухал. Үүний тулд хүн хамгийн түрүүнд өөртөө ямар нэг асуудал байгааг таньж мэдэх хэрэгтэй.
Сэтгэцийн тулгамдсан асуудлыг хамгийн энгийнээр стресс, нойргүйдэл гэж ойлгож болно. Хүн үргэлж стресстэй, нойргүйдэлтэй байгаа бол асуудал байгаагийн дохио. Зарим хүмүүс 20-30 жилийн турш стресстэй явсаар байгаад сэтгэцийн эмгэгийн оношилгооны шалгуур хангах хэмжээнд хүрдэг. Тиймээс стресс, нойргүйдэл бол "зүгээр тоолгүй өнгөрөх зүйл" биш. Эмч тухайн хүнд эмийн эмчилгээ хэрэгтэй юу, эсвэл эмийн бус аргаар асуудлаа шийдвэрлэх боломжтой юу гэдгийг үнэлж, тохирох зөвлөгөө өгдөг.
Хүний бие организм тодорхой хязгаартай. Хэчнээн их ажилтай, хэчнээн их мөнгө хэрэгтэй байсан ч өдөрт 7-8 цагийн чанартай нойр зайлшгүй шаардлагатай. Орой унтах ёстой үедээ асуудлаа бодож шөнөжин сэрүүн хэвтдэг хүмүүс аажмаар ядарч, анхаарал төвлөрөл нь буурч, ажлын бүтээмж нь мууддаг.
Хэрэв сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалъя гэвэл хамгийн түрүүнд нойрондоо анхаарах хэрэгтэй. Өглөө босоход амарсан мэдрэмж төрж байвал нойр хангалттай авч байна гэсэн үг. Чанартай нойр нь сэтгэцийн эмгэгээс сэргийлэх хамгийн чухал хамгаалалт болдог. Гэвч өнөөдөр бүх насныханд нойрны асуудал түгээмэл болсон. Хүүхдүүдийн хувьд нойргүйдэл нь зүүдэндээ шүдээ хавирах, уйлах, хар дарах, шөнө босож явах, орондоо шээх зэрэг байдлаар илэрч болно.
Гар утасны гэрэл нойрны дааврын ялгаралд нөлөөлснөөр хүүхэд орой цагтаа унтаж чаддаггүй. Улмаар шөнийн нэг, хоёр, гурван цаг хүртэл сэрүүн байж, өглөө эрт сургуульдаа явдаг. Үүний үр дүнд анхаарал төвлөрөл буурч, шинэ мэдээлэл тогтоох чадвар муудаж, хичээл сургуулийн ачааллаа даахгүй болдог. Ингээд стресс нэмэгдэж, сэтгэцийн тулгамдсан асуудал руу шилжиж эхэлдэг.
ХҮМҮҮС АСУУДЛЫГ ГАНЦААРАА ДАВАН ТУУЛАХ ГЭСЭЭР ХЯЗГААРТАА ХҮРДЭГ
Монголын бүх аймаг, дүүрэгт мэргэжлийн сэтгэцийн эмч ажиллаж байна. Гэвч хүмүүс өөрсдөдөө тусламж хэрэгтэй байгааг танихгүй, хаана хандахаа мэдэхгүй, эсвэл асуудлаа ганцаараа даван туулах гэж оролдсоор энэ хязгаарт хүрдэг. Сэтгэл гутрал хүйс ялгалгүй тохиолддог. Сэтгэл гутрал гурван үндсэн шинжтэй.
Нэгдүгээрт, хэл ярианы өөрчлөлт. Хүмүүстэй ярилцах хүсэл буурч, асуултад нэг үгээр хариулах, харилцаанаас зайлсхийх хандлага ажиглагдана.
Хоёрдугаарт, хөдөлгөөний өөрчлөлт. Өглөө босох хүсэлгүй болох, өдөржин хэвтэх, өөрийгөө арчлах сонирхолгүй болох, найз нөхөдтэйгөө уулзахаас татгалзах зэрэг шинж илэрнэ.
Гуравдугаарт, Ирээдүйгээ дандаа сөргөөр харах, өөрийгөө хэрэггүй хүн мэт бодох, байнга санаа алдах, урам зориггүй болох зэрэг шинжүүд ажиглагддаг.
Эдгээр шинжүүд удаан хугацаанд үргэлжилж, амиа хорлох тухай бодол төрж эхэлбэл яаралтай сэтгэцийн эмчид хандах шаардлагатай. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн хувьд эцэг эхчүүд илүү анхааралтай байх хэрэгтэй.
Мөн өсвөр насны хүүхэд уурлаж бухимдах нь дандаа өвчин гэсэн үг биш. Харин өмнө нь нийтэч байсан хүүхэд гэнэт дуугүй болох, хэнтэй ч ярилцахгүй болох, дотогшоо болох, сэтгэл хөдлөлөө огт илэрхийлэхээ болих нь илүү анхаарах ёстой шинж. Эцэст нь танд сэтгэл зүйн эсвэл сэтгэцийн ямар нэг хүндрэл байвал асуудлаа хүндрэхийг хүлээлгүй, өөрт ойр байрлах сэтгэцийн эмч, сэтгэл зүйчтэй уулзаад үзээрэй гэж зөвлөмөөр байна.
Гэрэл зургийг: Ж.Отгонбат



145











