TOP, Action, Nirzed, ICY нар "Team Falcons" багт нэгдлээ


А.Эрхэмбаяр | YOLO.MN
2024-03-26

  • Хуучин "Stalwart Esports" багийн тоглогчид шинэ багтай боллоо.
  • Тэд Саудын Арабын  "Team Falcons" багтай гэрээ байгуулав.

Сүүлийн гурван жилд PUBG Mobile-ын ертөнцийг донсолгож яваа TOP /А.Бүрэнбаяр/, Action /Г.Сүхбат/, Nirzed /Нүрзэд/, ICY /Б.Тэнгис/, Senator /Б.Жаргалсайхан/ нарын монгол залуус "Team Falcons" багт нэгдлээ.

Тодруулбал, "Stalwart Esports" багийн нэр дээр Өмнөд Азийн дөрвөн удаагийн аварга болж өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн залуус Энэтхэгийн багаас гэрээгээ цуцалж "Sky Force" нэртэйгээр тоглож байсан юм.

Шинээр гэрээ байгуулах багуудаас санал хүлээж байсан тэд э-спортын ертөнцөд хүч түрэн орж ирж буй Саудын Арабын багийн нэр дээр тоглохоор боллоо. "Team Falcons" багийн дараагийн тэмцээн "PUBG Mobile Global Open 2024"-ын урьдчилсан шат байх юм.

Арабын орнууд тэр дундаа Саудын Араб улс өнгөрсөн оноос эхлэн цахим спортод маш их хөрөнгө оруулж байгаа бөгөөд CS2, DOTA2-т дэлхийн шилдгүүдээс бүрдэх багуудыг бүрдүүлж эхнээсээ амжилт гаргаад эхэлсэн билээ.

Тухайлбал, CS2-ын багийн дасгалжуулагчаар дэлхийн аварга zonic ажиллаж байгаа бөгөөд Magisk, maden, SunPayus, Snappi, BOROS зэрэг шилдгүүдээр багаа бүрдүүлсэн. Харин DOTA2-ын багийг мөн л дэлхийн аварга Aui_2000 удирдаж байгаа бөгөөд skiter, Malr1ne, ATF, Cr1t-, Sneyking гэсэн бүрэлдэхүүнээр 22 дахь удаагийн "DreamLeague"-т түрүүлээд байна.

#мэдээ