Эрэлттэй мэргэжлээр, хос дипломтой, 100 хувийн тэтгэлэгтэй төгсөх хөтөлбөр зарлажээ


Б.Азбаяр | YOLO.MN
2024-01-17

Улсын хэмжээнд соёлын биет өвийг сэргээн засварлах ердөө 20 хүн ажилладаг аж. Энэ онд энэ 20 хүний хоёр нь өндөр насны амралтаа авна. 

Эл мэргэжилтнээр дутагдалтай байгаагийн шалтгаан нь дотооддоо мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөргүй, энэ мэргэжлийн талаарх нийтийн ойлголт муу, цалин бага. Тиймээс эрэлттэй мэргэжлийн жагсаалтад багтах болж, шилдэг суралцагчдад тэтгэлэг олгоход Засгийн газраас анхаарах болжээ. 

Энэ хүрээнд Соёлын яам БНСУ-ын Гунжү их сургуулийн “Соёлын өвийн хамгаалалтын шинжлэх ухааны тэнхим”-тэй хамтран “Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” төслийг 2020 онд эхлүүлсэн аж. Тус оноос хойш мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулж, өнгөрсөн оноос эхлэн “Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын технологи”-ийн бакалавр, магистрын ангидаа оюутан элсүүлж эхэлжээ. 

Тус мэргэжлээр суралцах сонирхолтой залуус 100 хувийн тэтгэлгээр суралцахын зэрэгцээ гурван жил нь Монголд нэг жил нь Солонгост сурч, хос дипломтой төгсөх юм байна. 

#мэдээ