ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 14-нд дуусна


Үжин | YOLO.MN
2017-02-02

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар өчигдөр 09:00 цагт эхэллээ. Бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ны 18:00 цагт дуусна.

Элсэгчид Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгч, дараагийн шалгалт өгөх эрх нь нээгдэх юм.

“Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо нь 400-гаас доош бол дараагийн шалгалтад орохгүй гэж байсан өнгөрсөн жилийн шалгуурыг хүчингүй болгосон. Монгол хэлний шалгалтын даалгаврын дөрөвний нэгээс доошгүй хувь нь монгол бичгийн хичээлийн даалгавар байх бөгөөд тухайн шалгуулагчийн элсэлтийн шалгалтын оноо 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна” гэж Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат ярилаа.

ЭЕШ-ын хураамж шалгалт тус бүрт 5800 төгрөг, батламж хуудас нь 700 төгрөгийн үнэтэй. Шалгалтад цахим үнэмлэх, цээж зураг, интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон paycode, и-мэйл хаягаар бүртгүүлнэ.

Энэ жилийн хувьд монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад сонсох чадварыг шалгах даалгаврууд нэмж оруулах аж.

Шалгалтад орохдоо бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд бололвсролын үнэмлэх, цахим үнэмлэх шаардлагатай. Шалгуулагч шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтаас авах боломжтой.

#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ #Lesson