Монгол залуус дэлхийн олон салбарт өөрсдийнхөө орон зайг бий болгож эхэллээ. Тэр дундаа сүүлийн үед дэлхий даяар эрчээ авч буй вебтүүнд монгол уран бүтээлчид ч хүчээ сорьж байна.
Өөрсдийн төсөөлсөн ертөнц, дүрүүд, түүхээ зургаар амилуулж, дэлхийн уншигчдад хүргэж буй хоёр монгол охинтой вебтүүн хэрхэн бүтдэг, яагаад энэ салбарыг сонгосон, цаашдаа хаашаа хүрэхийг хүсэж буй талаар ярилцлаа.
Тэднийг Отгонбатын Энхжин, Бямбасүрэнгийн Хүслэнзаяа гэдэг.

YOLO: Өөрсдийгөө танилцуулна уу.
Намайг Хүслэнзаяа гэдэг. Намайг Энхжин гэдэг. Бид хоёр “Tales of the Uncanny Duke and the Slack-Off-Lady” англи хэлээр бичигдсэн Монгол вебтүүний зураач нар байна. Фрийлансераар ажилладаг бөгөөд хувиараа вебтүүнээ хийгээд хоёр жил гаран болж байна. Бид хоёулаа 25 настай.
YOLO: Вебтүүнтэй хэрхэн холбогдсон бэ?
Энхжин: Анх бид хоёр вебтүүн манга нэлээн уншдаг байсан. Хүүхдүүд чинь анх зурж эхэлдэг шдээ. Үзэж байгаа юмнуудаа дагаад нэлээн зурдаг байсан. Вебтүүн комик артист болох багын мөрөөдөл байсан. Бид Солонгосоос орж ирдэг вебтүүний арын дэвсгэр хийдэг компанид хамт ажилладаг байсан. Эхлээд санаа ярьдаг байгаад яг хийе гэж бодохгүйгээр бага багаар бэлдэж явсаар аяндаа эхэлсэн дээ.
YOLO: Вебтүүн та хоёрын хобби байсан уу?
Хүслэнзаяа: Тиймээ. Дунд ангиасаа эхлээд веб зохиол вебтүүн манга уншдаг байж байгаад дараа нь өөрсдөө бүтээлчид болъё оо гээд ажиллаж эхэлсэн.
YOLO: Анхны бүтээлээ хийхэд хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ?
Энхжин: Вебтүүн хийхэд олон асуудлууд байсан л даа. Бид өмнө нь иймэрхүү зүйл хийж үзээгүй болохоор яг эхнээсээ сторибоардоо гаргах зохиолоо бичихээс эхлээд бүх юмаа нэг бүрчлэн сурах хэрэгтэй байсан. Хамгийн хүндрэлтэй нь эхлээд зохиолоо бичиж дуусчхаад тэрийгээ сторибоард болгоод зураад зураглалаа хийгээд вебтүүнээ зурна шдээ. Бүгдийг нь хийчхээд харангуут зохиолоо уншихад зүгээр мөртөө яг дүрслэл болгосны дараа харахад жоохон эвгүй ч юм уу эсвэл зохиолынхоо ертөнц логик дээрээ тохирохгүй алдаа их байсан. Тиймээс дахин дахин засаад нилээн цаг орсон. Ер нь бол шинэ вебтүүн зохиол бүтээгчдийн нийтлэг гаргадаг алдаануудыг их давтсан.
YOLO: Яг өөрсдөө бүтээе гэсэн санаа яаж төрсөн бэ?
Хүслэнзаяа: Анхандаа яг энэ чиглэлээр бүтээчихье, бид хоёр ингэж явмаар байна гэх зэргээр төлөвлөөгүй байсан. Хамт ажилладаг байхдаа хэрвээ бид хоёр вебтүүн ертөнц бүтээсэн бол ямар байх байсан гээд хоорондоо ярьдаг байсан энгийн санаанууд бага багаар явсаар одоогийн бүтээлийн зохиолын маань суурь болсон. Тэгээд “Яагаад энийгээ вебтүүн болгож болохгүй гэж” гээд эхэлсэн байдаг юм.
Энхжин: Ер нь хоорондоо тоглоом хийж элдэв санаануудаа ярьсаар арай сонирхолтой болж ирэнгүүт зохиол болгож бичээд тэгж явсаар байгаад л ер нь эхэлсэн дээ тэ?
Бид яг хоёр жил гарны өмнөөс эхэлсэн. Түүнээс өмнө ажиллаж байх хугацаандаа яг сүүлийн хагас жилдээ ажлаасаа гаран гарталаа зохиолоо бичээд 3D моделиуд худалдаж авах зэргээр бэлдээд эхэлсэн. Яг тодорхой төлөвлөөгүй байж тухайн үедээ бас л их шийдэмгий байсан юм шиг.

