Стрессээ удирдаж сурахад туслах 7 арга


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-05-15

Стресс гэдэг нь гэнэтийн, санамсаргүй, тааламжгүй явдлуудаас болж сэтгэл санаа, бие махбод доройтон хямрах үзэгдлийг нэрлэдэг. Насанд хүрэгчид болон хүүхдүүдийн ихэнх нь өдөр тутамдаа стресст өртөж байдаг аж. Стресс нь мөнгө санхүү, ажил, хувийн харилцаа болон бусад нөхцөл байдлаас болж үүсдэг бөгөөд зүрх судасны өвчин, ходоодны шарх, жин нэмэх, сэтгэл гутрал гээд олон өвчний үндэс суурь болдог байна. Тиймээс стрессээ удирдаж сурах нь олон эерэг үр дагавартай.  

TalentSmart компаниас сая гаруй хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар шилдэг гүйцэтгэлтэй хүмүүсийн 90 хувь нь тайван байдлаа хадгалж үлдэхийн тулд стресстсэн үедээ сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай байдаг гэжээ. Ингээд стрессээ удирдаж сурахад туслах долоон аргыг танилцуулж байна. 

Цахим орчин, мэдээллийн хэрэгслээ түр хаагаарай

Утас, зурагт, компьютерийн дэлгэцээ түр хаагаад, өөрийгөө амраагаарай. Мэдээллийн хэрэгслээр мэдээ үзэж, мэдээлэлтэй байх хэрэгтэй ч хэт их мэдээлэл сонсох нь заримдаа стрессийг бий болгодог байна. Тиймээс цахим орчин, мэдээллийн хэрэгслээсээ түр татгалзах нь стрессийг бууруулахад чухал нөлөөтэй.  

Өөртөө анхаарал тавиарай

Эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хий. Хангалттай сайн унтаж амар. Стресстсэн бол гүнзгий амьсгаа аван бясалгах эсвэл сунгалтын дасгал хийгээрэй. Энэ нь тайвширлыг мэдрүүлж, стресс үүсгэгч хүчин зүйлүүдээс хол байлгахад тусална.   

Архи, тамхи, согтууруулах зүйлсээс татгалз

Архи, тамхи, согтууруулах ундааг хэрэглэх үед стрессийг бууруулж, тайвшруулж байгаа мэт санагддаг. Гэвч энэ нь түр зуурын л тайвшрал юм. Үүний дараа чи илүү ихээр стресстсэн байх болно. Тиймээс аль болох согтууруулах ундаа, тамхинаас татгалзаарай.  

Амрах цаг гарга

Өөртөө байнга хатуу хандаж, шаргуу хөдөлмөрлөх нь стрессийг үүсгэх гол хүчин зүйлд тооцогддог. Тиймээс өөртөө амрах цаг гаргаарай. Чөлөөт цагаараа дуртай киногоо үз, дуртай хоолоо хийж ид. Юу ч хийхгүй нэг өдөр залхуурч хэвт. Найзуудтайгаа уулз. Энэ нь стрессийг багасгаж, өөрийгөө эрч хүчээр цэнэглэх хамгийн том цэнэглэгч болно.  

Бусадтай ярилц

Яагаад стресстсэн, юу чиний дургүйг хүргэсэн, аль нь болохгүй байна гээд өөрийнхөө ойлгохгүй байгаа бүх зүйлсээ гэр бүлийнхэн, найз нөхөд, ойр дотныхондоо хэлээрэй. Зөвхөн өөрийгөө зовоогоод стресстээд байлгүй бусдад хэлж гадагшлуулах нь стрессийг удирдах хамгийн чухал түлхүүр юм шүү.  

Дуу хөгжим сонс

Өөрийгөө тайвшруулах бас нэгэн алхам бол дуу хөгжим билээ. Дуртай дуугаа алхангаа сонсоод үзээрэй. Таны стрессийг бууруулах нь гарцаагүй.  

Хүлээж авах хандлагаа өөрчил

Стресс бүхэн сөрөг үр дагавартай байдаггүй. Энэ нь тухайн стрессийг хэрхэн хүлээж авч буй таны хариу үйлдлээс шалтгаалан эерэг байж болдог байна. Тиймээс стрессийг хүлээж авах хандлагаа өөрчлөөрэй. 

#сонирхолтой #хэрэгтэй