“Agent Kim Reactivated” кинонд тоглосон жүжигчин Вон Хён Жүн жүжигчин Ли Су Жинтэй ирэх сарын 4-нд хуримаа хийхээр болжээ.
Вон Хён Жүн өчигдөр өөрийн инстаграмаар дамжуулан хуримынхаа зургийг хуваалцаж, энэхүү мэдээг өөрөө зарласан байна.
Тэрээр “Энэ бүх хугацаанд намайг анхаарч, дэмжиж ирсэн хүмүүстээ хамгийн түрүүнд энэ мэдээг хүргэхийг хүссэн учраас ийнхүү бичиж байна. Би хамгийн эрхэм хүнтэйгээ үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлэхээр амласан” хэмээгээд хуримын ёслол нь аравдугаар сарын 4-нд болохыг мэдэгджээ.
Түүний сүйт бүсгүй нь жүжигчин Ли Су Жин юм. Тэд өмнө нь өнгөрсөн онд нээлтээ хийсэн Disney+ сувгийн “Hyper Knife” цувралд хамтран тоглож байжээ.

Ли Су Жин ч мөн инстаграмаараа дамжуулан уг мэдээг хуваалцсан байна.
Тэрээр “Жаахан ичингүйрч байгаа ч та бүхэнд сайхан мэдээ дуулгахыг хүсэж энэ захидлыг бичиж байна. Аравдугаар сарын 4-нд би хайртай хүнтэйгээ хамт амьдралынхаа шинэ бүлгийг эхлүүлэх гэж байна. Сэтгэл догдолж, бага зэрэг сандарч байгаа ч цаашдын амьдралынхаа мөч бүрийг хамт хуваалцах хүнтэй болсондоо үнэхээр талархаж байна. Бидний хамтын шинэ эхлэлийг халуун дотноор ерөөж өгвөл би баярлах болно” хэмээжээ.
Вон Хён Жүн 2009 оны “IRIS” драмын бүтээлээр жүжигчний гараагаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш “Itaewon Class”, “Low Life” зэрэг олон бүтээлд тоглосон байна. Тэрээр саяхан “Agent Kim Reactivated” кинонд Кан Гүк Чоль-ийн дүрийг бүтээснээрээ үзэгчдийн анхаарлыг татсан юм.
Харин Ли Су Жин 2019 онд “The Running Mates” бүтээлээр жүжигчний гараагаа эхлүүлж, түүнээс хойш “Delightfully Deceitful”, “When the Phone Rings” зэрэг олон бүтээлд тогложээ.


7483