YOLO: Нэг эпизод хийхэд хэр их цаг орох вэ?
Хүслэнзаяа: Яг одоогийн хурдаараа бол нэг ангийг хагас сар хийдэг. Сард хоёр анги хийж чадна гэсэн үг.
Энхжин: Бид хоёр арын дэвсгэрээр ажиллаж байсан гэсэн шүү дээ. Дүрийн зураг дээр бол аль алинд нь их туршлага байхгүй. Тийм болохоор дүрээ яаж зурж сурах вэ, яаж илэрхийлэх вэ, жишээлбэл сториборд яаж гаргах вэ гээд эхэндээ бол нэлээн удаан хийдэг байсан. Зургийн алдаагаа засаж явсаар байгаад эхний нэг жил суусан ажлаа бараг ашиглаж чадаагүй гэх үү дээ. Арай туршлага суугаад ирсний дараа эхний ажлууд маань жоохон гологдоод эхэлсэн.
Хүслэнзаяа: Эхний 3, 4 ангиа бараг 7, 8 удаа зассан санагдаж байна.
Энхжин: Тийм ээ. Эхний жилдээ бол 5, 6 чаптер л зурсан.
Хүслэнзаяа: Одоо бол бид 2 зохиолоо, дүрүүдээ мөн панелаа яаж зохицуулах вэ гэдгээ ойлгочихсон болохоор өмнөхөөсөө арай хурдан болоод байгаа.
YOLO: Эхлээд бичдэг үү дараа нь зурдаг уу?
Энхжин: Эхлээд зохиолоо ерөнхий гаргадаг. Нэг ийм дүрүүд ингэж уулзаад ийм үйл явдал болно гэдэг ерөнхий үгэн зохиолоо бичдэг гэх үү дээ. Тэрийгээ харилцан яриа болгон задлаад үйл явдал, дүрслэлийг ч мөн нарийвчлан бичдэг.
Гэхдээ яг хийж байх явцдаа илүү гоё санаа олох юм уу эсвэл зохиолын энэ хэсэг дээр жаахан алдаа гаргачихаж гэсэн зүйлсүүдээ тухай тухайдаа засаад явдаг.
YOLO: Үндсэн мэргэжил нь юу билээ?
Энхжин: Би сэтгүүлч. Миний хувьд сэтгүүлчээрээ бол тэгж ажиллаж байгаагүй. Маркетингийн чиглэлээр ажиллаж байгаад дараа нь зургийн энэ ажил рүү орсон байгаа.
Хүслэнзаяа: Би график дизайнер.
YOLO: Дүрүүдээ яаж бүтээдэг вэ? Өөрсдийнхөө амьдралаас сэдэвлэх үү? Яаж гаргадаг вэ?
Хүслэнзаяа: Романс, фантази төрлийн дүрүүд болохоор бодит амьдралаас бол нэг их сэдэвлэдэггүй ээ. Төсөөллөөрөө найруулга маягаар л хийдэг.
Энхжин: Бид тэд нарын оронд байсан бол яах байсан бэ, мөн тухайн дүрийн ааш зан тухайн нөхцөл байдалд ямар хариу үйлдэл үзүүлэх боломжтой вэ гэдгийг төсөөлөн бичдэг.
Шидийн ертөнцөд аймаар хүчтэй эсвэл ухаантай ч юм уу нэг тийм нэг бүхнийг шийдээд яваад байдаг дүр байдаг шүү дээ. Манай гол дүрийн эмэгтэй бол яг тийм дүр биш.
Яг бид хоёр шиг л энгийн, бүтэлгүйтвэл бүтэлгүйтээд явж байдаг нэг тийм энгийн дүр.
YOLO: Вебтүүн хийхэд хамгийн их цаг авдаг хэсэг нь юу вэ?
Хүслэнзаяа: Дүрийнхээ зураасан зургийг гаргах хэсэг байдаг. Ингэхэд царайны хувирал, хаашаа харж байна, ямар өнцөг болон байршилтай байна зэргийг хамааруулан судлаж зурдаг болохоор хамгийн төвөгтэй байдаг.

YOLO: Та хоёрыг анх вебтүүн хийнэ гэхэд гэр бүлийнхэн нь яаж хүлээж авсан бэ. Дэмждэг үү?
