Анхаарлаа төвлөрүүлэхэд туслах аргууд


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-03-30

Хичээлийн бие даалт, гэрийн даалгавраа хийх, чухал шалгалтдаа бэлдэх хэрэгтэй ч анхаарал тань нэг л төвлөрч өгөхгүй байна уу? Номоо дэлгээд олон дахин уншсан ч тогтоогдохгүй байнга л өөр зүйл бодогдох, өглөөнөөс орой болтол суусан ч олигтой ахиц, үр дүнгүй байх зэрэг асуудалтай байгаа хүмүүст зориулан анхаарал төвлөрүүлэх аргуудыг танилцуулъя. 

Анхаарал төвлөрөл гэдэг нь оюун санааг нэг бодол, объект дээр төвлөрүүлж, бусад бодол, мэдрэмжийг үгүйсгэх, түр хугацаанд мартах чадвар юм. Хангалттай сайн нойроо авч чадаагүй, тэжээллэг хоол хүнс идээгүй, сэтгэлээр унасан, стресстсэн, биеийн байдал тааруу, дасгал хөдөлгөөн хийхгүй байх зэрэг олон шалтгаанаас болж анхаарал төвлөрдөггүй байна. Тиймээс дараах аргуудыг туршаад үзээрэй. 

Анхаарал сарниулах зүйлсээс хол байх 

Судлаачдын мэдээлснээр утас унтраалттай эсвэл нүднээс далд байгаа үед хүний танин мэдэхүйн чадвар нь мэдэгдэхүйц сайжирдаг болохыг тогтоожээ. Тиймээс сошиал медиа болон бусад программуудын мэдэгдлийн дууг нь хааж, нүднээс далд байлгаж, хийх ёстой зүйлээ дуусгахад анхаарлаа хандуулаарай. Мөн энэ үед чимээ багатай газар буюу кофе шоп, номын санд суух нь бүтээмж өндөр байна.  

Сайн унтаж, амрах 

Хүн найман цаг унтах ёстой шүү дээ. Тиймээс аль болох бүтэн нойроо авах хэрэгтэй. Бүтэн нойроо авсан хүн сэргэлэн цовоо болдог ба оюун ухаан нь ч илүү сэргэг ажилладаг. Унтахын өмнө компьютер, утас, таблет гэх мэт электрон төхөөрөмжийг ашиглахаас зайлсхийж байгаарай.  

Орчноо бэлтгэх 

Ширээгээ эмх замбараагүй байлгах, өрөө бүгчим байх эсвэл хэт тод гэрэлтэй байхаас шалтгаалан анхаарал төвлөрөлтөд нөлөөлж байдаг. Тиймээс аль болох өрөөгөө цэвэрхэн, эмх замбараагүй зүйлсийг нүднээсээ хол байлгаж, тав тухтай, агааржуулалт сайтай байхыг хичээгээрэй.  

Богино завсарлага авах 

Хүн нэг зүйлдээ хэт удаан төвлөрч чаддаггүй. Тиймдээ ч ямар ч зүйл хийсэн дунд нь заавал завсарлага авах хэрэгтэй. Хамтрагч нөхөд, найзуудтайгаа хөгжилтэй яриа өрнүүлэх, кофе уух, дасгал хөдөлгөөн хийх, сошиалаа шалгах, алхах, хөнгөн тоглоом тоглох зэрэг олон янзаар завсарлаж болно. Үүний дараа ажлаа үргэлжлүүлэх нь оюун санааны төвлөрлийг илүү сайжруулж, үр бүтээмж нь өндөр байна.  

Дасгал хөдөлгөөн хийх 

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь ой санамж, төвлөрөл, оюун санааны идэвхтэй үйл ажиллагаанд нөлөөлдөг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Ямар нэг төрлийн дасгал, спортоор хичээллэдэг хүмүүс дасгал хийдэггүй хүнтэй харьцуулахад танин мэдэхүй, ой тогтоолт нь илүү сайн ажилладаг байна. Бие болон сэтгэл хоёр хоорондоо нягт холбоотой байдаг тул бие сайжирвал таны оюун ухаан ч мөн адил сайжирдаг байна.  

Дуу, хөгжим сонсох 

Дуу хөгжим нь бидний тархинд олон эерэг нөлөө үзүүлдэг аж. Хөнгөн хэмнэлтэй ая сонсох нь анхаарал төвлөрүүлэхэд тусалж болох ч зарим чанга хэмнэлтэй дуунууд таны анхаарлыг сарниулж болзошгүй. Сонгодог хөгжим, байгалийн дуу чимээ, усны урсгал, бороо дуслах чимээ зэргийг сонсох нь анхаарал төвлөрүүлэхээс гадна тайвшруулах мэдрэмж төрүүлдэг онцлогтой.  

Бясалгал хийх 

Бясалгал хийх нь оюун санааны чийрэгжилтийг бэхжүүлж, анхаарал төвлөрлийг сайжруулдаг. Бясалгалын явцад бидний тархи болон бие тайвширч, анхаарал төвлөрөлт дээд цэгтээ хүрдэг байна.  

Цагийн менежментийн аргуудыг ашиглах 

Цагаа зохицуулж сурах нь анхаарлаа зөв зүйлд төвлөрүүлэх чухал алхам болдог. Доор цагийн менежментийн аргуудаас дурдлаа. Өөртөө тохирох аргачлалыг сонгоорой. 

Эйзенхауэрийн зарчим – Үүнийг АBC зарчим гэж нэрлэдэг. Хамгийн чухал, яаралтай хийх ажлуудаа А ангилалд, чухал хэдий ч хугацаа нь болоогүй ажлаа В ангилалд, харин хийхгүй байсан ч болох ажлуудаа С ангилалд багтаан авч үздэг байна.  

Pomodoro арга – 25 минутын турш тухайн зүйлээ хийнэ. 5 минут завсарласны дараа дахин 25 минут хийх журмаар ажиллана. 

60:40-ийн дүрэм – Тухайн өдөр бидний зарцуулах цагийн 60 хувьд нь гол төлөвлөсөн ажлуудаа хийх. 20 хувь нь гэнэт гарсан ажлуудаа амжуулж болно. Харин үлдсэн 20 хувь нь цаг хугацаа нь төлөвлөх боломжгүй ч зайлшгүй хийх шаардлагатай ажлууд хийнэ.  

 

 

#нийтлэл