Хүслэнзаяа: Манай гэр бүл их дэмжсэн. Би багаасаа манга, вебтүүн гэх чиглэлээр явахыг хүсдэг байсныг манай гэр бүл ч мэддэг байсан. Гэхдээ Монголд өөрсдөө зураад гадагшаа гаргая гэхэд бололцоо бага байдаг шүү дээ. Тийм болохоор яг яахаа мэдэхгүй байсан. Гэхдээ шийдвэрээ гаргаад, би энэ чиглэлээр явахаар болоход манай гэр бүлийнхэн намайг бүрэн дэмжсэн. Бараг надаас илүү баярлаж байсан.
Энхжин: Би ч бас багаасаа зураг зурах дуртай байсан. Гэхдээ мэргэжлээ сонгохдоо зургийн чиглэл сонгоогүй арай өөрөөр сонгосон гэж түрүүн ярьсан шүү дээ. Тийм болохоор яг өөрийнхөө хоббигоороо юм хийе гэсэн чинь гэрийнхэн маань нэлээн гоёор хүлээж авсан. Манай эгч “Чи залуу, гэр бүл, хүүхэдтэй болж хэн нэгний нь өмнө хариуцлага хүлээгээгүй байгаа дээрээ өөрийнхөө хүссэн зүйлээ хий” гээд намайг өөрөө ч эргэлзэж байхад нэлээн түлхэц болсон доо.
YOLO: Монголд вебтүүн хийж ажиллах ер нь хэр байна?
Энхжин: Монголоос албан ёсоор вебтүүн гаргаад олон улсын зах зээл дээр байршуулж байгаа компани нэг их харагдаж байдаггүй.
Харин бидэн шиг өөрсдөө зураад гаргаж байгаа хувь артистууд хэд хэд харагддаг. Миний мэдэхээр тулаант, орчин үеийн, испортын төрлөөр гарч байсан.
Бидний вебтүүн романс фантази буюу эмэгтэйчүүдийн илүү үздэг фантази төрөл гэх юм уу.
YOLO: Вебтүүн байршуулаад орлого олох олох боломжтой байгаа юу, ер нь олж байгаа юу?
Хүслэнзаяа: Монголоос уг нь орлого олох бол боломж байгаа. Гэхдээ вебтүүнээ гаргаад шууд мөнгө олдоггүй. Үзэгчдийн тоо, хэр олон хүнд хүрч чадаж байна гэдгээсээ хамаардаг. Бид хоёр дөнгөж эхний хэдэн ангиа гаргаад эхэлсэн, уншигчдын тоо бага болохоор одоохондоо мөнгө олж эхлээгүй байгаа.
YOLO: Та хоёрт хамгийн их нөлөөлсөн вебтүүн юу вэ?
Энхжин: Романс-фантази жанрын бид хоёрын хоёулангийнх нь хамгийн анхны уншсан вебтүүн бол “One who made me princess” гээд бүтээл. Сүүлийн үед хийгдэж байгаа вебтүүнтэй харьцуулахад хүртэл гологдохооргүй үнэхээр гоё зураглалтай бүтээл. Миний хувьд анх уншаад чимэглэл, орчин, дүрүүдээ яаж зурсан бэ гэдэгт нь их татагдсан.Романс-фантази жанрт дурлахад нөлөөлсөн гэх үү дээ.

YOLO: Та хоёрт хамгийн анхны зургийн ноорог чинь байдаг уу?
Энхжин: Дижитал ноорог нь байгаа. Гэхдээ бид нарын одоо зурснаас бүүр шал өөр царай, биетэй, бараг адилхан гэж хэлчихээр юу ч байхгүй байх аа. /инээв/
Хүслэнзаяа: Одоо бол бид нар дүрүүдээ зан чанар, өөрт нь тохируулаад нэлээн засчихсан байгаа.
YOLO: Дүрийнхээ хувцас хувцсыг яаж гаргадаг вэ?
Энхжин: Бодсон юм байвал шууд зурчихдаг. Ихэнхдээ үзэгдлээ солих болгонд дүрүүдийнхээ хувцсыг солих гэж хичээдэг болохоор пинтерестээс тэр үеийн хувцасны загваруудыг хайна. Цаг үе болгонд өөр өөр хувцасны загвар байгаа шүү дээ. Тэд нараас жоохон санаа авдаг эсвэл заримыг нь харж байгаад зурдаг гэх юм уу. Яг өөрсдөө төсөөлөөд хамаагүй зурчихаар хааяадаа сонин харагддаг ч юм уу, зохихгүй юмнууд нэлээн гардаг. Бид мэргэжлийн дизайнерууд биш болохоор байх.
Хүслэнзаяа: Санаа аваад ерөнхийд нь зурчихаад, чимэглэл янз бүрийн жижиг юмнуудаа болохоороо нэмж чимэглээд явдаг.
YOLO: Вебтүүн хийснээр та хоёрын амьдралд юу өөрчлөгдсөн бэ?
Энхжин: Өөрсдийнхөө сонирхлоороо явж байгаа гэсэн бодолтой ажилладаг болохоор ядрах, стресстэх нь арай бага. Хэрвээ өөр нэг ажлын байран дээр нэг хүнтэй хамт ажиллаж байх тохиолдолд тухайн хүн алдаа гаргах үед “чи энэ дээрээ ингэж алдчихлаа” гээд байнга хэлээд байх юм бол хоорондоо маргаан гарах ч юмуу тийм тохиолдол гарч болно.
Бид хоёрын хувьд дундынхаа бүтээл дээр ажиллаж байгаа болохоор алдаа, засварын санаа нэг нь хэлэхэд нөгөө нь их уриалгахан хүлээж авдаг. Ийм юман дээр алдах гэж байсан байна шүү дээ. Мэдсэн нь ашгүй дээ гэдэг ч юм уу.
Хүслэнзаяа: Анги болгоноо дуусчихсан байхыг харахаар ямар нэгэн юм бүтээсэн гэсэн мэдрэмжээрээ тэжээгдээд их гоё байдаг.
YOLO: Та хоёрын ойрын 5-10 жилийн зорилго нь юу вэ?
Энхжин: Ойрын нэг жилдээ вебтүүнийхээ 15-20 ангийг гаргачих байх. Тренд болохоор алдартай вебтүүн болно гэсэн тийм том хүлээлт байхгүй. Гэхдээ ямар ч байсан хүмүүст хүрээд, тодорхой хэмжээний үзэгчтэй болно гэж найдаж байна.
Хэрвээ амжилттай явчих юм бол дахиад өөр вебтүүний санаанууд байгаа. Орчин үеийн эсвэл тулаант ч юм уу олон төрлийг туршиж үзэхийг хүсэж байна.
YOLO: Англи хэл дээр вебтүүн гаргахад хэлний бэрхшээл байдаг уу?
Хүслэнзаяа: Мэдээж хэрэг. Бид хоёр англи хэлд тийм ч сайн биш. Тийм болохоор дүрүүдийнхээ харилцан яриа, өгүүлэмж болгон дээр ахин дахин засаад нягталдаг гэх юм уу. Бид нар өөрсдөө давхар суралцаад л явж байна.
YOLO: Эдит хийдэг хүн байхгүй юу?
Энхжин: Байхгүй. Бид хоёр англи хэл дээр вэбтүүн уншдаг болохоор хэрэглэдэг үг, найруулгыг нь бага сага ойлгодог. Бас өөр хүнгүй хоёулаа л хийдэг болохоор аль болох өөрсдөө зохицуулахыг хичээдэг.

YOLO: Уншигчдаас комментууд хэр ирж байна?
Хүслэнзаяа: Манай вебтүүн гараад удаагүй болохоор тэгж их хандалтгүй л дээ. Гэхдээ зарим уншигчид маань үнэхээр хөөрхөн сэтгэгдэлүүд үлдээсэн байсан. Бидэнд их урам болсон.
Энхжин: Эхний 3, 4 анги дээрээ зохиолын агуулга гэхээсээ дүрүүдийг танилцуулаад, хоорондоо уулздаг ч юм уу тийм харилцааны хэсэг гардаг шүү дээ. Тийм болохоор лаг агуулгатай зохиол байна гэхээсээ илүү эгдүүтэй зураглалтай юм аа. Уур амьсгал нь хөөрхөн байна гэдэг ч юм уу иймэрхүү төрлийн коммент ирж байсан.
YOLO: Уншигчид нь гадаад хүмүүс ихэвчлэн байна уу? Монгол хүмүүс ихэвчлэн байна уу?
Энхжин: Гадаад хүмүүс ихэвчлэн байгаа гэж бодож байна. Монголд бид хоёрын эргэн тойрны хүмүүс л одоохондоо мэдэж байгаа болохоор.
YOLO: Фрийлансараар ямархуу ажил авч хийдэг вэ?
Энхжин: Вебтүүний арын дэвсгэр, бас дижитал зургийн ажил хийдэг.
YOLO: Уншигчиддаа хандан хэлэх зүйл байна уу?
Энхжин: Юун түрүүнд манай вэбтүүнийг сонгосонд баярлалаа. Энэ бид хоёрын анхны бүтээл болохоор дутагдалтай, сайжруулах зүйл олон байгаа гэж бодож байна. Хэрвээ бидэнтэй үргэлжлүүлэн хамт байвал илүү чанартай, сайн ангиудыг та бүхэнд хүргэхээр хичээх болно гэж хэлмээр байна.
YOLO: За баярлалаа охид оо.


890






